МАН-ын Бага хурал ойртох тусам фракц, бүлэглэлүүдийнх нь нууц хуралдаан олширч, шинэ Засагт багтах сайд нарын нэрс илүү бодитой болох ч зарим нэг гэрэл цохисон мэдээллээр бол Ж.Эрдэнэбатын танхимыг тонгорсон нөхдүүд албан тушаалд сууж булайгаа чирэх нь.
Тодруулбал, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг, Сангийн сайдад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарыг, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярыг, Гадаад харилцааны сайдад Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатарыг нэр дэвшүүлэх сураг гарч байна. Уг нь тэд салбартаа мэргэшсэн, боломжийн улстөрчид байж болох ч Монголын улс төрд шударга ёс тогтоохоор Засгийн газарт хариуцлага тооцох кноп дарсан нь үнэн юм бол шинэ танхим бүрдэхэд амбицаа татаж, хяналтаа л тавь. Албан тушаал горилж, сандал суудлын хуваарилалтад багтвал хамгийн муу жишгийг л тогтооно.
Мэргэжлийн Засгийн газрыг огцруулсан УИХ дахь МАН-бүлгийн 33 гишүүний нэг үндэслэл нь төрийн албыг төрөл саднаар дүүргэсэн тухай байв.
Үнэндээ бол Ж.Эрдэнэбатын танхим дангаараа тэр их томилгоог хийчихсэн юм биш л дээ. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшиний хэлсэнчлэн төрийн албаны шахааг 65-ын бүлэг л хийсэн.
Зах зухаас нь нэрлэвэл, МАН УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газрыг байгуулсны дараа УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Гадаад харилцааны яаманд заларсан бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн төрсөн дүү Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайдаар, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнээр, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн дүү Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал болсон.
Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томилох ёстой гээд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Г.Занданшатар, Т.Аюурсайхан нар Ерөнхий сайдын өрөө сахиж, УИХ-ын дарга М.Энхболдыг эргүүлдэж суусныг одоо ч үгүйсгэх аргагүй.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг томилох болоход УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын амбиц хөдөлж, санаархаж явсан. Юу үнэн, энэ үнэн. Ялыг нь Мэргэжлийн Засгийн газарт тохож өөрсдөө уснаас хуурай гарсан болохоос биш. Одоо энэ алдаагаа дахиж бүү давт.
Тэр тусмаа Засгийн газраа тонгороод сайд болдог увайгүй занг улс төрд бүү дэвэргэ.
МАН-ын Бага хурал 300 гаруй гишүүнтэй. Ард түмний хүсэл зоригийг илэрхийлсэн, нэр цэвэр, мэргэжлийн хүмүүсээ Засгийн газрыг бүрдүүлэхэд анхаарахыг олон нийт хүсэж байна.
Засгийн газраа огцруулсан 33-т мөн улс төрийн хариуцлагаа тооцохыг ч шаардаж буй. Тэр цагт Монголын улс төрд нүүрлэсэн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэнчлэн хажуу бөөрнөөс нь нударч, араас хутга дүрдэг увайгүй үйлдлийг хазаарлаж чадна.
Хэдхэн хоногийн дараа Бага хурал болно. Урвагчдадаа ч бас хариуцлага тооцож чадах эсэхийг харж л байя.
Г.ХОРОЛ