OiM: Өөрийн гэсэн ухамсаргүй хүмүүсийг "Орк" гэдэг

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

OiM: Өөрийн гэсэн ухамсаргүй хүмүүсийг "Орк" гэдэг

OiM: Өөрийн гэсэн ухамсаргүй хүмүүсийг "Орк" гэдэг

Цахим сүлжээ тэлэх тусам олон сонирхолтой хуудас, сувгууд шинээр гарч ирэх болсон. Тэд бүгд өөрийн гэсэн хэв маяг, зорилгоороо ялгаатай. Энэ дундаас хөгжилтэй зураг, нийтлэлүүд оруулдаг “Only in Mongolia” хуудас зарим зүйлээрээ онцлог. Тэд бичсэн нийтлэлдээ хараалын үгийг түлхүү ашигладаг. Нийгэмд болохгүй байгаа асуудлуудыг хөндөж, залууст хүргэхийг хичээдэг. Хэдийгээр хараалын үгийг замбараагүй нийтэлдэг ч тэдний хэлэх гэж буй санаа хүмүүст таалагддагийг хуудасных нь хандалт, 100 мянга давсан лайкийн тоогоор харж болно.


Уг хуудсыг хөтөлж, нийтлэл оруулдаг залуугаас цөөн асуултад хариулт авснаа хүргэж байна.

-Өдрийн мэнд. Өөрийгөө бага ч гэсэн танилцуулаач?

-Өдрийн мэнд. Нэрээ хэлээд хэрэггүй байх. Одоо оюутан энэ жил Монгол Улсын Их Сургуулийг төгсөж байгаа.

-‘Only in mongolia’ хуудасны цаана хэдэн хүн байдаг вэ? Яагаад энэ хуудсыг үүсгэх болов?

-Би ганцаараа хөтөлдөг. Анх янз бүрийн “meme” хийдэг хуудас нээе гэсэн бодолтой байсан. Яваандаа нэг мэдэхэд л одооны энэ хэв маяг руугаа орчихсон байсан даа.

-Хуудсаа анх нээж байхдаа өнөөдрийнх шиг их хандалт авна гэж бодож байсан уу?

-Өмнө нь ямар нэг фэйсбүүк хуудас хөтөлж, янз бүрийн контент хийж байсан туршлага байгаагүй болохоор мэдээж өнөөдрийн энэ хэмжээнд хүрнэ гэсэн бодолгүй байсан.

-Нийтлэлүүд чинь бүгд их, бага хэмжээгээр хараалын үг агуулсан байдаг. Үүгээрээ ч олон хүний анхаарлыг татсан байх. Яагаад заавал хараалын үг ашигладаг юм вэ?

-Би амьдрал дээр ч өөрийн үзэл бодол, санаагаа шууд илэрхийлдэг төрлийн хүн. Өнөөдрийн энэ нийгэмд ихэнх залуучууд нь өөрсдийн гэсэн үзэл бодолгүй, хаана марзан юм байна тэрэнд л анхаарлаа хандуулдаг. Энэ бичээд байдаг олон янзын хараалын үгээрээ тийм хүмүүсийг татаж нийгмийн үнэн төрхийг нь харуулахыг хичээж, тэдэнд өөрсдийн гэсэн ухаантай байгаач гэж ойлгуулахыг оролддог. Нэг үгээр хэлбэл, хэрвээ би улиг болсон Бат-Отгон гэх мэт маанаг хүмүүсийн яриа, нийтлэлээс ялгаагүй юм бичдэг байсан бол тэд нэг нүдээрээ ч тоож уншихгүй. Яагаад гэвэл тэдэнд сонирхолгүй болохоор.

-Хараалын үг хэт их ашиглах нь бага насныханд буруу үлгэр дуурайлал болох талтай шүү дээ?

-Би анх хуудсаа нээхдээ л насны хязгаарыг нь 16-гаас дээш насныханд болгож тохируулсан. Тиймээс төрсөн он, сараа зөв оруулсан хүүхдүүдэд манай хуудас харагдахгүй гэсэн үг. Мөн тэр хүүхдүүдийн төрсөн он, сараа зөв оруулж байгаа эсэх нь миний анхаарал тавих ёстой зүйл биш. Харин эх, эцгийнх нь л хариуцлагын асуудал. Өнөөдөр эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал тавьдаггүйн балгаас болж интернетэд бага насны хүүхдүүд миний хараал ерөөлтэй пост байтугай тэрнээс долоон дор болж бүтэхгүй зүйлүүдийг их үзэж байгаа. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхдээ сайн хүн болгож өсгөе л гэж бодож байгаа бол эхний алхам нь үр хүүхдүүдээ багаас нь интернет орчинд яг юу үзэж, уншиж байгааг маш сайн хянаж байх хэрэгтэй.

-Хараалын үггүй нийтлэл оруулж байсан уу?

-Намайг даган дуурайж саяхан нэг хэсэг их олон хуудас нээгдсэн. Тэр үед нь нэг бичиж байсан юм байна.

-Өнөөдрийг хүртэл 100 мянга давсан лайктай болсон байна. Чухам үнэнийг нууж, хаалгүй шууд хэлчихдэг учраас хандалт их байдаг болов уу?

-Тэрэндээ ч байгаа байх. Мөн энэ нэг хараал хэлсэн шинэ урсгал гэхэд ч хаашаа юм. Бусдаас шал өөрөөр сэтгэж чадсандаа байх гэж боддог. Нэмж хэлэхэд ямар ч юмны анхдагч нь л хамгийн шилдэг байдаг юм. Тиймээс хүүхдүүд олон нийтийн сүлжээнд намайг дагаж хаа сайгүй бүдүүлэг хараал урсгалаа гээд хэзээ ч “Only in Mongolia” шиг хүмүүст хүрч чадахгүй болохоор больчих хэрэгтэй. Хараал хэлэх чинь ер нь бол маш бүдүүлэг үйлдэл юм.

-Ихэвчлэн хэдэн насны хүмүүс танай хуудсаар зочилдог вэ. Энэ талаар судалж байсан уу?

-Дийлэнх нь залуучууд байдаг.

-‘Орк’ гэдэг үгийг анх моданд оруулж байсан шиг санагдаж байна. Үгнийхээ утгыг олон янзаар тайлбарладаг. Хамгийн оновчтойгоор дахин нэг тайлбарлаач?

-Өөрийн гэсэн ухамсаргүй, анхан шатны ч соёлгүй хүмүүсийг хэлж байгаа юм.

-Нийгэмд болохгүй байгаа бүхнийг шүүмжилж, бусдад ойлгуулахыг хүсдэг шүү дээ. Одоогоор санааг чинь зовоож байгаа ямар асуудал байна?

-Залуус маань хэтэрхий жижигхэн хайрцагт баригдсан, хуучинсаг үзэл бодолтой болчихоод байгаа. Жишээ нь, дэлхий нийтийг хуйлруулж байгаа нэг “meme” хуудастаа нийтлэлээ гэхэд тэрийг ойлгож байгаа хүмүүс маш цөөхөн байдаг. Тэгсэн хэрнээ хэдэн мянган жилийн өмнөх нэг муу улиг болсон хошин шогийн яриануудад инээгээд явж байдаг. Бас нэг киноноос сурсан жалга довны үгээ хоёр гурван жил амны уншлага болгож явж байж л нэг юм уйдна. Хуучнаасаа салах дургүй л гэх юм уу даа. Энэ байдлаа болиод залуус маань дэлхийтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй байгаа юм даа.

-Монголын ямар фэйсбүүк хуудас руу орох дуртай вэ? Дургүй хуудсаа нэрлээч. Яагаад?

-“Just mongolian things” хуудас их дажгүй санагддаг. Дургүй хуудас гэвэл янз бүрийн хачин нэртэй, гадаадын “meme”-ийг шууд хуулчихсан байхыг харахаар л сэвс хөдлөөд байдаг юм. Өөрсдийн гэсэн толгойгүй юм шиг байдгаа л больчих хэрэгтэй байгаа юм.

-Цаашдаа хараалын үгээ багасгах бодол бий юу?

-Үгүй гэж бодож байна.

-Баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж