Армяны тэрбумтан, үл хөдлөх хөрөнгийн могул Самвел Карапетьяны бага хүү хуримын ёслолоо Москвад хийжээ.
Карен Карапетьяны сүйт бүсгүйг Лилит гэдэг. Сошиал медиа сүлжээнд олны танил нэгэн. Тэдний хуримын тангараг өргөх ёслол Москва хотын Армян сүмд болж, үдэш нь Сафиса гэх тансаг ресторанд хүлээн авалтаа хийжээ. Үдэшлэгт хосуудын гэр бүл, ойр дотнын гээд хамгийн эрхэм 200 зочин оролцсон гэнэ.
Карен бол 52 настай Самвел Карапетьяны бага хүү. Эцэг Карапетьян үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгож, өдгөө 4.6 тэрбум ам.долларын хөрөнгөөр Forbes-ийн Орос тэрбумтнуудын жагсаалтын 32-т эрэмбэлэгдсэн нэгэн ажээ.
Самвел армян гаралтай боловч өдгөө Москвад амьдардаг. Түүний мэдэлд байдаг Ташир группийн бүрэлдэхүүнд Орос даяар 33 худалдааны төв, дөрвөн оффис цогцолбор, найман зочид буудалд харьяалагддаг байна. Харин сүйт бүсгүй Лилит Инстаграмд 11 мянган дагагчтай. Тансаг чамин амьдралынхаа зургийг оруулсаар сошиал хүрээнд өдий төдий фентэй болжээ.
Хосууд хэзээ танилцсан нь тодорхойгүй. Гэхдээ анх 2017 оны зургадугаар сард Карены ах Саргисын хуримын ёслолд хамт яваа гэрэл зураг нь хэвлэлд нийтлэгджээ. Тэр үед тэрбумтан Самвел Карапетьян ууган хүүгийнхээ хуримыг мөн л Москвагийн ихэс дээдсийн үйлчлүүлдэг тансаг газарт зохион байгуулсан аж. Хуримын зардал хоёр сая ам.доллар болсон гэдэг.
Бага хүүгийнх нь хурим ч мөн дуулиантай, Москваг донсолгосон, ёслол төгөлдөр болжээ. Зочдын дунд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүрээний албан тушаалтнууд, онцолбол Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, гэргий, уран гулгагч Татьяна Навкагийн хамт ирсэн гэнэ.
Түүнчлэн Италийн нэрт хөгжимчин Эрос Рамаззоти, Оросын дуучин Алла Пугачева, Вера Брежнева гээд алдартнуудын хөлд дарагдсан хурим болжээ.
С.ЦЭЛМЭГ