Д.Ангар: Монгол мөнгө хүүлэлтийн дарамтад орсон

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

Д.Ангар: Монгол мөнгө хүүлэлтийн дарамтад орсон

Өнгөрсөн жил NBA-д ажил хаялт болж байсан. Харин энэ удаа Америкийн үндэсний хоккейн лигт ажил хаялт үргэлжилж байна.

Эдийн засагч Д.Ангартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрт хамрагдсан шийдвэрийг зарим улстөрч буруутгаж эхэллээ. Энэ хөтөлбөрт хамрагдахгүй байх боломж байсан уу?

-Валютын сангийн хөтөлбөрт аргагүй эрхэнд хамрагдсан. Хүнээр ярих юм бол манай эдийн засаг сэхээний тасагт орсон үе байсан. Тэнд гурван сар “эмчлүүлээд”, гайгүй болоод ирэхээрээ “Би ер нь энэ эмнэлэгт хэвтэх ёстой юу, үгүй юу” гэж асуух утгагүй. Монголбанк нэг ч ам.долларын нөөцгүй, гадаадын хөрөнгө оруулагчид дүрвээд явчихсан, өр зээлийн хугацаа тулчихсан тийм хүнд нөхцөлд Монголын эдийн засаг байсан. Ийм үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаагүй бол дампуурал зарлана. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийг төлж чадахгүй байсан. Хөтөлбөртэй болсон учраас гадны хөрөнгө оруулагчид манай “Хуралдай” бондыг худалдан авч, Хөгжлийн банкны зээлийг төлсөн. Ингэж байж дампуурлаас түр гарсан. Одоо ч эдийн засгийн нөхцөл байдал таатай биш байгаа. Төсөв алдагдалтай, ам.долларын нөөцгүй хэвээр байна. Хэрэв хөтөлбөрөөс гарах юм бол ирэх оны нэгдүгээр сард төлөх “Чингис” бондын төлбөрийг дийлэхгүй. Монгол Улсын төрд нэг ч цент алга. Төгрөгийг бол хүссэнээрээ хэвлээд, гаргаж болно. Ам.долларыг хэвлэх эрх байхгүй учраас өөрт байгаа ам.доллараар төлнө. Гэтэл Засгийн газар, Монголбанк хоёр нэг ч центгүй байна. Тэгэхээр ‘Чингис’ бондыг төлөхийн тулд гаднаас зээл авахаас өөр аргагүй. Яг үнэнийг хэлэхэд, Монгол Улсыг хүнтэй харьцуулбал “Архи уухгүй, уухгүй гэж хэлээд, маргааш нь тасартлаа уудаг” хүн шиг л байна. Иймд байдалтай байхад хөтөлбөрөөс гарвал манайд нэг ам.доллар зээлэх ч улс орон олдохгүй. 

-Эдийн засаг 5,3 хувиар өссөн. Энэ өсөлт хэр удаан хадгалагдах бол?

-Эдийн засаг 5,3 хувиар өссөн нь нүүрсний үнэ өссөнтэй л холбоотой. Эдийн засгийн өсөлтийг тодорхойлохын тулд хэдэн аж ахуй нэгж үүд хаалгаа нээв, хэдэн ажлын байр бий болов, нийт бүтээмжийн өсөлт, ажилчдын цалин нэмэгдсэн үү гэх мэт үзүүлэлтээр дүгнэх ёстой. Одоо бол зөвхөн нүүрсний үнийг дагаад эдийн засаг 5,3 хувь өссөн ч бизнесийн орчин тэг зогсолттой байна. Нүүрсний үнэ яагаад өссөн бэ гэхээр Хойд Солонгос хориг тавиулсан, Австралид үер болсноос үүдэж Хятадын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. Ер нь бид нүүрсээ зарж байж өрнөөсөө сална. Дээр нь төмөр замаа тавих ёстой. Төмөр замаа тавихгүй байж юун тэр том төсөл хөдөлгөх, мөрөөдөөд ч хэрэггүй. Гашуунсухайт боомтоор нүүрсний машин гарах гэж 30 км урт дараалал үүсгэдэг байсан. Гэтэл сонгуулийн дараа 160 км урт болсон байна. Ингэж жолооч нарыг тамлах ямар хэрэг байна вэ. Тэр машинууд хилээр цуварч гарах гэсээр байтал нэлээд хэд хононо. Нэг машин урагш ахихад дараагийнх нь заавал араас нь ахих ёстой. Ийм байдлаас үүдэж унтахгүй байхын тулд Ми Ми хэрэглэдэг болсон ч юм билүү. Нүүрсээ зарж, өрөө дарах нь зөв. Гэхдээ төмөр замтай болох хэрэгтэй. 

-Засгийн газар 404 хоног ажиллаад огцорлоо. Энэ нь МАН-ын түүхэнд анх удаа тохиосон үйл явдал. Өмнө нь мөн Н.Алтанхуягийн Засгийн газар мөн л огцорч байсан. Энэ мэт улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Улс орон ядуу байгаа нь төр засаг учраа олж чадахгүйд байгаа юм. Төр алсын хараатай, бодлоготой, зорилготой байх ёстой. Гэтэл манайхан гурван сарын настай бодлого ярихаар төр гэдэг институт нь ажиллахгүй байгаа юм. Одоогийн нөхцөлд гадныхан байтугай, дотоодын бизнес эрхлэгчид ажил хийхэд хэцүү байна. Монголд бизнес эрхлэх сонирхол буурч байна. Бизнес эрхэлсэн хүн бүр банкны өртэй, олсон ашиггүй болоод, үүд хаалгаа хааж байна. Энэ бол маш том асуудал. Бизнес эрхлэгчгүй эдийн засаг цаашид мөхнө л гэсэн үг. Би хоёр том намд итгэл алдарсан. Өмнө нь Ардчилсан нам завхарсан бодлого явуулсан. Түүний горыг монголчууд амсаж байна. Дараа нь Ардын нам арай өөр бодлого явуулах байх гэж итгэсэн. Харамсалтай нь, эдийн засгаараа тоглож, төр засгаа бужигнууллаа. Үүнээс болоод хөрөнгө оруулалт, бизнесийн орчин тодорхойгүй болж байна. Аж ахуйн нэгжгүй болчихвол ямар ч мундаг Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Ерөнхий сайд байгаад нэмэргүй. Татвар төлөх хүнгүй болно. Өнөөдөр 10-15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан компаниуд хаалгаа барьж байна. Би өөрийнхөө хэмжээнд жижиг санхүүгийн бизнес эрхэлдэг. Тухайлбал, 9911-тэй дугаар барьцаалж, 10 сая төгрөгийн зээл өгдөг. Гэтэл ТОП 100 аж ахуй нэгжид багтаж байсан нэгэн компанийн захирал зээл авах гээд орж ирж байна. Тэр хүн эцсийн дүнд өөрийнхөө барьдаг утасны дугаараа барьцаалж байна. Том компанийн захирал ийм зээл авч эхэлж байгаа нь эдийн засгийн мөхөл рүү явж байгаагийн л нэг илрэл. 

-Өнөөдөр аж ахуй нэгжүүд 40 орчим хувийн хүүтэй зээл авч байна. Төрийн бодлого тогтворгүйн дээр зээлийн хүүгийн дарамт бизнесийн орчинд их нөлөөлдөг байх?

-Манай аж ахуй нэгж томрохгүй байгаа нэг шалтгаан нь ерөнхий эдийн засгийн орчин тогтворгүй, тодорхойгүй байдагтай холбоотой. Хоёрдугаарт, таны хэлсэнчлэн зээлийн хүүгийн дарамт. Хүүгийн хэмжээ хэт өндөр, дийлэхийн эцэсгүй байна. Үүнийг уг нь төрийн бодлогоор засах ёстой. Гэтэл төр бодлого гаргах завгүй, сандал суудлаа булаацалдаад байхаар банкууд өөрийн хүсэлтээр хүүгээ бууруулахгүй. Нэг талаас төр, нөгөө талаас банкны систем биднийг доош дарж байна. 

-Засгийн газар банк санхүүгийн салбарт чиглэсэн бодлого явуулна гэдгээ мэдэгдэж байсан. Гадны банк оруулж ирэх асуудал ч хөндөгдсөн. Гэтэл улс төрийн тогтворгүй байдлаас үүдээд энэ сэдэв дарагдах шиг боллоо?

-Шинэ Засгийн газар банк санхүүтэй холбоотой хэд хэдэн бодлого танилцуулсан. Б.Жавхлан гишүүн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг өргөн барьсан. Гэхдээ тэр бодлогоо хэрэгжүүлсэнгүй, өнөөх хуулийн төсөл нь ч дарагдчихлаа. Банк санхүүгийн салбарт хэрэгжүүлсэн зөв зүйтэй ганцхан алхам гэвэл хадгаламжийн хүүгээс татвар авдаг болсон явдал. Зээлийн хүү, ерөнхий эдийн засгийн тодорхойгүй байдлаас үүдэж том аж ахуй нэгжүүд хаагдаж байна. Эдийн засгийн хөгжил гэдэг зүйлийн цаана дарга, цэрэг байдаггүй, аж ахуй нэгж л байдаг. Үйлдвэрлэл нэмэгдэж байж улс орон тусгаар тогтноно. 

Ер нь Монгол Улс тэр чигээрээ мөнгө хүүлэлтийн дарамтад орчихсон. Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ын зээл нийтийг сөхрүүлж, хүүгийн боол болгож байна. Зээл авсан иргэд үндсэн төлбөрөө төлж чадахгүй, зөвхөн хүү төлдөг. ББСБ-аас сард 5-10 хувийн хүүтэй зээл авахад жилийн 50-100 хувийн хүү төлнө. Ийм байж болох уу. Уг нь Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-ыг зохицуулах үүрэгтэй. Гэтэл энэ салбарт маш их завхрал бий. Жишээ нь, зээлийн гэрээгээ ББСБ-аар байгуулаад, зээлийн хүүгээ хувь дансаар авдаг. Татвараас зугтааж байна гэсэн үг. Ийм байхад Санхүүгийн зохицуулах хороо юу ч хийхгүй байна. 

-ОУВС-гаас арилжааны банкуудад актив чанарын үнэлгээ хийж эхэлсэн. Энэ хэр үр дүн өгөх бол. Санхүүгийн салбарыг эмх цэгцтэй болгож чадах болов уу?

-Санхүүгийн салбарын замбараагүй байдлыг ОУВС цэгцэлж чадна гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн өсөлтөд арилжааны банкууд нөлөөлж чадаагүй, харин ч эдийн засгийг доройтуулж байна гэж Валютын сангийн мэргэжилтнүүд дүгнэсэн. Тиймээс мөнгө хэвлэж, орон сууцны зээл олгодог, бонд босгоод замын хашлага янзалдаг байдлыг засч байна. Цаашид банкны системийг цэгцлэхгүй бол Монгол Улс оршин тогтнохгүй гэж үзээд, актив чанарын үнэлгээ хийж эхэллээ. Санхүүгийн салбарт маш том гажуудал байгааг харсан учраас банкуудыг үзлэгт оруулж байгаа. Валютын сан маш зөв харсан. Илүү удах юм бол Монгол Улс тэсэхгүй. Тэгэхээр чанартай хэдэн банкаа үлдээгээд, бусдыг нь татан буулгах ёстой. Валютын сангийн шалгалтын үр дүн нэг жилийн дотор гарах болов уу. Жилийн дотор хадгаламжийн хүү нэг оронтой болж, зээлийн хүү хоёр жилийн дотор нэг орон руу орно гэж харж байна. 

Надад хардах эрх байгаа учраас би нэг бодлоо хэлмээр байна. Засгийн газрыг огцруулахад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах тухай шийдвэрийг буруутгаж байна лээ. Энэ бол банкны шалгалттай холбоотойгоор илэрсэн ашиг сонирхлын зөрчил гэж харж байна. Валютын сангийн шалгалтаар бол одоо байгаа банкуудын 50 хувь нь алга болно. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд валютын сангийн хөтөлбөрийг буруутгасан болов уу. 

-Монгол Улсад гадны банк оруулж ирэх шаардлага бий юу. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Дэлхий дээр хоёрхон улс гадны банкгүй байна. Нэг нь манайх, нөгөө нь Хойд Солонгос. Бид Хойд Солонгостой нэг лифтэнд явж байна. Аль ч улсад гаднын банк орж ирснээр шударга өрсөлдөөн бий болж, зээлийн хүү буурахад нөлөөлдөг. Манай банкны захирлууд өөрсдөө үнэтэй автомашин унаж, гадны брэнд хэрэглэдэг мөртлөө биднийг “Гаднын юм хэрэглэж болохгүй, дотоодоос зээл ав” гээд байгаа нь шударга бус хэрэг. Тийм л юм бол банкны захирлууд гэрт амьдраад, морин тэрэг хөлөглөөд, дээлээ өмсөөд явж болно шүү дээ. Бидэнд жилийн найман хувийн хүүтэй зээл олгодог бол хамаа алга. Миний бодлоор Монгол Улсад гурван арилжааны банк, гадны хоёр банк байхад зээлийг нэг оронтой тоонд хүргэх боломжтой. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж