7 хүн машиндаа шатсан хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

7 хүн машиндаа шатсан хэргийг шалгаж байна

Одоогоос нэг жилийн өмнө Хүй долоо худгийн орчимд гарсан автомашины ослоор нэг гэр бүлийн долоон хүн амиа алджээ. Гэтэл одоо болтол Төв аймгийн Замын цагдаагийнхан ослын шалтгааныг үнэн зөвөөр тогтоогоогүй, хэргийг хоёр ч удаа хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс талийгаачдын ар гэрийнхэн хэргийг шалгасан мөрдөн байцаагч, хяналт тавьсан прокурор авлига авсан байж болзошгүй гэж үзэн Авлигатай тэмцэх газар /АТГ/-т өнгөрсөн долоо хоногт хандсан юм. Иргэний гомдлын дагуу АТГ хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд ослыг харсан, сонссон иргэдийг мэдээллээ хуваалцахыг хүслээ.

АТГ-аас гаргасан хүсэлтэд ‘2016 оны наймдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэр Хүй 7 худаг гэх газрын орчимд 72-40 УБҮ улсын дугаартай ‘Тоёота приус’ маркийн автомашин, ‘Тоёота Ландкруйзер 200’ маркийн 01-16 УНА улсын дугаартай автомашинтай мөргөлдсөний улмаас автомашин шатаж долоон хүний амь нас хохирсон зам тээврийн ослыг үзэж харсан, хэргийн талаар сонссон иргэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хандана уу” хэмээжээ. Иргэдийн өгсөн мэдээллийг АТГ чандлан нууцлах юм. 

Хэргийг үнэн зөв, шударгаар шийдүүлэхийг хүсч байгаагаа талийгаачийн төрсөн эгч Х.Алгирмаа сэтгүүлчдэд хэлсэн. ‘Тэнд байсан бүх машин туслах гэж хичээсэн. Хэргийг харсан гэрчүүд бий. Дүүгийн маань машиныг шаргал өнгөтэй машин шахсаны улмаас осол болсон. Үүнийг харсан гэрчүүд сандарсан учраас машины дугаар, маркийг харж амжаагүй байдаг. Машинд манай дүү, хоёр хүүхэд нь, хадам аав, ээж, хадам эгч нь долоон сартай хүүхдийн хамт явж байсан. Ослоос нэг нь ч амьд үлдээгүй. Хэргийг шалгаж байсан прокурор гурван удаа солигдож, гурван удаа хэрэг хаагдсан. Хаагдсан шалтгааныг эзэн холбогдогч нь нас барсан, хариуцлага хүлээх хүн байхгүй гэж тайлбарлаж байгаа. Тэр осол юунаас болж гарсныг цагдаагийн байгууллага тогтоогоогүй. Ингээд хэргийн газар ажилласан байцаагч, баг бүрэлдэхүүнд гомдолтой байгаа учраас АТГ-д хандаж байна” гэсэн юм.

Харин амиа алдсан жолоочийн ээж Ц.Бат-Өлзий “Бид ажил явдлын дараа Төв аймгийн Лүн сумын камерыг шүүлгэх гэсэн боловч тухайн үед хэрэг дээр ажиллаж байсан мөрдөн байцаагч хойшлуулсны улмаас шүүлгэж чадаагүй. Бид хувиараа очиж шүүх гэсэн боловч хэд хоногийн өмнө хүмүүс ирж шүүгээд кодолсон байна гэсэн. Камерын бичлэгийг устсан байх гэж би бодож байна. Энэ хэргийг АТГ-т өгөхөөс өөр аргагүй” гэлээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж