-Багшлах шалгалтдаа тэнцэхгүй, ур чадвар муутай, харилцааны доголдолтой багш, эмч нар эхлээд өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй-
Хүүхэд уйлахаараа, хөгшид үхэхээрээ айлгана гэдэг шиг сарын цалинг нь 1.6 сая төгрөгт хүргэхгүй бол ажил хаялт зарлана гэж багш нар сүрдүүлж байна. Ирэх Пүрэв гаригт 40 мянгуулаа жагсана. Хүний олон хүнээ барьдаггүй гэдэг үг ч уг нь бий. Гэвч бонд гаргаж, цалин нэмэхгүй бол жагсаал, цуглааныг өвөлжин, хаваржин хийж, дараагийн Засгийн газрыг огцортол тэмцэнэ гэж сүрдүүлж байна. Гэтэл бонд гэдэг юу билээ, эцсийн дүндээ өр, эргүүлж төлдөг мөнгө.
Улс эх оронд хэрэгтэй том төслийг хэрэгжүүлэхийн тулд хямд эх үүсвэр хайж, гадаад зах зээлд бонд босгодог болохоос биш төрийн албан хаагчийн цалинг өсгөхийн тулд аль ч улсын Засгийн газар бонд гаргадаггүй юм. Харамсалтай нь, Монголын багш нар дэлхийд байхгүй жишгийг шаардаж байна. 500 мянган төгрөгийн цалинг 1.6 сая төгрөгт хүргэхийг шаардаж буй. Хэрэв Засгийн газар багш нарын цалинг шаардсан хэмжээгээр гурав дахин өсгөвөл бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, төгрөгийн ханш унана. Арайхийн дэнжигнэж байгаа эдийн засгаа бүр мөсөн сүйрүүлнэ гэсэн үг л дээ. Гэвч тэдэнд яавал мөнгөний ханш унадаг вэ гэдэг наад захын ойлголт алга.
Багш нарын бойкот анхных биш. Ерөнхий сайд асан С.Батболдыг Засгийн газар тэргүүлж байхад Сүхбаатарын талбайд хэдэн зуугаараа жагсаж, цалингаа нэмүүлж чадсан.
Багш, эмч нар өнөөдөр улирал тутамд урамшуулал, таван жил тутамд тэтгэмж авч байна. Тэтгэвэртээ гарахад мөн нэг удаагийн тэтгэлэг авна. Нийлбэр дүнгээр нь авч үзвэл чамлах урамшуулал, тэтгэмж биш л дээ. Тухайлбал, тэтгэвэрт гарахдаа авдаг дунд ангийн багшийн тэтгэмж нь хамгийн багадаа 20 сая төгрөг болдог. Таван жил тутамд багш нар автомашинаа шинэчилдэг нь авдаг урамшуулалтай нь холбоотой.
Ер нь бол багш хийж байхад халтуур мундахгүй. Наад зах нь нэгдүгээр ангийнхан үсэглэлийн баяр хийхэд ухаалаг гар утас авч өгч, ажлыг нь үнэлнэ. Тавдугаар анги төгсгөхөд мөн л бэлэг авна. Есдүгээр анги төгсөхдөө ангийнхан нь бас л багшийгаа урамшуулна. Арванхоёрдугаар анги төгсөхөд мөн л баярлуулна. Багш нарын баяраар жил бүр гар цайлгана.
Хэрэв тэд багш болоогүй бол ийм олон бэлэг, урамшуулал хэнээс, хаанаас авах байсан бол. Өөрөөр хэлбэл, сарын цалин нь 500 мянган төгрөг байгаа нь чамлах шалтгаан ч ажил хаях хүртэл асуудлыг хурцатгаж буй нь харин эргээд хариуцлага нэхэхээс аргагүйд хүргэж байна.
Үе үеийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд байгаа боломжоо шавхан боловсролын салбарт ажиллагсдын цалин, урамшууллыг өсгөж ирсэн ч харамсалтай нь, сургалтын чанар дээшлээгүй. Харин ч жил ирэх тусам багшийн ур чадвар, ёс зүй доройтож, сурагчаа доромжилсон багш олширч байгаа тухай эцэг, эхчүүд гомдол тавих болсон.
Үүнийг ч нотлох мэт төгсөх ангийн сурагчид улсын математикийн шалгалтад хэдэн зуугаараа унадаг. Өнгөрсөн хавар элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн хичээлийн тестийг хэн задалсан билээ, багш.
Авч байгаа цалин амьдралд хүрэлцдэггүй гэж гомдол тавих хэрнээ амьдрал тааруу айлын хүүхдэд хандах багшийн хандлага, амьжиргаа сайтай сурагчид хандах хандлага газар тэнгэр шиг л зөрүүтэй байдаг.
Уг нь багш нарт сонголт бий. Багшийн цалингаа чамлаж байгаа нь хувийн хэвшлийн салбарт ажиллах бололцоотой. Гэвч тийм сонголт хийдэггүй.
Яагаад гэвэл хувийн хэвшлийн салбарт ажиллагсад өглөөний нарнаас үдшийн бүрий тасартал насаараа ажиллаад тэтгэвэрт гарахдаа төрийн албанд ажиллагсдын нэгэн адил нэг удаагийн тэтгэмж авдаггүй.
Улирал тутамд цалин дээрээ нэмж урамшуулал авах тухай ойлголт байхгүй, таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал ч байхгүй. Зөвхөн цалин л авдаг. Цалин нь ажлынх нь үр дүнтэй уялддаг. Алдаа гаргавал цалингаа хасуулна.
Харин сурагч математик, монгол хэлнийхээ шалгалтад 00 зааж, ангиараа унаж байхад багш ямар хариуцлага хүлээдэг вэ. Цалингаа бүтнээр нь авч, урамшуулал, тэтгэмжээ хүртэж байна. Багшийн ур чадвараас хамаарч сургуулиараа тухайн хичээл дээр унаж байсан ч хариуцлага яригддаггүй. Ард нь багш хийхээр залуу боловсон хүчнүүд дугаарлаж байхад зайгаа тавьж өгдөггүй.
Байсхийгээд хот руу мэргэжлээ дээшлүүлэхээр төрийн зардлаар сургалтад суухаар явна. Зарим сургалтын материалаа төрөөр даалгана. Гэвч багш нарын ур чадвар дээшилдэггүй, харин ч илүү ихийг шаарддаг.
Уг нь цалингаа нэмүүлэхийн тулд эхлээд багш нар ур чадвараа дээшлүүлж, шавь нартаа хүн байхын ухааныг өөрсдөөрөө үлгэрлэсэн бол боловсролын салбарынхны нэр хүнд шалан дээр унахгүй л байсан даа, харамсалтай.
Г.ХОРОЛ