1
ДЭРВЭГЭР, ДЭГЖИН
Өнгө өнгийн будаг холилдсон эмх замбараагүй хувцаслалт танд таагүй санагдаж болох юм. Хэрэв та тод өнгийг таашаадаггүй бол өнгө дагуу, завсрын өнгөөр өвч бүрэн гоёж болно. Гол нь, хэтэрхий уйтгартай харагдахгүйн тулд загварын мэдрэмжээ ашиглах хэрэгтэй. Юу юугүй цас хаялж, хүйтэн жавар хайраагүй байгаа болохоор зуны даашинзаа далд хураахаа түр азна. Энэ жилийн гол трендүүдийн нэг болсон ruffles буюу ханцуй, хормойны дэрвэгэр залгаатай, том энгэртэй, нимгэн даашинзныхаа дотуур бие барьсан, нимгэвтэр материалтай, хоолойтой цамц өмсөж болно. Доогуур нь хүссэн гутлаа өмсөөд, гадуур нь цув, хүрмээ угласан ч гэмгүй.
Харин эсрэгээрээ та тод өнгөнд дурладаг бол сүр сүлдгүй мэт санагддаг цагаан “ruffles” цамцаа элдэв тод өнгийн, гэхдээ жирийн загвартай өмд, цүнх, гуталтай хослуулж бас болно. Энэ тохиолдолд хэт чамин, нүсэр аксессуараас татгалзаарай.
2
ХАЙЧНЫ ИД ШИД БА ХЭЛБЭРГҮЙ ДҮРС
Ердийн нэг сорочка цамцны оронд хүсэлдээ нийцүүлэн хайчилж, хяргасан хоёр цамц давхарлан өмсөж яагаад болохгүй гэж? Ийм тийм гэж тодорхойлохын аргагүй дүрс үүсгэн, зах ханцуйг нь өөрчилж болно. Өөрөө чадахгүй бол оёдолчин дээр очоод хүссэнээрээ өөрчлүүлж бас болно. Заавал ижил хэмжээстэй байх ч албагүй.
3
ЗӨӨЛӨН, ДУЛААН, НЭХМЭЛ
Нэлмэгэр, навсгар загвартай, сул ноосон цамцнаасаа уйдсан бол ханцуйнд нь үслэг /заавал ангийн үс биш, хиймэл үс байсан ч болно/ материалаар бяцхан оруулга хийгээд л цоо шинэ хийц, загвартай болох болно. Цамцныхаа дотуур нимгэн торгомсог материалтай даашинз, доогуураа илгэн, эсвэл үслэг гадаргуутай гутал төгс хослол байх болно.
4
ӨРӨӨСӨН МӨР
Өрөөсөн мөртэй загвар зөвхөн зуны гоёл биш. Намрын дулаан орой болзоонд явахад өрөөсөн мөртэй нэхмэл цамц муугүй гоёл болно шүү. Биеийнхээ багагүй хэсгийг ил гаргасан болохоор доогуураа бариу өмд, эсвэл богино банзал, нэмээд урт түрийтэй гутал сонгоорой.
5
ДӨРВӨЛЖИН ХЭЭ
Дөрвөлжин хээтэй хувцасны хээ болоод материалыг зөв тохируулах нь хамгийн чухал. Энэ зургаас жишээ авч болно. Нэг л эв хавгүй, болж өгөхгүй санагдаад байвал дөрвөлжин хээнээс шуудхан татгалз.
6
УЛААН ДАРС
Төрөл бүрийн улаан дарсны өнгө. Хоорондоо ялгаатай харагдах ч тод, бүдэг, бараан, цайвар гээд өнгө дагуу байдлаар “бүрэн зэвсэглэх” нь маш сайн сонголт болдог.
7
ХАМБА ХИЛЭН МООДНООС ГАРААГҮЙ
Хамба хилэн материал моодноос гарах болоогүй. Энэ намрын нэг тренд зөөлөн, үсэрхэг хамба хилэн байсаар л байх болно. Харин та эмэгтэйлэг даашинз, банзлаас гадна эршүүд загварын хослолоо ч хамба хилэнгээр хийлгэж болно.
8
ЭЛДЭВ СОНИН ХАНЦУЙ
90-ээд оны загварын элементүүд хэзээ ч хоцрогддоггүй гэлцдэг. Тэдгээрийн нэг нь энэ мэт элдэв сонин ханцуй. Үдээстэй, уяатай, тортой, цацагтай, өргөн, трапец гээд цамц, даашинзны ханцуй этгээд байх тусмаа загварлаг.
9
ИНТООРЫН УЛААН
Загварын тайзан дээр толгойноосоо хөл хүртэл улаан өнгийн хувцас өмссөн моделиуд гоё л харагддаг. Харин бодит амьдрал дээр загварын энэ сонголт тийм ч аятайхан биш. Тиймээс интоорын улаан өнгөтэй даашинзныхаа гадуур хар савхин хүрэм өмсөж, дотуур нь загасны тор мэт сул сул нэхээстэй трико сонгоорой. Гялалзаж, гялтганадаг, чимэглэл ихтэй гутал бас байж болох л хувилбар.
10
ЦЭЦГИЙН СҮР ХҮЧ
Цэцгэн хээтэй хувцас эмэгтэй хүнийг нэгэн зэрэг хүчирхэг бөгөөд ялдам харагдуулдаг. Гэхдээ том жижиг ямар ч бай цэцгэн хээтэй хувцсаа ямар нэг ердийн загвартай, цулгуй өнгийн хувцас, хэрэглэлтэй хослуулаарай. Ингэснээр цэцгийн тань сүр хүч улам тодрох болно.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ