Аялал жуулчлалыг зам тээвэртэй нь холбоё

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

МОНГОЛ СЕРВИС

Аялал жуулчлалыг зам тээвэртэй нь холбоё

Аялал жуулчлалыг зам тээвэртэй нь холбоё

Аялал жуулчлал гэж нэг ахиж дөхдөггүй салбар Монголд бий. Сүүлийн арваад жилийн турш жилд 400 мянга гаруй жуулчдад үйлчилсэн хэвээр. Жуулчдын тоо өсөхгүйн хэрээр дагалдах бизнес ч дэвжихгүй, цөөн хэдхэн жуулчнаа өвөр зуураа булаалцалдахаас хэтрэхгүй. Энэхүү зогсонги байдлыг харъяалах яам, тамгын газрыг нь оновчтой сонгоогүйтэй холбоотой гэж үздэг хүн бол нийслэлийн Аялал, жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин. Тэрбээр энэ салбарыг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүн хийх ажил нь аялал жуулчлалыг зам тээвэртэй холбох гэж үзэж байна.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин

-Жуулчдыг Монгол руу унаган байгаль үзэхээр ирдэг гэдэг ойлголтоос үүдэлтэйгээр Байгаль орчин аялал жуулчлалын яам болгон нэгтгэсэн байх талтай. Гэвч энэ бол зөв шийдэл биш гэж би хувьдаа хардаг. Учир нь жуулчдын тодорхой хувь нь л байгальд татагддаг. Парист хүмүүс Эйфелийн цамхаг үзэх гэж очдог. Тэглээ гээд аялал жуулчлалаа барилгатай холбоогүй, Италийг гайхалтай сайхан хоол идэх гэж зорьдог гээд хоол хүнс, аялал жуулчлалын яам байгуулаагүй.

Салбарын яамны тухайд ч байгаль орчны асуудлаа нэгдүгээрт тавина уу гэхээс аялал жуулчлалыг чухалчлахгүй байна. Гэтэл жуулчлалын компаниудад тулгамддаг хамгийн чухал асуудал нь тээвэр. Агаарын болон автозам, усан зам, төмөр замын тээврийн хүрэлцээг нэмэхгүйгээр аялал жуулчлалын хүрээ тэлэхгүй. Жуулчдын оргил ачааллын үед аль ч замаар зорчигч тээвэрлэхэд асар бэрхшээлтэй байгаа. Сая жуулчин хүлээн авах зорилго тавьсан хэрнээ зам тээврийн асуудлаа шийддэггүй нь дэндүү явцуу бодлого.

Урьд нь 2000-2008 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам гэж байхад аялал жуулчлал харьцангуй өсөлттэй байсан. Харин түүнээс хойш энэ салбар өөдлөөгүй. Спорт аялал жуулчлалын яам, байгаль орчин аялал жуулчлалын яам аль нь ч биш. Зам тээвэр аялал жуулчлалын яам болгож, нэг дээвэр дор орж байж зорилго нэг болно. Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, зам тээврийг давхар өсгөх зорилгыг нэгтгэх ёстой. Агаарын тээврийг нэмэгдүүлснээр жуулчдын тоо өснө гэдгийг энэ жилийн жишээнээс ч харж болно. Энэ онд аялал жуулчлал 18 хувиар өссөн. Үүнд скаутуудын жембори, GCI-ийн чуулган Монгол руу зорчигчдын хөлийг нэмэгдүүлсэн ч 18 хувьд жин дарах хэмжээнд хараахан хүрээгүй. Харин миний хувьд жуулчдын өсөлтийг энэ жил агаарын тээврийн нислэгийн хэд хэдэн чиглэл нэмэгдсэнтэй холбоотой гэж боддог. БНХАУ-ын Эрээн хот өдөрт хоёр удаа нисч байна, Бугат руу долоо хоногт 4-5 удаагийн тогтмол нислэгтэй болсон. БНСУ-ын Бусан хот руу хямд өртгийн нислэг нээгдсэн гэхчилэн нааштай үзүүлэлтүүд бий. Бусаных шиг хямд нислэг нэмэгдэх тусам МИАТ, Корейн эйрийн монополь нислэгийг өрсөлдөгчтэй болгож байна. Цаашид авиакомпаниуд Сөүлээс Хөвсгөл рүү нисдэг болох ёстой. Ингэж гэмээнэ жуулчид өснө.

Нөгөөтэйгүүр тээврийн үйлчилгээг онлайнд шилжүүлэх цаг аль хэдийнээ болчихоод байна. Өнөөдрийг хүртэл галт тэрэгний билет л гэхэд Москва, Бээжинд онлайн хэлбэрт шилжээгүйгээс жуулчид зуучлагчдаас өндөр үнэтэй билет худалдан авсаар байна. Тиймээс энэ бүхнийг нэг гарт, нэг бодлогод зангидахын тулд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авдаг болтлоо аялал жуулчлалыг зам тээвэртэй холбох нь зүйтэй гэдгийг л онцолмоор байна.

Аялал жуулчлалын салбарын өнөөгийн дүр төрхийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин дээс томж найзыгаа авардаг үлгэртэй адилтгасан юм. Амархаан шийдэж болох гаргалгаа байсаар атал аль хүндрэлтэйг нь, тойруу замыг сонгож буй өнөөгийн тогтолцоог зоригтой халж, ойрын 10 жилдээ аялал жуулчлалыг зам тээвэртэй нь баттай холбож, хамтдаа нэг зорилгын төлөө зүтгэж байж л аялал жуулчлалын салбарыг сэргээнэ. Эс тэгвээс ахиад 10 жилийн дараа ч сая жуулчинтай болох мөрөөдөл биеллээ олохгүй байх магадлалтайг тодотгож байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж