МАН-ын Бага хурал ирэх даваа гаригт болох учраас УИХ-ын ээлжит бус чуулган зарлахгүй гэж албаныхан мэдэгдлээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга есдүгээр сарын 15-нд УИХ-ын даргад ээлжит бус чуулган хуралдуулах саналаа хүргүүлсэн. Гэвч өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг хуралдаж, есдүгээр сарын 25-нд болох намын Бага хурлаар шинэ Ерөнхий сайдыг тодруулж, намрын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн. Намрын ээлжит чуулган жил бүрийн аравдугаар сарын 1-нд эхэлдэг дэгтэй. Гэвч намрын чуулган нээх өдөр амралтын өдөр таарч байгаа учраас ээлжит чуулганыг аравдугаар сарын 2-нд эхлүүлэхээр товложээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу есдүгээр сарын 18-24-ны өдрүүдэд хуралдуулах саналтай байна гэдгээ илэрхийлж байсан юм. Гэвч Бага хурлаараа эрх баригчид Ерөнхий сайдыг сонгох учраас ээлжит бус чуулган хуралдуулахгүйгээр намрын ээлжит чуулганыг эхлүүлэх нь зүйтэй гэдийг МАН-ын бүлгийн дарга болон бусад албаныхан хэллээ.
Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хуралдуулах саналаа хүргүүлж болох ч УИХ-ын зүгээс Ерөнхийлөгчийн саналд албан ёсоор хариулт, тайлбар өгөх хуулийн заалт байхгүй юм байна.
Ш.ЧИМЭГ