Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Энхжин” хотхоны VII байрны гаднаас “Лексус-570” машинаа хулгайд алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө гэмт этгээд үүрийн 05.50 цагийн үед хохирогчийн гэрт цонхоор нь орж, ”Iphone-7”, “Samsung-S5” гар утсыг нь хулгайлж гарахдаа салхивчны тавцан дээр байсан машиных нь түлхүүрийг авсан байжээ. Улмаар байрны гаднах зогсоолоос “99-11 УБГ” улсын дугаартай “Лексус-570” маркийн машиныг нь унаад явсныг цагдаа нар тогтоосон байна.
Хулгайд алдагдсан машиныг өчигдөр /2017.09.18/ Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс олсон ч гэмт этгээдийг барьж чадаагүй тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Гэхдээ машины хаалга нь онгорхой, түлхүүр нь байхгүй байсан байна. Эх сурвалжийн хэлснээр, хулгай хийсэн этгээдийг хэн болохыг нь тогтоож, дайчлан баривчлах ажиллагааг орон даяар эхлүүлжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.
Д.УУДАМ