УИХ дахь 65-ын бүлэг Засгийн газартаа хариуцлага тооцож унагасан дуулиан дарагдаагүй байтал Сүхбаатар аймгийн Иргэдийн хурал дахь МАН-ын бүлгийн хэсэг төлөөлөгч нь Засаг дарга З.Энхтөрийнхөө үйл ажиллагааг эсэргүүцэж, огцруулах асуудлыг зохион байгуулж эхэлжээ. Ингэхдээ Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчидтэй сэм хуйвалдаж байгаа гэх.
Албан тушаалаас нь огцруулах болсон үндэслэлээ намын нөхөд нь сонгуулийн үйл ажиллагааных нь санхүүжилтэд хувь нэмэр оруулсан хүмүүсээр багаа бүрдүүлсэн, өөр аймаг, дүүрэгт ажиллаж, амьдарч байсан “үүргэвчтэй аяллынханд” албан тушаал өгсөн гэж буруутгаж буй аж. Мөн “Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд зөвхөн өөртөө болон хамсаатнууддаа мөнгө олохын төлөө ажилласан, хэрүүл тэмцлээс өөр юу ч хийж бүтээгээгүй, аймагтаа байдаггүй, байнга гадаад руу томилолтоор явдаг нь орон нутаг дахь Ардын намын хагарлыг улам гүнзгийрүүлж байгаа” гэж эх сурвалж ярилаа.
Хэрэв түүнд одоо хариуцлага тооцохгүй дураар нь дургиулбал Сүхбаатар аймаг дахь МАН-ынхан 2020 оны сонгуульд суудал ч үгүй үлдэх эрсдэлтэй гэж гишүүд нь үзэж буй аж.
Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах Ардчилсан нам болон МАН-ын суудлын тоо ойролцоо. Ардчилсан намынхны хувьд Засаг дарга З.Энхтөрийг ажлаа эхлүүлсэн цагаас бодлогыг нь эсэргүүцэж, огцруулах санал гаргаж байсан ч бүтэлгүйтэж ирсэн. Харин энэ удаад намын нөхөд нь огцруулах санаачилга гаргасан нь гар өргөн дэмжих шалтгаан болж буй ажээ.
Гэхдээ Сүхбаатар аймгийн Засаг дарга суудалдаа үлдэх эсэх нь МАН-ын дарга хэн болохоос, мөн Засгийн газрыг хэний фракц удирдах вэ гэдгээс ихээхэн шалтгаална гэж хоног тоолох гишүүн ч бий юм байна.
Г.ХОРОЛ