Б.Тамир: Энэ бол миний “Зүрхний хилэн”

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

Б.Тамир: Энэ бол миний “Зүрхний хилэн”

Унгарын Засгийн газраас мөрийтэй тоглоомыг хориглох ажлынхаа хүрээнд тус улсын кафе, баар зэрэг газруудад автомат тоглоомын машин байрлуулахыг хориглох байна.

“Зүрхний хилэн” түүхэн уран сайхны кинонд нийт 200 гаруй уран бүтээлч оролцож, зургийн талбар дээр 80 уран бүтээлч ажиллажээ.

 “Фантастик” продакшны уран бүтээлчид  бүтэн хоёр жилийн хугацаанд Монгол эх орныхоо үзэсгэлэнт байгальтай Булган, Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Дундговь аймгуудаар 10 мянган км замыг туулж, киноны зураг авалтыг хийсэн байна. Тус продакшны найруулагч Бат-Өлзийн Тамиртай шинэхэн уран бүтээл болон амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.


Өнөөдөр хүн бүр зүрхэндээ “хилэн”-тэй байна

“Зүрхний хилэн” хэмээх шинэхэн уран бүтээл үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Их ажлын хажуугаар цаг, зав гарган ярилцаж байгаад баярлалаа. Киноны бэлтгэл ажил хэр байна вэ?

-Шинэ уран бүтээлийн маань бэлтгэл ажил дууссан. Одоо үзэгчдэдээ киногоо хүргэх л үлдээд байна. Хамгийн гол нь хүмүүсийн энэ их хүлээлтэд хүрэхгүй кино болчих вий гэж айж байна. Гэхдээ хүмүүс киноны треллер үзээд огшоод байгаа юм чинь гайгүй байх.

-Та хэр догдолж байна вэ. Зарим найруулагч киноныхоо нээлтийг үзэж чаддаггүй гэдэг. Та киноныхоо нээлтийг үздэг үү?

-Мэдээж догдлолгүй яахав. “Фантастик” продакшн, “Монгол контент” компанийн хамтарсан анхны түүхэн кино. Би шалгалтаа өгч, дүнгээ тавиулж байна гэсэн үг л дээ. Энэхүү кино маань хүмүүст намайг найруулагч мөн үү гэдэг цензурыг тогтоох бүтээл болно гэж бодож байна. Харин би  яг хариуцлагатайгаар нүүр тулна. Үзэгчид кино үзээд хэрхэн хүлээж авах нь уу гэдгийг дунд нь сууж байгаад үзнэ. Хэрвээ кино маань муу болбол энэ миний асуудал. Харин сайн болбол энэ манай багийн асуудал.

-Киноныхоо зохиолын талаар яриач. Зарим нь зохиолч Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” романаас сэдэвлэсэн гэж андуурч байх шиг байсан?

-“Зүрхний хилэн” киноныхоо зохиолыг жүжигчин Э.Алдар бид хоёр 14 хоног бичсэн. Харин зохиолынхоо үндсэн үйл явдал, драматурыг нь гаргахад зургаа, долоон сар болсон. Энэ киногоо зүгээр ч нэг хийе гээд хийгээгүй. Ерөнхийдөө “Фантастик” продакшны болон найруулагч Б.Тамирын төлөвлөгөөгөөр явж байгаа гэсэн үг. Энэ цаг үед энэ сэдвээр хийе гээд л хийсэн кино. Би юу дуугарч, орилмоор байна, юу хэлэх гээд бачуураад байна вэ гэсэн илэрхийлэл.

Ямар сайндаа л “Зүрхний хилэн” гэж киногоо нэрлэх вэ дээ. Анх намайг энэ нэрийг өгөхөд Ж.Пүрэв гуайн романаас сэдэвлэсэн юм уу гэж асууж байсан. Бид тэр романаас юу ч сэдэвлээгүй. Угаасаа авахгүй. Аваад ч хийж чадахгүй. Энэ бол миний “Зүрхний хилэн”. Өнөөдөр хүн бүр зүрхэндээ хилэнтэй байна. Тэрийг л бид хүмүүст харуулахыг хүссэн. Киногоо шилийн сайн эрчүүдийн цугларалт ч юм уу тийм нэр өгч болно шүү дээ. Гэхдээ кино зохиолыг базаад хэлэхэд “Зүрхний хилэн” гэдэг нэр л яг таараад байгаа байхгүй юу. Энд бас гадны нөлөөлөх хүчин зүйл ч байгаа.

-Юу?

-Найруулагч Б.Тамирын “Зүрхний хилэн” хөдөлсөн байх нь байна шүү дээ. Тийм учраас энэ кинон дээр ажиллахаар болсон.

Анхны түүхэн бүрэн хэмжээний уран сайхны кино шүү дээ. Та бүхэн түүхэн кино хийхэд багагүй судалгаа хийсэн байх?

-Бидний судалгааны ажилд Монгол Улсын их сургуулийн түүхийн ухааны доктор, профессор Ц.Цэрэндорж, манж судлалаар мэргэшсэн Хэл шинжлэлийн ухааны доктор М.Баярсайхан ах маш их тусалсан. Тэд маань түүхэн сэдвийг залуус хөндөн хийж байгаад талархан, дэмжиж ажилласан. Судалгааны тал дээр тусалж, хувцас жижиг хэрэгсэл, хууль цаазаас нь авахуулаад судалж, ямар хэрэг хийсэн хүн яагаад шилийн сайн эр болоод байсан бэ гээд энэ бүхний учир шалтгааныг өөрсдийнхөө хэр хэмжээнд гаргаж хийсэн байгаа. Кино маань ерөнхийдөө хоёр цаг 30 минут үргэлжилнэ. Магадгүй үзэгчид уйдна гээд киногоо хасч болох ч хасаагүй. Би энэ тал дээр санаа зовохгүй байна.

-Шилийн сайн эрс, манж ноёдын дүр сонголтыг хэрхэн хийв. Найруулагч өөрөө жүжигчдийн дүр сонголтыг сонгосон уу?

-Манай “Фантастик” продакшн бүх жүжигчдийн дүрийг өөр болгож гаргахыг хичээдэг. Жүжигчид маань ч дүр дээрээ сайн ажиллах гэж хичээдэг. Бидний хамгийн анхны түүхэн дүр, найруулга, зураг авалт байсан учраас маш их хичээж ажиллацгаасан. Мөн Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Золбоот ахын хувьд дүүгүүр Лодой гэх шилийн сайн эрийн дүрд тоглосон. “Зүрхний хилэн” кинонд ихэнх алтан үеийн жүжигчдийг тоглуулсан.

Анх “Амингоо” хэмээх богино хэмжээний түүхэн бүтээлээр эхэлсэн

-Зарим хүмүүс Б.Тамир найруулагчийг их ааштай гэдэг. Найруулагчийнхаа хувьд ажлын ямар зарчим баримталдаг вэ?

-Хүмүүс угаасаа намайг ааштай найруулагч гэдэг. Тэр чинь бас ажлын л шаардлага л даа. Тэрнээс биш энгийн амьдрал дээрээ аашлаад байвал захын амьтан “Солиотой юм уу” гэнэ биз дээ. Лабораторийн ажил эхлэхийн өмнө маш их төлөвлөгөө ярина. Тэр болгон дээр бүгдийнх нь хариуцлагыг тооцоолдог. Энийг ингэнэ. Хэдэн сарын тэдэнд тэр, тэр ингэж байна. Тэр бүхэн байхгүй бол энэ кино группийн 80 хүн сул зогсолт гарна. Сул зогсолт гарвал нэг хүний өдрийн цалин хэд байх билээ гээд нарийн төлөвлөсөн байдаг. Тэгээд ойлгомжтой бүх зүйлийг ярьж тохирсон байхад алдаа гаргаж байгаа бол уурлахгүй байхын аргагүй биз дээ. Манай уран бүтээлчид зургийн талбай дээр ирээд текст хараад гардаг жүжигчид биш. Наана нь бид киноны зохиолын задаргаа гэж олон хоног уншина. Учраа олохгүй будилна. Учраа олоод даалгавар өгч, хичээж ажиллана. Ингэж байж би зургийн талбай дээр бага орилмоор байгаа байхгүй юу. Бүгдийн ойлгуулчихсан байхад дахин цаг алдуулбал хүн уурлана даа. /инээв/

Тиймээс ерөөсөө л төлөвлөлт. Маш нарийн төлөвлөлт гаргаж байж маш бага зардал гаргана. Илүү цаг хугацаа алдахгүй. Зорилгынхоо оройг л харах хэрэгтэй. Төлөвлөлт, тактикаа зөв боловсруулах хэрэгтэй. Энэ цэгт хүрэхийн тулд ийм юм хийх ёстой гээд зарчимч бөгөөд хариуцлагатай ажиллах нь чухал. Би өнөөдөр энэ киноны найруулагчаар ажиллаж байна. Энэ кино сайн, муу болох нь миний хариуцлага. Энэ дүр сайн муу болох нь тэр жүжигчний хариуцлага. Бүгд дор бүрнээ өөрсдийнхөө ажлыг хариуцаж авсан байх нь чухал.

-Аавтайгаа хамтран “Маш нууц” киноны дараагийн ангийг хийнэ гэж сонссон. Энэ киноны зураг авалт дууссан уу?

“Маш нууц 2” киноны зураг авалт дууссан. Сая “Зүрхний хилэн” уран сайхны киноны зураг авалтыг дуусгачихаад “Маш нууц”2” киноны зураг авалтыг авчихаад байж байна. Одоо “Зүрхний хилэн” киноныхоо нээлтийг хийчихээд удахгүй “Маш нууц 2” киноныхоо нээлтийг хийнэ дээ. “Маш нууц 2” киноны зураг авалтыг Байтаг богдод хийсэн. Одоо монтажны ажлыг хийж байгаа.

-Таны найруулагчийн анхны бүтээл?

-Анзаарах юм бол анх 2013 онд “Амингоо” хэмээх богино хэмжээний түүхэн бүтээлээр эхэлж байсан. Би тэндээс л анх  “Түүхэн кино хийж чадах юм байна” гэдэг очийг олж харсан. Би тухайн үед “Би арай болоогүй байгаа. Илүү туршлагажих хэрэгтэй. Цаг нь болсон цагт түүхэн кино хийнэ” гэж бодож байсан. Би “Амингоо” киноны зохиолыг өөрөө бичиж,  жүжигчин Ц.Цэрэнболд, Д.Ганцэцэг, С.Дамдин, Н.Ялалт ах зэрэг уран бүтээлчид тоглож байсан.

Би тэр үед дөнгөж Соёл урлагийн их сургуулиа төгсөж байсан учраас шууд бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээсээ өмнө өөрийгөө туршиж үзсэн. Дотор хүн маань хийчих гээд байдаг. Тэгээд л ээж, аав хоёртойгоо ярилцлаа. Тэгсэн чинь “Бид хоёр юу хэлэх вэ .Чи өөрөө бүх юм аа шийд дээ” гэсэн. Анхны бүтээл маань хүмүүст их хүрсэн юм шиг байна лээ. Зарим хүмүүс хараад “Өө анх энэ киног хийж байсан юм уу” гэдэг.

-Б.Тамир найруулагчийг дахин түүхэн кино хийнэ гэж дуулсан. Ямар түүхэн сэдэв байх нь сонирхол татаж байна?

-“Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана” гэдэг шүү дээ. Миний толгой дотор түм түмэн санаа байна. Гэхдээ цаг үе алийг нь нэхэж байна гэдгийг харгалзаж сэдвээ сонгож хийнэ. Гэхдээ анзаарсан бол “Маш нууц” кино 1960-аад он, “Зүрхний хилэн” 200 жилийн өмнө гээд бага багаар доошлоод байгаа биз. Би  энэ бүхнээс туршлагажиж байна. Тэгж байж яг миний сэтгэлийн мухарт байгаа бүтээл төрнө. Би дотроо бөөцийлөөд л, босгоод л байгаа. Магадгүй 50 нас дөхөөд  өөрийн хүссэн түүхэн бүтээлээ хийх болов уу даа. Би тэр цагт “Ийм ярилцлага өгч байсан даа” гэж ярих байх.

Ашгийнхаа 50 хувийг гар дээрээ авсан хүн арай өөрийг бодно доо

-Сүүлийн үед киночдыг инээдмийн жанрын кино ихээр хийж байна гэж шүүмжилдэг. Харин таны хувьд түүхэн сэдвийг барьж авчээ. Магадгүй энэ шүүмжлэлээс давсан бүтээл хийхийг хүсэв үү?

-Цагаан хор шар гэж байдаг шүү дээ. Монгол уран бүтээлчдийг тэр дундаа кино урлагийнхныг юу ч хийж чадахгүй гэж хэлдэг. Амтай болгон нь тэднийг муулдаг. Үндэсний үйлдвэрлэл гэхээр эд материаллаг зүйлийг дэмжихийг хэлээд байгаа юм биш. Монгол ухаан, монгол сэтгэлгээ, монгол кино. За яахав дээ муу кино гараа л биз. Тэглээ гээд тэр хүний халааснаас мөнгө урсаагүй шүү дээ. Тэр хийсэн хүмүүс алдаж, алдаанаасаа суралцаж, ухаарч байгаа. Тэгэхгүй манай үзэгчид хүний алдаан дээр бүжиг хийх их дуртай. Инээдмийн киног аймар амархан гэдэг. Хүнийг уйлуулахаас илүү инээлгэх хамгийн хэцүү. Гэтэл киночдыг муулахын оронд яагаад энэ хүмүүс инээдмийн киног ийм хөнгөн зардлаар хийгээд байна вэ гэдгийг бодож болно шүү дээ. Өнөөдөр төр засгаас кино урлагт анхаарал хандуулж байгаа зүйл юу ч байхгүй. Бүр хууль  ч байхгүй. Үзэгчид нь үнэгүй кино үзэх дуртай.

Би өөрөөсөө мөнгө гаргаад кино хийчихээд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх нь зөв биз дээ. Гэтэл сошиалд уран бүтээлийг нь хулгайлчихаад “Юун сүртэй юм, Ямар шуналтай юм бэ” гэдэг. Оюуны өмчийг хэзээ ч үнэлж баршгүй. Үүнийг харж хандах улсын бодлого, яамдын ажиллагаа дутуу байна.

-Монголын киночдыг жилд хэд хэдээр нь кино хийгээд л ашигтай ажилладаг гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Биднийг кино хийгээд их мөнгө олоод, цөм баяждаг гэж ойлгодог. Үгүй шүү дээ. Кино театрууд орлогын талыг авна. Улс 10 хувийг нь авна. Тэгэхээр уран бүтээлчдэд 20, 30 хувь л үлддэг. Тэгэхээр энэ урлаг хөгжихгүй ээ. Магадгүй ашиг орлогынхоо 50, 60 хувийг цэвэр гар дээрээ авсан хүн арай өөрийг бодно доо. Тэгэхээр 30 хувийг авсан хүмүүс тэр мөнгөндөө тааруулаад л кино хийнэ биз дээ. Бид тийм ч гэсэн их хэмжээний зардал гаргаж, эрсдэлийг үүрч ажилладаг. Үзэгчид бидний сайнд бус тэр бүтээлээр цангасан учраас кино урлагийг сонирхож байна.

-Та саяхан ажлаар гадаад яваад ирлээ гэсэн. Магадгүй “Фантастик” продакшн киногоо гадны зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байна уу?

-Киногоо гадны зах зээлд гаргахын тулд урт хугацааны ажил болдог. Ойролцоогоор яриа гэрээ, дүрс дуу бичлэг, наашаа, цаашаа ирж очно гээд жил гаруй ажил болно. Би саяхан энэ ажлаар гадаад яваад ирлээ. Хэрвээ улсаас кино урлагийн салбарыг тоохгүй бол сайн уран бүтээл хийх сэтгэл надад төрөхгүй. Хийлээ гэхэд Монголд лав хийхгүй. Гэхдээ миний зорилго кино урлагаар дэлхийд Монголынхоо нэрийг гаргах юм. Бид хийж чадахгүй биш чадна. Залуус зорилгоо хараад хөдөлмөрлөж чадвал мэдэхгүй, чадахгүй зүйл байхгүй. Монголчууд дэндүү авьяастай. Дэлхий даяараа кино урлаг мөнгөний уурхай болсон гэдгийг ойлгоод байна. Гэтэл манай кино урлаг дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна шүү дээ. Үзэгчид, уран бүтээлчид бие биеэсээ улам л холдож байна. Бид өнөөдөр яагаад “Make in the movie 10 цувралыг хийж байна вэ гэвэл хүмүүст кино урлагийг сурталчилж, ойлгуулахыг хүссэн. Тэр 10 цувралыг хийхэд бас л зардал шүү дээ. Ингэснээр бид ирээдүйн үзэгчдээ хүмүүжүүлж, кино хийхэд ямар байдгийг мэдрүүлж, ойлгуулах гэсэн юм.

-Хүмүүс таныг ихэр гэдгийг мэднэ. Эмэгтэй ихэр чинь Монголд амьдарч байгаа юу?

-Бид эхээс гурвуулаа. Манай том ах бол чуулгад ардын бүжигчин хүн байсан юм. Одоо гэр бүлтэйгээ АНУ-д амьдарч байгаа. Миний ихэр АНУ-д суралцаад, Монголдоо санхүүгийн мэргэжлээр ажиллаж байна. Урлагийнхан О.Бат-Өлзий, С.Сарантуяа хоёрын хоёр ихэр гэдгээр сайн мэддэг. Багаасаа л Улсын драмын эрдмийн театр, Монгол кино үйлдвэр, Хүүхэд, залуучуудын театраар хоёр ихэр хөтлөлцөөд гүйдэг байлаа.

-Таны хувийн амьдралын талаар элдэв мэдээлэл гарч байдаг. Тэр бүхэнд эмзэглэдэг үү?

-Би тэр бүхэнд эмзэглээд байдаггүй. Золоо бид хоёр одоо энгийн сайхан найзууд. Бид хоёрт охиноо маш сайн төлөвшсөн гэр бүлд зөв хүн болгох зорилго бий. Яг үнэндээ миний амьдралаас ч аймаар амьдралтай хүмүүс олон байгаа. Миний хувьд хүмүүсийн анхааралд байлаа гээд “Ингэчих вий” гэж боддоггүй. Энэ бол миний амьдрал. Би өөрийнхөө уран бүтээлийг хүмүүст тайлагнана уу гэхээс хувийн амьдралаа тайлагнаж, дүгнүүлэх хүн биш.

Тэдний юу гэж дүгнэх нь ч надад падгүй. Тийм учраас би ерөөсөө эмзэглэдэггүй. Намайг баахан бүсгүйчүүдтэй холбодог. Хүн юм чинь хүнтэй үерхэж, найзалж, бие биенээ танина биз дээ. Тэгэхэд л бүгдийн эхнэр болгочихдог. Надтай нийлсэн хүн дахин хэл амны бай болно. Гэхдээ би тэрнээс айхгүй.

-Их ажлын хажуугаар охиндоо хэр цаг гаргаж байна?

-Охиндоо цаг гаргана. Гэхдээ маш бага л цаг гаргаж байна. Үүнийгээ ч  мэдэж байгаа. Охиныг минь  одоо эмээ, өвөө нь хардаг. Би өглөө гараад л шөнө орж ирдэг. Заримдаа зориудаар цаг гаргаж байгаад охинтойгоо болзоно. Гадуур явна. Хоол иднэ. Кино үзнэ. Хоорондоо ярилцана.

А.Цээсүрэн

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж