Аз жаргалтай амьдралын хамгийн чухал хүчин зүйлс бол секс, нойр хоёр гэнэ.
Английн Нийгмийн судалгааны үндэсний төвийн эрдэмтэн, судлаачид аз жаргалын индексийг шинээр тодорхойлохдоо ингэж дүгнэжээ. Тэд мөнгөөр аз жаргалыг худалдан авч болохгүй гэдэгт санал нэгдсэн байна.
Судлаачид 8250 британи хүнийг хамруулж, судалгааны үндсэн үзүүлэлтийг оноогоор дүгнэх маягаар ажлаа явуулжээ.
Тухайлбал, хоногт хамгийн олон цаг унтсан хүн хангалттай нойр авч чадаагүй нэгнээс 15 оноогоор илүү, харин сексийн амьдралдаа сэтгэл ханамжгүй байдаг хүмүүс сексийн давтамж, чанарт сэтгэл хангалуун байдаг хүмүүсээс 7 оноогоор бага үнэлэгджээ. Гэтэл судалгаанд хамрагдагсдаас хамгийн бага болох 12.5 мянган фунтын орлоготой хүн, хамгийн их болох 50 мянган фунтын орлоготой хүний хоорондох ялгаа ердөө 2 онооны зөрүүтэй байсан гэнэ.
Нэгэнт олж байгаа мөнгөний хэмжээгээр аз жаргал хэмжигдэхгүй учраас хөрөнгө мөнгө хуримтлуулах гэж морь мал мэт зүтгэхийн оронд хангалттай унтаж амарч, сексийн харилцаагаа халуухан болгох тал дээр анхаарах нь зохистой гэж судлаачид зөвлөжээ.
С.ЦЭЛМЭГ