АНУ армийн зардлаа 700 тэрбум ам.доллар хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

АНУ армийн зардлаа 700 тэрбум ам.доллар хүргэнэ

Цагдаагийн ерөнхий газрын зөвлөл уржигдар хуралдаж хөрөнгө орлогоо мэдүүлэхээс татгалзсан, нуусан хурандаа нарыг ажлаас нь халах шийдвэр гаргажээ.

АНУ-ын Сенат армийн зардлаа 700 тэрбум ам.доллар болгож өсгөх хуулийн төслийг баталсан нь зэвсэгт хүчний зардлыг Ирак, Афганистаны дайны үед ч байгаагүй ихээр нэмсэн хэрэг болов. 

Бүгд найрамдахчууд давамгайлсан Сенатын танхимын гишүүдийн 89 саналаар 2018 оны батлан хамгаалах зардлыг өсгөх хуулийн төслийг дэмжсэн байна. Нийт зардлын 640 тэрбум ам.долларыг зэвсэг техникийн худалдан авалт, цэргүүдийн цалин хөлс зэрэг Пентагоны гол үйл ажиллагаанд зарцуулах бол 60 тэрбум ам.долларыг Афганистан, Ирак, Сири зэрэг зөрчил мөргөлдөөнтэй улс орнуудад цэргийн үйл ажиллагаа явуулахад зарцуулах тухай хуульд заажээ. 

Нийт 1215 хуудас бүхий хуулийн төсөлд цэргүүдийн цалин хөлсийг 2.1 хувиар нэмэх, АНУ болон холбоотон орнуудад Хойд Солонгосын зүгээс цөмийн аюул, заналхийлэл улам нэмэгдсэнээс болж пуужингаас хамгаалах системийн хүчин чадлыг сайжруулахад 8.5 тэрбум ам.доллар гэх мэт өргөн хүрээтэй нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Хуульд мөн Москвад төвлөрсөн “Касперский лаб” компанийн програм хангамжийн бүтээгдэхүүнийг Холбооны засгийн газрын үйл ажиллагаанд ашиглахыг хориглох тухай ч заажээ. 

Дэмжигчид ба эсэргүүцэгчид 

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп батлан хамгаалахаас бусад зардлыг танах замаар Пентагоны зардлыг өсгөх саналтай байгаа юм. Төлөөлөгчдийн болон Сенатын танхимд түүний Бүгд найрамдах намын нөхөд эрх барьж байгаа хэдий ч Пентагоны зардлыг өсгөхөд Сенат дахь Ардчилсан намын гишүүдийн дэмжлэг ихээхэн хэрэгтэй юм. 

Харин Батлан хамгаалахын зардлыг их хэмжээгээр өсгөхийг эсэргүүцсэн сенатор Жон МакКейн хэлэхдээ “Дайн тулаанаас илүү аймшигтай сургуулилтын үеийн ослоор дүрэмт хувцастай олон эрчүүд, эмэгтэйчүүд амиа алдаж байна. Хүмүүс яагаад таг дуугүй байгаа юм бэ? Энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай” хэмээн төслийн санал хураалтын өмнө хэлсэн байна. 

Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт дунд тусгалт цөмийн баллистик пуужингаа АНУ-ын холбоотон Японы Хоккайдо арлын дээгүүр харваж, амжилттай туршсан нь тэдний технологийн хүчин чадал улам бүр нэмэгдэж буйг харуулсан явдал болсон билээ.

Батлан хамгаалахын зардлыг өсгөх тухай хуулийн төсөлд мөн Аляскийн хойгт пуужингийн дайралтаас хамгаалах системийг байршуулах, мөн цөмийн цэнэгт пуужинг замаас нь устгах 58 систем суурилуулах тухай заасан байна. 

Хуулийн төсөлд зааснаар АНУ-ын Батлан хамгаалах яам пуужингийн довтолгоог эсэргүүцэн хамгаалах бусад 14 системийг зүүн эрэгт байршуулах үүрэг хүлээсэн байна. 

АНУ батлан хамгаалах зардлаа бууруулвал ямар үр дагавар гарах вэ?

АНУ батлан хамгаалах зардлаа бууруулвал гадаад болон дотоодод олон сөрөг үр дагавар гарна гэх таамаглалууд байдаг. Жишээлбэл, батлан хамгаалах зардлыг бууруулахад дор хаяж нэг сая хүн ажилгүй болж, дэлхийн хамгийн том эдийн засаг хямралд орох эрсдэл бий. Хэрэв тэгвэл хөрөнгийн зах зээл уналтад орох аюултай. Армийн зардлыг бууруулж, бусад салбарын төсвийн зардлыг нэмснээр урт хугацаанд АНУ дахь амьжиргааны түвшин нэмэгдэх нь гарцаагүй. Харин олон улсын түвшинд улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй. 

АНУ-ын цөмийн пуужин тээвэрлэгч онгоцнууд,тэнгисийн цэрэг байхгүй бол олон улсын далайн тээвэр, худалдаанд Хятадын нөлөө улам нэмэгдэж, дангаараа ноёрхох хандлага хүчтэй болно. 

ОХУ Украины Крымийг өөртөө нэгтгэсэнтэй адил үйл явдал Польш, цаашлаад Молдав, Унгар, Гүржид тохиолдож болзошгүй. Харин Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг Хятад энэ арлыг эзэлж авахад Бээжинд ганц тушаал гаргахад л хангалттай. 

АНУ-ын батлан хамгаалахын зардал буурах нь далайн дээрэм тонуултай тэмцэх ажиллагааг бүрэн зогсоох аюултай. Өмнөд Америкийн хууль бус хар тамхины наймаа, тээвэрлэлт хяналтаас гарах сөрөг үр дагавар бий. Израиль хөрш орнууд руу түрэмгийлсэн дайралтаа үргэлжлүүлсээр тус бүс нутагт хүчний тэнцвэрийг барих орон байхгүй болно. Дээрх болон өөр бусад олон шалтгааны улмаас АНУ цэргийн зардлаа нэмэгдүүлдэг байна. 

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж