Ерөнхийлөгч НҮБ-ын Ассамблейд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч НҮБ-ын Ассамблейд оролцохгүй

УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын маргааныг өнөөдөр Улсын дээд шүүхэд дэнслэх гэж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулган есдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болно. Монгол Улсын хувьд энэ хуралд оролцож, байр сууриа илэрхийлдэг уламжлалтай. Энэ удаагийн чуулганд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм байна. Мөн төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах аж. Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил чуулганы үеэр болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нарын уулзалт, Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалт, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгоход дэмжлэг үзүүлэх бага хурал, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний сайд нарын уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнуудын сайд нарын албан бус уулзалтад тус тус оролцох юм. Түүнчлэн Литва, Румын, Канад улсын Гадаад хэргийн сайд, АНЭУ-ын Төрийн сайдтай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд тасралтгүй оролцож байсан бол энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Гэвч энэ чуулганд УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд нарын хэн нь ч оролцож болдог аж.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урилга бүхий тусгай хуралдаан маргааш Нью-Йорк хотноо болно. Тусгай хуралдаанаар НҮБ-ыг өөрчлөн шинэчлэх асуудлыг хэлэлцэх юм. Тусгай уулзалтад оролцох төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс НҮБ-ын шинэчлэлийн асуудлаар дэлхийн улс орнуудын удирдагчидтай ярилцах, АНУ-ын зүгээс тавьж буй 10 заалт бүхий шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх ёстой гэнэ. 10 заалт бүхий шаардлагад, НҮБ-ын ажилтнуудын тоог цөөлөх, тэр дундаа үндсэн байгууллагууд дахь орон тоог цөөлөх, улс орнуудын төлдөг татварыг тэнцвэржүүлэх зэргийг тусгажээ. Энэхүү тусгай уулзалтад Монгол Улсыг төлөөлж буй Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил оролцох аж.

Сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай уулзалтын урилга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд ирээгүй гэнэ. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж