Өмнөд Солонгосын Засгийн газар лам хувраг, шашны номлогч нараас татвар авах шинэ журам танилцуулахаар болжээ. Чухам ямар төрлийн орлогод татвар ногдуулах эсэхийг тодорхой заасан журмыг ирэх сард албан ёсоор танилцуулах тухай БНСУ-ын Сангийн яам мэдэгдсэн байна.
Одоогоор эцэлсэн батлагдаагүй ч шашны зан үйлийн үйлчилгээ үзүүлсний хариуд авсан бэлэн мөнгө, бусад төлбөрт татвар ногдуулна, үүнд сүм, хийдээс зохион байгуулсан сайн дурын ажил ч мөн багтах бололтой.
Хувь хэмжээний хувьд орлогын албан татвартай ижил байх гэнэ. Тодруулбал, дундаж цалинтай албан хаагчийн адилаар шашны байгууллагын ажилтан, лам хуврагууд орлогын 6-40 хувийг татварт суутгуулах аж.
Гэхдээ шашны элч төлөөлөгчийн хувиар гэрлэлт, оршуулга гэх мэт зан үйлийн хариуд авсан хандив, өглөг, бэлэн мөнгө, эсвэл энэ мэт арга хэмжээнд зарцуулсан үнийн дүнгээс татвар тооцохгүй. Үүний тулд санхүүгийн баримт бүрдүүлэх шаардлагатай болох гэнэ.
Өмнөд Солонгосын Сангийн сайд Ким Дун-ён татвар ногдуулах асуудлаар ойлголцолд хүрэхийн тулд өнгөрсөн сард шашны байгууллагын лидер, төлөөлөгч нартай уулзаж, саналыг нь сонсжээ.
С.ЦЭЛМЭГ