“NEWS” агентлаг “Шинэ нэр” булангийнхаа шинэ зочноор Гавьяат жүжигчин Г.Дашхүү агсны хүү Д.Галбадрахыг онцолж байна.
Д.Галбадрах Хөгжим, бүжгийн коллеж, Соёл урлагийн их сургууль болон Шведийн Лиллийн хөгжмийн академи, Шведийн Хааны хөгжмийн академи, АНУ-ын Бостоны их сургуульд суралцан, хөгжмийн боловсрол эзэмшсэн, шилдэг залуу уран бүтээлч юм.
ДАШХҮҮ ГАЛБАДРАХ: 1982.10.08.
Төгссөн сургууль:
Хөгжим, бүжгийн коллеж, хийл хөгжмийн анги /1990-2002 он/
Соёл урлагийн их сургууль, гоцлол хөгжмийн анги /2004-2007 он/
Шведийн Лиллийн хөгжмийн академи /2007-2008 он/
Шведийн Хааны хөгжмийн их сургууль /2008-2012 он/
АНУ-ын Бостоны их сургууль /2014-2016 он/
Мэргэжил: Хийлч
Одоо эрхэлж буй ажил: Хөгжим бүжгийн их сургуульд хийл хөгжмийн багш
Сошиал хуудас: Galbadrakh Dashkhuu /фэйсбүүк/
АНХНЫ АМЖИЛТ
-Би Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн хоёрхон удаа л оролцож байсан. Анх нэг, хоёрдугаар уралдаанд бага насны ангилалд оролцоод л өнгөрсөн. Дараа нь хоёрдугаар курст суралцаж байхдаа гуравдугаар байранд орсон. Миний хувьд яг хөгжимдөө дурлаж, хэнээр ч хэлүүлэхгүйгээр хөгжмөө давтаж эхэлсэн цаг хугацаа бол хамгийн том амжилт. Наймдугаар ангиасаа эхлээд хийл хөгжмийнхөө амтыг мэдэрч эхэлсэн минь л илүү утга учиртай байсан. Одоо цагт гадаад харилцаа хөгжөөд маш олон уралдаан тэмцээнд оролцох боломжтой болсон байна. Миний үеийнхний суралцаж байсан 1996 оны үед гадаад руу тэмцээнд явахаас илүүтэй өмнөх бэлтгэлээ л хийдэг байсан. Тэгсэн би золоор 2001 онд Германд болсон “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнд оролцох завшаан тохиосон. Тэмцээнд надтай хамт хоёр хүүхэд оролцож байсан юм. Тэр тэмцээнд байр эзэлж, амжилт гаргаагүй ч нүд нээгдсэн. Тэндээс л хөгжим яаж дуугардаг, ямар утга учиртай юм, сонгодог хөгжим гэж юу вэ гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Тэр цагаас хойш өөрийгөө хаана хүрэх замаа олж харсан гэж хэлж болно. Тэр бол миний хамгийн том амжилт.
АНХ ХЭДЭН НАСТАЙДАА ХӨГЖИМ ТОГЛОЖ СУРСАН БЭ?
-Би багаасаа зураг зурах дуртай, аливаад нягт нямбай хандах гэж хичээдэг байсан. Тийм учраас аав, ээж хоёр намайг зураач юм уу, эмч болно гэж ярьдаг байсан л даа. Манай эгч ятга тоглодог байсан болохоор аав бид хоёр нэг удаа Хөгжим, бүжгийн коллежид эгчийг шалгуулахаар очсон юм. Гэтэл эгч маань яагаад ч юм шалгалтдаа тэнцээгүй. Тэгсэн аав “Хоёулаа нэг шалгуулаад үзье” гээд шалгуулсан чинь би тэнцчихсэн. Тэгж л анх найман настайдаа Хөгжим, бүжгийн коллежийн хийлийн ангид орж байлаа.
Намайг нэгдүгээр ангид ороход ээжтэй хамт ажилладаг байсан хуурай ээж минь анх хийл бэлэглэж байсан. Ер нь тэр үед яг ямар хөгжмийн ангид орж байгаагаа ч сайн мэдэхгүй л сургуульд орсон. Ихэнх хүүхдүүдийн хувьд ч сайн мэддэггүй шүү дээ. Би ер нь нилээн том болсон хойноо хөгжимдөө илүү дуртай болж, бүх цагаа зориулж эхэлсэн. Аав, ээж маань хоёулаа урлагийн хүмүүс байсан учраас миний бага нас “Монгол кино” үйлдвэр, театр хоёрт л өнгөрсөн дөө.
ААВ ТАНЬ ГЕРМАНААС ХИЙЛ АВЧИРЧ, БЭЛЭГЛЭЖ БАЙСАН ГЭСЭН. ОДОО ТЭР ХӨГЖИМ НЬ БИЙ ЮУ?
-Аав маань 1980-аад оны дундуур Герман улс руу тоглолтоор явахдаа тэндээс нэг хийл хөгжим худалдаж авсан юм билээ. Тэгэхэд би дөнгөж гурав, дөрвөн настай л байсан байх. Намайг сургуульд орсны дараа л аав “Театр дээр нэг том хийл хөгжим байгаа.Чи тэр хөгжмийг том болохоороо бариарай ” гэж хэлдэг байсан. Хийл хөгжмийн хамгийн том нь 4/4 хэмжээтэй байдаг. Тийм том хийл хөгжим байсан л даа. Би багын жижиг биетэй хүүхэд байсан болохоор тэр хөгжмийг оюутан болсон хойно л барьж эхэлсэн. Тухайн үед тэр хийлийг театрын зарим жүжигт ашигладаг байсан болохоор нэлээд хуучирсан байсан. Тэгээд би нэг мастерт өгч янзлууллаа. Нөгөө мастер маань “Би нэг гоё өнгө гаргасан” гээд хар ногоон өнгөөр будаж өгсөн юм. Зарим нь намайг “Хар хийлтэй” гэж шоолдог л байсан. Гэхдээ их сайхан дуутай, гоё хөгжим байсан шүү. Би гурван жил тэр хийлээрээ тоглоод, түүнийгээ зараад арай сайн хөгжим худалдан авсан. Ерөнхийдөө хөгжимчид үргэлж хөгжмөө сайжруулж, шинэчилдэг.
ХИЙЛ ХӨГЖМИЙГ ХАТАН ХӨГЖИМ ГЭДЭГ. ХАТАН ХӨГЖМИЙГ ЭРЭГТЭЙ ХҮН ТОГЛОХОД ХЭР ТОХИРОМЖТОЙ ВЭ?
-Хийл хөгжим гоолиг хэлбэртэй, жижигхэн учраас илүү эмэгтэй хүнд тохирдог гэсэн ойлголт байдаг. Гэтэл хийлчдийн ихэнх нь эрчүүд. Ямар ч хөгжмийг бүрэн эзэмшихийн тулд олон жилийн уйгагүй хөдөлмөрөөс гадна системтэй сургалт, амьдралыг шаарддаг юм. Тиймээс байнгын бэлтгэл сургууль, давталтын ачааллыг эмэгтэй хүн авч явах боломж бага байдаг болов уу. Мэдээж алдартай гоцлол хийл хөгжимчин эмэгтэйчүүд олон бий. Гэхдээ тооны хувьд эрэгтэй хийлчид илүү жин дардаг. Жишээ нь сонгодог хөгжимчид оройтож гэр бүлтэй болдог. Манай орны жишээгээр л гэхэд хөгжимчин хүн бараг 20 жилийн тасралтгүй сургалтыг даван гарч байж мэргэжлийн хөгжимчин бий болдог. Мөн үүний дараагаар өөрийнхөө карьерыг эхлүүлнэ шүү дээ. Тэрнээс биш эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан хөгжим гэж байхгүй л дээ.
ТА ӨМНӨ НЬ “СОНГОДОГ ГУРВАЛ” ТОГЛОЛТОО ХИЙЖ БАЙСАН. ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР УРАН БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАСАН БЭ?
-Би 2013 онд Шведийн Хааны хөгжмийн их сургуулийг төгсөж ирээд Хөгжим, бүжгийн коллежид багшилж байсан юм. Тэгсэн манай ангийн найз, төгөлдөр хуурч Оюунгэрэл гурвуулаа хамтарч тоглолт хийе гэдэг санаачлагыг гаргасан. Бид өмнө нь ганц, хоёроороо хоршиж тоглодог байсан ч гурвуулаа хамтарч тоглодоггүй байсан юм билээ. Хоёр чадварлаг найзтайгаа ярилцаад Л.Бетховены гурвалд зориулсан концерт, Ф.Мендельсоны зохиолоос тоглосон. Мөн морин хийлч Ц.Бэхбат найз маань Шведээс ирж, АНУ-аас удирдаач залууг урьж хамтдаа сайхан тоглолт хийж байсан.
Би тэр тоглолтоо хийсний дараагаар намар нь АНУ-ын Бостоны их сургууль мастер хамгаалахаар явсан. Тэр жил л эх орондоо ирээд гурван ч тоглолт хийсэн. Хоёр дахь тоглолтоо сургууль дээрээ гоцлол хөгжмөөр хийсэн бол дараа нь эхнэртэйгээ хамтран төгөлдөр хуур, хийл хөгжмийн хоршил тоглолт хийсэн. Эхнэр маань Хөгжим, бүжгийн коллежийн төгөлдөр хуур хөгжмийн ангийг төгссөн юм. Тэрнээс хойш Монголд байгаагүй учраас тоглолт хийж амжаагүй л явна.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Хөлбөмбөгийн фанат. Хүүхэд байхаасаа л Аргентины багийг дэмждэг байлаа. Харин хөлбөмбөгийн клубээс “Барселона” багийг дэмждэг юм. Би хэчнээн их ажилтай, завгүй байсан ч гэсэн дэмждэг багийнхаа тоглолтыг заавал үзнэ. Хүүхэд байхдаа хөл бөмбөг тоглодог маш их сонирхож, тоглодог байсан. Сүүлийн жилүүдэд гадаад руу сургуульд суралцаад талбай дээр хөл бөмбөг тоглох боломж ч гарахгүй байна.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Энэ жилдээ өөрийн бие даасан хоёр тоглолтыг хийхээр төлөвлөөд байна. Сонгодог хөгжимчдийн тоглолт ихэвчлэн сүр дуулиан багатай болдог. Учир нь монголд сонгодог хөгжмийн хамрах хүрээлэл нь хязгаарлагдмал байдаг. Тэгэхээр бид Улсын филармони болон Хөгжим, бүжгийн их сургуулийн концертын танхимд тоглолтоо хийдэг юм. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт оркестртой тоглолт хийвэл тоглож болно.
Цаашдаа би багшлах тал дээрээ илүү анхаарч ажиллахыг зорьж байна. Энэ жил Хөгжим, бүжгийн их сургуулийн 80 жилийн ой тохиож байгаа. Төрөлх сургууль маань энэ жил албан ёсоор “Их сургууль” гэдэг статусаа авсан. Энэ бол шавь нарынхаа төлөө бүхий л амьдралаа зориулсан үе үеийн багш нарын маань нөр их хүч хөдөлмөрийн үр дүн. Тиймээс энэ жил манай сургуулийнхан ойн тоглолт, арга хэмжээ гээд маш завгүй л ажиллах байх.
ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?
-Миний хувьд сургуулийнхаа үе үеийн багш нартайгаа адилхан мөрөөдлийг мөрөөддөг. Монголын сонгодог урлаг дэлхийн сонгодог урлагийн жишигт хүргэхийг хүсдэг. Энэ бол сонгодог урлагт хайртай маш олон хүний зорилго мөрөөдөл. Миний хувьд ч гэсэн эх орондоо сонгодог урлагийг хөгжүүлэхийг хичээж явна. Тийм учраас өөрийнхөө чадах хэмжээнд оюутнуудаа бэлтгэж, сайн хөгжимчдийг төрүүлэх болно. Дэлхийн бүхий л мундаг хөгжимчид багшилдаг. Бас сайн багш нар үргэлж хөгжмөө тоглож байх хэрэгтэй. Ингэснээр сайн тоглож буй хөгжмөө бусдад зааж сургана. Тиймээс хөгжимчин хүн үргэлж хөгжмөө тоглож, багшилж байх нь чухал байдаг.
МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?
-Миний бодлоор өөрийн сонгон суралцсан мэргэжлээр, хийж чадах ажлаа тууштай, үнэнчээр хийвэл Монгол Улс илүү хөгжих юм шиг санагддаг. Жишээ нь би хөгжимчин мэргэжилтэй учраас сонгодог урлагаа хөгжүүлэх төлөө ажиллаж, сурагчдадаа зааж сургана. Гэтэл өнөөдөр цоо шинээр сошиал ертөнц үүсээд байна шүү дээ. Тэр ертөнцөд хүн бүр бүхнийг чадагч болчихсон юм шиг санагддаг. Гэтэл тэдэнд яг үнэндээ маш хийж чадах ганц л авьяасыг бурхнаас заяасан байгаа шүү дээ. Жишээ нь, би хөгжимчин байж улс төрийн салбар руу орохгүй. Тэгэхээр өөрийн чадах зүйлдээ л анхаарлаа хандуулж, түүнийгээ маш сайн гүйцэтгэж байгаарай гэж зөвлөмөөр байна. “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог” гэдэг зүйр үг бий шүү дээ.
Гэрэл зургийг Н.Батмөнх
Холбоотой мэдээ