“Нарантуул”-ынхнаас НӨАТ-ын баримт нэхье

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

“Нарантуул”-ынхнаас НӨАТ-ын баримт нэхье

Компьютерийн хуучин хэрэгслүүд ”Gotye - Somebody That I Used To Know” дууг дуулсан гэвэл та итгэх үү?

Төсвийн орлого төлөвлөснөөс нэг их наяд төгрөгөөр давж, өнгөрсөн онд “SOS” зарлаж байсан алдагдал 2.6 их наядтай харьцуулахад дөрөв дахин буурсныг Үндэсний статистикийн хорооны мэдээнд дурджээ. Төсөв гэнэт “баяжсан” нь орлогын албан татвар 339, нэмүү өртгийн албан татвар 309 тэрбумаар өссөний үр дүн гэнэ.

Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийг 2015 онд Ардчилсан намын засгийн үед баталж, иргэдэд хоёр хувийг нь буцаан олгодог урамшууллыг хэрэгжүүлээд хоёр жил болох гэж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг, Өршөөлийн хуультай хамт батлан зургаан сарын хугацаанд хэрэгжүүлснээр “гудсан” дороо нууж байсан 34.7 их наядын хөрөнгө, орлого ил болсон байдаг. Нэг үгээр хэлбэл, манай улсын ДНБ-ээс 1.6 дахин, улсын төсвөөс бараг найм дахин их хөрөнгө илэрсэн гэсэн үг.

НӨАТ-ын хуулийг шинэчилж, Ил тодын хуулийг баталж, өршөөл үзүүлэх том зорилго нь далд эдийн засагт эргэлдэж байсан төгрөг бүрийг бүртгэлжүүлэх явдал. Иргэд худалдан авсан бараа бүрийнхээ баримтыг бүртгүүлж, НӨАТ-ын хоёр хувийг буцаан авдаг хуулийн хүрээнд албаны хүмүүсийн хэлдгээр “татварын бааз өргөжжээ”. Харин энгийнээр хэлбэл, төсвийн орлогод НӨАТ-ын шинэчлэл эергээр нөлөөлж байна

Гэхдээ Монгол Улс нөгөө л эдийн засагт эргэлдэж байгаа төгрөг бүрийг бүртгэж чадахгүй, далд эдийн засагт хэдэн зуун сая, хэдэн зуун тэрбум төгрөг эргэлдсэн хэвээр л байгаа.

“Нарантуул”, “Бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Хар хорин”, “Дүнжингарав”, “Мишээл экспо”, “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Барс”, “Улаанбаатар” , “Макс молл”, “Билэг”, “Ачтан”, “Сандэй” гээд томоохон зах, дэлгүүр хоршоонд бүртгэлгүй хэдэн зуун тэрбум төгрөг эргэлдэж байна. Нэг ч НӨАТ-ын баримт өгдөггүй, нэг ч татвар төлдөггүй.

Гал усны аюул гамшигт өртөхөөрөө төрийг буруутгаж, гомдол тавих нь олон. Ёстой л хуваарилалт шог гэдэг шиг. Найман нэрийн барааны дэлгүүрүүдийг кассын машин авахгүй бол үйл ажиллагааг нь хаана, бооно гэж айлгадаг шигээ яагаад энэ том дэлгүүр, захуудыг НӨАТ-ын баримт өг гэж нэхэж, шахаж болохгүй гэж. Эсвэл ард нь, ах дүү нь улстөрчид, төрийн сайд дарга, тэдний гар хөл байдаг болохоор асуудал нь өөр байдаг уу?

“Нарантуул”-ын наймаачид нь худалдан авагчдад, захын эзэн С.Сайхансамбуу түрээслэгчдэдээ НӨАТ-ын баримт өгдөггүйг баримтаар хэлж чадна. Дээр нь хувийн сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиудын төлбөр бүхэнд баримт өгөхийг шаардъя. Хэрэвзээ сүүдрийн эдийн засагт эргэлдэж байгааг их мөнгийг ил болгож, төсвийн орлого нэмье гэж жинхнээсээ бодож байгаа бол шүү дээ. Үйлчилгээний газруудад эргэлдэж байгаа мөнгийг тоолж эхэлсэн шигээ худалдааны газруудад эргэлдэж буй сүүдрийн мөнгөнд хяналт тавья. Захын нэгээ жишээ татахад нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 13 мянга гаруй иргэн орон сууцаа түрээсэлдэг. Тэнд хамгийн багаар тооцоход орон сууцны түрээсийн зах зээлд сард 520 сая төгрөг эргэлдэж буй гэсэн  судалгааг Татварын ерөнхий газраас хоёр жилийн өмнө хийсэн. Одоо ч яг ийм хэмжээний мөнгө орон сууны түрээсийн зах зээлд эргэлдэж байгаа. Дээр нь оффисын түрээс гээдхэдэн зуун тэрбум бидний нүдэн дээр л далд эдийн засгийг тэлж байна. Эд ингэж л байг уу, татварынхаан.

Уг нь далд эдийн засгийг бууруулах зорилгоор НӨАТ-ын хуулийг шинэчлэн баталсан ч их мөнгө эргэлддэг гол газруудынхаа мөнгийг бүртгэж чадахгүй болохоор эдийн засаг дахь үр дүн нь бага байх нь мэдээж. Хэрэвзээ дээрх дэлгүүр, захуудад эргэлдэж буй төгрөг бүрийг тоолоод эхэлбэл улсын төсвийн орлого нэг байтугай их наядаар давж биелэх биз.

Үгүйдээ Улаанбаатарын төдийгүй улсын хэмжээнд их хэмжээний төгрөг эргэлддэг эдгээр зах, дэлгүүрүүдийг кассын машинтай болговол ямар зах дээр, ямар дэлгүүрт хэдий хэрийн мөнгө бүртгэлгүй эргэлдэж байгааг тооцоход хялбар болох биш үү?

 Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж