Терроризмын аюулаас сэргийлэх, аюулгүй байдлыг хангах үүднээс Эйфелийн цамхгийн суурь хэсэгт сум нэвтрүүлдэггүй шилэн хана босгохоор болжээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Парист хэд хэдэн удаагийн террорист халдлага гарч, 200 гаруй хүний амь эрсэдсэний дараа хотын захиргаа ийм шийдвэр гаргасан байна.
2.5 метр өндөр шилэн ханыг барих ажил есөн сар үргэлжилж, түүнд 36 сая ам.доллар зарцуулах тухай Парисын Аялал жуулчлалын газрын дарга Жон-Франсуа Мартинс хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Барилгын ажил ойрын хугацаанд эхлэх гэнэ.
Жилийн аль ч үед жуулчдын хөл тасардаггүй Эйфелийн цамхагт аюулгүй байдал, эмх журам сахиулах цагдаагийн хэлтэс ажилладаг. Гэхдээ аюулгүй байдлыг улам бүр сайжруулах зорилгоор шилэн хана барих асуудлыг Парис хотын удирдлага өнгөрсөн гуравдугаар сард анх шийдвэрлэсэн юм.
Мартинсын онцолсноор шилэн хана барих ажил зочдын урсгалд ямар нэг байдлаар саад учруулахгүй, жуулчид чирэгдэлгүйгээр цамхаг руу орж, гарч болох гэнэ.
Түүнээс гадна 2018 оноос Эйфелийн цамхгийг өнгийг сэргээж, засварлан будах ажлыг эхлүүлэх аж. Хоёр жилийн хугацаанд цамхгийн гадаад үзэмжийг бүрэн засварлаж дуусгахаар төлөвлөжээ. Мөн цахилгаан шатыг шинээр суурилуулах ба энэ ажилд ч бас дахин хоёр жил зарцуулах гэнэ.
С.ЦЭЛМЭГ