Багшийн цалинг 1.6 саяд хүргэх боломжтой, боломжгүй

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

VS

Багшийн цалинг 1.6 саяд хүргэх боломжтой, боломжгүй

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос Засгийн газарт хандан багш нарын сарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавиад буй. Засгийн газрын зүгээс цалинг шууд 1.6 сая төгрөгт хүргэх боломжгүй. Харин 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс үе шаттайгаар 30 хувиар нэмэгдүүлэх боломжийг шийдвэрлэхээр судалж байна гэсэн хариуг өгсөн юм. 

Цалинг өсгөх боломжгүй байгаа шалтгаанаа нэгдүгээрт эдийн засгийн нөхцөл боломж байхгүй, хоёрдугаарт Олон улсын валютын сантай хөтөлбөрт тохирохдоо төрийн албан хаагчдын цалинг 2018 он дуустал нэмэгдүүлэхгүй байх үүрэг хүлээсэн гэж тайлбарлаж буй. Эдийн засагчдын хувьд ч бүх багшийн сарын цалинг 1.6 төгрөгт хүргэх чадавхи төрд байхгүй гэдгийг мэдэгдэж байгаа. 

“VS” буландаа энэ асуудлыг хөндөж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг нарын байр суурийг онцоллоо. 

Г.Чулуунбаатар
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг хаа, хаанаа ойлгож байгаа болов уу. Багш нарын цалинг тэдний өдрөөс 1.6 сая төгрөгт хүргэх бололцоо байгаа гэдгийг хэлэх боломжгүй, эдийн засаг санхүүгийн боломж нөхцөл хязгаарлагдмал байгаа. 

Багш нарын цалинг 1.6 сая төгрөгт болгон нэмэгдүүлэхэд 1.1 их наяд төгрөг шаардлагатай. 

Эдийн засаг хүндрэлтэй, Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт орчихсон, тодорхой амлалтуудтай нөхцөлд цалин нэмэх хэцүү. Үнэндээ тэдний төр, засгийн анхаарлын төвд асуудлыг хандуулах, цаашлаад нийгэмд гаргаж тавих гэсэн үйлдлийг нь буруутгах аргагүй. Би түр хорооныхонтой уулзсан. Тэдний үгийг анхааралтай сонссон. Бодитой зүйл ярьж байна лээ. 

 

Ж.Батзориг
Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга

Эдийн засаг хүндэрсэн гэх шалтгаан тоочиж аргацаагаад олон жил явлаа. Мөнгө байхгүй гэсэн мөртлөө цалинг хэд дахин их нэмэгдүүлэх мөнгийг сайд дарга нар концесс, зээл хэлбэрээр юунд зарсан нь мэдэгдэхгүй үрэн таран хийж байна. 

Манай улс дэлхийд байгалийн баялгаараа эхний аравт ордог, хэчнээн сая малтай, ямар хэмжээний газар нутагтай билээ. Багш нарын цалин нэмэх байтугай гурван сая иргэнээ сайхан амьдруулах боломж байна. Цалин өндөр байх, баялгийг тэгш хуваарилах тусам нийгэм нь хөгжиж байдаг.

Бид 1.6 саяын цалинг өндөр гэж харахгүй байна. Ажил хөдөлмөрөө эрхлээд явж байгаа энгийн нэг иргэний авах ёстой наад захын цалин. Авдаг цалин нь өдөр тутмынх нь хэрэгцээг хангаж чадахгүйгээс болж өр зээл тавьж олон жил болохоор ядуурал бий болж байна. 

Ямар ч улс орон хөгжье гэвэл боловсролын салбартаа хөрөнгө оруулдаг.

Эх сурвалж: “Өнөөдөр”, “Монголын мэдээ” сонин

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж