Трампын Азийн айлчлал

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

Трампын Азийн айлчлал

“Вox office” өнгөрсөн долоо хоногийн шилдгүүдээ тодруулж ашиг орлогоороо эхний таван байранд орсон уран бүтээлийг танилцуулжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ирэх арваннэгдүгээр сард Азийн орнуудад арав хоногийн айлчлал хийхээр төлөвлөжээ. Тэрбээр Хятад, Япон, Өмнөд Солонгос улсад айлчлах төлөвлөгөөтэй  байгаа юм байна. АНУ-ын ерөнхийлөгчийн Ази дахь айлчлал эдийн засаг, аюулгүй байдлын өндөр ач холбогдлын хувьд  дэлхийн улс орнуудын анхаарал татаж байна. Трампын айлчлалын гол сэдэв Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, худалдаа байх талаар эх сурвалжууд мэдээлжээ. Трамп Хойд Солонгосын цөмийн амбицыг хэрхэв ч тэвчихгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж, АНУ-ын санаачилгаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пхеньяны эсрэг хоригоо чангатгасан билээ. НҮБ-ын шинэ хориг үр дүнд хүрэхэд Хойд Солонгосын гол холбоотон Хятадын оролцоо гол үүрэгтэй. Иймд, Трампын Хятадад дахь айлчлал Хойд Солонгосын цөмийн асуудал, хориг арга хэмжээнд төвлөрөх аж. Хятадын талаас Өмнөд Солонгост байршуулсан АНУ-ын пуужингаас хамгаалах  “THAAD” системийг буцааж, Пхеньянтай яриа хэлцлийг замаар зөрчлийг шийдвэрлэхийг уриалж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын дарга Си Жинпин нар

Энэ есдүгээр сарын эхээр Хойд Солонгос зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийснээс гадна өнгөрсөн долоо хоногт 3700 км туссан баллистик пуужинг хөөргөсөн нь олон улсыг түгшээж байна. Хойд Солонгосын пуужингийн тусгал АНУ-ын Гуам арал хүрэх хангалттай зайг туулсан нь анхаарал татжээ. Пхеньяны заналхийллийн эсрэг хөрш зэргэлдээ Өмнөд Солонгос улс АНУ-тай хамтран хойгт цэргийн сургуулилт явуулж “сүрийг үзүүлсэн” юм. Тэгвэл ОХУ болон Хятад улсууд хамтран Хойд Солонгосын хил залгаа Владивосток боомтоос холгүй тэнгисийн цэргийн сургуулилт хийх гэж байна. Энэ нь 2017 онд Хятад, ОХУ-ын хамтарсан хоёр дахь цэргийн сургуулилт аж. Өмнө нь өнгөрсөн долдугаар сард Балтын тэнгист хоёр орны хамтарсан цэргийн сургуулилт болсон. Оросын “TASS”, Хятадын “Xinhua” агентлагийн мэдээлснээр хамтарсан цэргийн сургуулилтад 11 усан онгоц, хоёр шумбагч хөлөг оролцох бөгөөд есдүгээр сарын 26-ны хүртэл үргэлжлэх гэнэ.

Өнгөрсөн долдугаар сард Балтын тэнгист ОХУ, Хятадын хамтарсан цэргийн сургуулилт болсон.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Азийн айлчлалын хүрээнд Вьетнамд болох “AРЕС” Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны хуралд уулзалтад оролцож магадгүй гэнэ. Мөн Филиппинд болох “ASEAN” Зүүн Өмнөд Азийн орнуудын чуулга уулзалтад ч оролцох санаа байгаа аж. Одоогоор Трампын багийнхан аль чуулга уулзалтад оролцохыг хараахан шийдээгүй байна. “APEC” чуулга уулзалт арваннэгдүгээр сарын 11-12-нд Вьетнамын Дананд, “ASEAN” чуулга уулзалт Филиппиний Ангелес хотноо арваннэгдүгээр сарын 13-14-нд болох аж.

Өмнө нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс мэдэгдэхдээ Трампын айлчлалд Филиппин улс багтаж байгааг дуулгасан юм. Харин Трамп хэлэхдээ “Филиппиний ерөнхийлөгч биднийг урьсан. Тиймээс бид очно” хэмээн мэдэгджээ. Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте хар тамхины бүлэглэлийн эсрэг дайн зарлаж, улсаа “эрүүлжүүлэх” аян өрнүүлж эхэлснээс хойш 15 сарын хугацаанд 3800 гаруй хүн амь үрэгдээд байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна.

Азийг зорих айлчлалын өмнө Трамп далайн хар шуурганд сүйдсэн Флоридад очиж нөхцөл байдалтай танилцахаар төлөвлөжээ. Хэдэн тэрбум ам.долларын хохирол учруулсан Ирма далайн хар шуурга нь Трампын засаг захиргааг сорьсон байгалийн анхны гамшигт үзэгдэл болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж