Лиценз олголт маргаан дагуулсаар

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

Лиценз олголт маргаан дагуулсаар

Лиценз олголт маргаан дагуулсаар

Хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим дугаар олголтыг Тагнуулын ерөнхий газраас тодорхойгүй хугацаагаар түр зогсоосон. Учир нь, зарим иргэнээс хуулийн байгууллагад хандаж уул уурхайн хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын явцыг шалгаж өгөхийг хүсчээ. Тиймээс  Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаас хамтарсан ажлын хэсэг гарч, хэд хэдэн компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг цагдаагийн эх сурвалж мэдээллээ.

Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-аас цахимаар олгодог хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг зарим компани хакердаж авсан байж болзошгүй гэж иргэд хардаж байгаа гэнэ. Мөн тусгай зөвшөөрөл олгодог АМГТГ-ын цахим сайт жил бүр доголдож, гацсан нь гаднаас хакердаад байна гэж хардах үндэслэл болжээ.

Хамгийн сүүлд АМГТГ-аас уул уурхайн компаниудад олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох ажлыг наймдугаар сарын 11-ний өдрийн 09.00 цагт эхлүүлэхээр төлөвлөсөн ч, сайт нь дахин доголдсон. Үүний улмаас цахимаар дугаар олгох үйл ажиллагааг АМГТГ-аас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Үүнээс 14 хоногийн дараа буюу наймдугаар сарын 25-ны Баасан гаригийн 11.00-11.10 цагийн хооронд программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг турших зорилгоор цахим дугаар олголтын туршилтыг тус газраас хийсэн ч  Тагнуулын ерөнхий газраас түр зогсоох арга хэмжээ авчээ.

АМГТГ-ын хэлтсийн дарга Г.ЗОЛСАЙХАН

АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн дарга Г.Золсайханы хэлснээр, тэр үед хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд үндэслэсэн дугаар олголт хэвийн болсон байжээ. Тиймээс гурав хоногийн дараа буюу наймдугаар сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрлийн дугаар олголтын сонгон шалгаруулалтыг хийхээр компаниудад зарласан байна. Гэтэл  Тагнуулын ерөнхий газрын даргын 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 01/1096 тоот албан бичигт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох цахим системийг хянах, шалгах шаардлагатай тул 28-ны өдөр зохион байгуулагдах сонгон шалгаруулалтыг хойшлуулах тухай мэдэгдлийг АМГТГ-т ирүүлсэн байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох системд 2015 онд хэд хэдэн удаа доголдол, саатал гарч байсан юм. Харин энэ удаагийн сайтын доголдол технологийн өөрчлөлттэй холбоотой байсныг АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн дарга Г.Золсайхан хэлсэн юм. Тэрбээр “Хайгуулын өргөдлийн дугаарыг цахимаар олгох системийг хөгжүүлсэн “Ай И Ар Пи консалтинг” компанид нэмэлт ажлын даалгавар өгч, үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна. Энэ удаад өөрчлөгдсөн нэг гол ажил бол VPN төхөөрөмжийг ашиглахгүйгээр хэрэглэгчид цахим системд өөрийн нэр, нууц үгээр нэвтэрдэг болгосон явдал. Дугаар олгох үйл ажиллагааг туршилтын журмаар бүртгүүлсэн компаниудын дунд хоёр өдөр нээлттэйгээр явуулахад программ хэвийн ажиллаж байсан учраас өргөдлийн дугаар олгох үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах шийдэлд хүрсэн. Гэтэл наймдугаар сарын 11-ний өдрийн дугаар олголтоор техникийн саатал гарч, програмын доголдол үүссэн. Төлөвлөсөн 600 дугаар олголт явагдаж чадаагүй учраас доголдолтой системээр дугаар олгох үйл ажиллагааг явуулж болохгүй гэж үзээд дугаар олгох үйл ажиллагааг бүхэлд нь хүчингүйд тооцож цуцалсан” гэсэн юм.

УУЛ УУРХАЙН 600 КОМПАНИД ДУГААР ОЛГОХ АЖИЛ ЗОГСЧЭЭ

Уул уурхайн нийт 600 гаруй компанид хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаар олгоно гэж АМГТГ-аас төлөвлөж байсан ч энэ тоондоо хүрэлгүй систем гацжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан доголдлын шалтгаан нөхцөлийг судлахаар АМГТГ дээр ажлын хэсэг байгуулж, “Ай И Ар Пи консалтинг” компаниас гаргасан програмын алдааны тайлан, мэдээллүүд (log, report)-ийг нягталж үзсэн гэв. Үндэсний дата төв дээр байрлаж буй серверүүдийн үйл ажиллагааг ч мөн адил шалгаж үзжээ. Ингэхэд “нэгж хугацаанд файлд хэт олон хандаж онгойлгож чадсангүй” гэсэн үйлдлийн системийн алдаа олон гарсан нь ажиглагдсан байна. Эндээс үүдэж програм доголдсон байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлтийг мэргэжлийнхэн хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж