МАН-ын томчууд Ерөнхий сайдаа томилох, Засгийн газраа бүрдүүлэхээр талцаж байх хооронд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын тэргүүлэгч, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйн суудал эзгүйрэх нь. Харин НИТХ-ын даргын суудлаас нь илүү нийслэлийн МАН-ын хорооны даргын суудалд санаархагчид олон байгаа гэх.
НИТХ-ын дарга Ц.Сандуйг “60 тэрбум”-ын хэргээс болж, хариуцлага хүлээх ёсгүй гэж МАН-ын удирдлага эхлээд үзэж байсан ч Засгийн газар огцорч, асуудал хүндэрсний дараа намын Удирдах зөвлөл шийдвэрээ өөрчилж, хариуцлага хүлээх ёстой гэсэн даалгавар өгсөн. Ц.Сандуй ажлаа өгөхдөө “Би олон нийтийн сүлжээгээр яваад байгаа мэдээллээс болж биш харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар долоон дүүрэгт ялагдсандаа хариуцлага хүлээж буй” гэж мэдэгдсэн. Чухам Ц.Сандуй яагаад ажлаа өгч байгаа нь одоо сонин биш. Харин түүнийг хэн орлож, нийслэл гэх их айлын МАН-ын хороог хэн удирдах вэ гэдэг чухал. Чухамдаа 60 тэрбум гэх хэргээр дөрөөлж, НИТХ-ын дарга гэхээс илүү нийслэлийн МАН-ын хорооны даргын сэнтийг булаалдах далд тулаан МАН-ын “дунд” түвшинд өрнөж байна гэх.
М.Энхболд нийслэлийн МАН-ыг авч үлдэх үү?
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын 34 төлөөлөгчөөс НИТХ-ын даргад санаатай олон хүн бий. Гэхдээ тэдний хэн нь намынхаа төлөөлөгчид, мөн АН-ын 11 гишүүнийг “найрч” чадах вэ гэдэг чухал асуудал. Аливаа сонгуулийн дүнд хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг нийслэл гэх том айлын намын хороог удирдана гэдэг том албан тушаал. Тиймдээ ч МАН дотор хотын фракц хамгийн том нь. Энэ том фракц тийм ч амар намын хорооны даргаа өгөхгүй болов уу гэж улс төрийн хүрээнд яригдаж байна. Нийслэлийн намын хороонд дархлагдсан М.Энхболд намын даргаа албан ёсоор өгч байгаа ч нийслэлийн намын хороог бол тийм ч амар тавьж явуулахгүй болов уу.
Есдүгээр сарын 22-нд хуралдах НИТХ-ын ээлжит хуралдаанаар Ц.Сандуйг огцруулж, түүнийг орлох орлогчийг томилно. Одоогоор М.Энхболдын “хүн” гэгдэх Ж.Батбаясгаланг Ц.Сандуйгийн түр орлогчоор томилох сураг бий. Гэтэл Засгийн газар, МАН-ын дарга гээд олон асуудал цэгцэрсний дараа хотын дарга Су.Батболд нийслэлийн намын дарга болохоор тохиролцсон гэх яриа ч бас сонстох болжээ. Засаг дарга нь намын хороогоо удирддаг, намын дарга нь Ерөнхий сайд болдог жишиг баримтлах ёстой гэдгийг МАН-ын олон гишүүд ярих болж. Чухам ирэх Даваа гаригт МАН-ынхан ямар тохироо хийх вэ гэдгээс цаашдын асуудал тодорхой болно. Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газар бүрдэж, намын дотоод асуудал нэг талдаа гарсны дараа Удирдах зөвлөл нийслэлийн МАН-ын даргаар хэнийг томилох вэ гэдгийг авч хэлэлцэж, анхаарал хандуулна. Харин түүний дараа нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, шинэ даргаа томилно. Тэгэхээр Ерөнхий сайд хэн болж, МАН-ыг хэн даргалахаас нийслэлийн намын хорооны удирдлага шийдэгдэнэ гэсэн үг.
Дээрх нэрсээс гадна НИТХ-ын даргын суудал, бүлгийн даргын суудалд санаархагчид нилээд хэдээр тоологдоно. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, С.Амарсайхан, Ц.Төрхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Ц.Сандаг-Очир нарын нэрс энд мөн яригдаж буй. Мэдээж Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан талаас НИТХ-ын дарга болон нийслэлийн намын хорооны даргын суудалд шилжихийг илүүтэй тэмүүлэх ч биз ээ.
Ш.ЧИМЭГ