Багш нар сарын цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг Засгийн газарт хандан тавьсан ч хариу өгөөгүй тул есдүгээр сарын 21, 26-нд сануулах ажил хаялтыг улсын хэмжээнд зохион байгуулах болсон талаар өнөөдөр /2017.09.18/ Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мөн энэ хугацаанд Үйлдвэрчний эвлэлтэй хамтран Арбитрын шүүхэд хандана гэдгээ мэдэгдэв. Засгийн газраас тодорхой арга хэмжээ аваагүй нөхцөлд цаашид хугацаагүй ажил хаялтыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно гэдгээ мэдэгдлээ.
Энэ үеэр бид Багшийн цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяагаас дараах асуултад хариу авлаа.
-Багш нар гар дээрээ хэдэн төгрөгийн цалин авч байна вэ. Цалинг нь 1.6 сая төгрөгт хүргэх эдийн засгийн чадавх харагдахгүй байгаа шүү, төсөвт улам их ачаалал өгнө. Цалин өсгөх шаардлагатай зэрэгцээд боловсролын чанар муу гэдэг асуудлыг эцэг, эхчүүдийн зүгээс тавьж байна. Шүүмжлэлийг хүлээж авах уу?
-Тийм ээ, боловсролын чанарын асуудал Монгол орон даяар яригдаж байна. Өнөөдөр багш нарын дундаж цалин 500 мянган төгрөг. Тийм учраас бид багш нарынхаа чадавхийг сайжруулъя, боловсролын чанарыг сайжруулъя гэдэг агуулгаар Засгийн газарт хандан сарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсан.
Шүүгч нар сарын 3-4 сая төгрөгийн цалин авч байна. Гэтэл ирээдүйг хөтлөгч багш нар 500 мянган төгрөгийн цалин авч байгаа нь амьдралд хаанаа ч хүрэхгүй, өрнөөс өрний хооронд банкны зээлтэй явж байна. 1.6 саяын цалин их цалин биш. Бонд босгоод энэ асуудлыг шийдэх боломжтой.
Одоо бидний гар дээрээ авч байгаа цалин зөвхөн амьдралын 30-40 хувийн хэрэгцээг хангах л цалин. Байр орон сууцны мөнгөө төлөөд явъя гэвэл сарын цалинг 1.6 сая төгрөг болгох шаардлагатай. Дэлхийн жишигт нийцүүлье гэвэл 650 ам.долларын цалин л болгох гээд байгаа юм.
-Багш тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авдаг. Ажиллаж байх хугацаандаа таван жил тутамд тэтгэлэг, дээр нь цалингаасаа гадна улирал бүр урамшуулал авдаг. Урамшуулал тэтгэлгийг нь оруулаад тооцвол чамлахааргүй?
-Саяын хэлсэн нэмэгдлүүд худлаа. Хөдөө, орон нутагт ажилладаг багш нар таван жилийн нэмэгдэл авдаг, хотын багш нар авдаггүй. Улирлын урамшууллыг сарын 15 хувиар бодож өгөх ёстой. Гэтэл тэр хэмжээгээр өгдөггүй, төсөв хүрдэггүй гэдэг шалтгаанаар хасагдаж ирдэг. Багш нар тэтгэвэрт гараад тэтгэвэр, тэтгэмжээ авч чадалгүй нас бардаг.
Гадуур багш нар маш их урамшуулал авдаг гэдэг сенсаац явдаг. Багш нар гар дээрээ 500 мянган төгрөгийн л цалин авдаг. Эхний жил ажиллаж байгаа багш гар дээрээ 430 мянган төгрөгийн цалин авдаг. Над шиг 20 жил ажиллаж байгаа багш 500 мянган төгрөгийн цалин авдаг.
Банкны зээлээ өгөхөд гар дээр мөнгө үлддэггүй. Дахиад л өр тавьдаг.
-Өнгөрсөн жилүүдэд багш нар олон удаагийн жагсаал зохион байгуулж, цалингаа өсгөсөн. Гэтэл боловсролын чанар дээшлээгүй, бахь байдгаараа байгаа. Хоёрт, цалинг 1.6 сая төгрөг болгох боломжгүй. Шаардлагаа эргэж харж болдоггүй юм уу. Арай амьдралтай шаардлага тавьж болохгүй юу?
-Монгол орон ядуу биш баялагтай баян орон. Бүх хүний цалинг нэм гэж бид шаардаагүй. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарыг оруулаад 35 мянган багшийн асуудал юм. Бид бол маш олон гарцыг харж байгаа.
Энэ гарц гаргалгааг бид хийх ёстой бус хийж чадна гэж гарсан Засгийн газар хийх ёстой. Өнөөдрийн 200 ам.доллар бидний амьдралд хаанаа ч хүрэхгүй байна. Өмнө нь цалин нэмсэн гэсэн ч дэвтэр засалтын мөнгө зэргийг хасчихсан. Багш нарын цалин боломжийн байсан бол ингэж жагсахаар цул болохгүй. Хөдөө, аймаг, нийслэлийн багш нар нэгдэхгүй шүү дээ.
-Цалинг 1.6 сая төгрөг болгож нэмээгүй нөхцөлд жагсал цуглаан, ажил хаялт өвөлжин, хаваржин хавтгай явна гэж ойлгож болох уу?
-Нэмтэл нь явна, жагсана, ажил хаяна. Чихийг нь онгойтол явна. Монголын төр өнөөдөр дүлий болсон юм байна. Ард түмнээ гэж бодохоо больсон байна. Шаардлагад хариу өгдөггүй. Бид сэхээтнүүд. Монгол Улсын боловсролыг авч явж байгаа хөдөлгөгч хүч. Гэтэл яагаад үл тоомсорлож байгаа юм. Хаана нь хүрдэг юм, тэр хүртэл нь явна. Тэмцлээ хаяхгүй, дуустал нь явна.
-Мэргэжлийн Засгийн газар огцорсон учраас цалинг нэмэх эсэх асуудал шинэ Засгийн газрын асуудал болж хувирч байгаа. Гэтэл та бүхэн ажил хаялт зарлах болж байгаа нь буруу алхам биш үү?
-Өмнөх Засгийн газар огцорсон ч гэсэн төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Боломжгүй байж болно. Ямар нэг гарц гаргалгааг бидэнд гаргаж өгөх ёстой.
Дараагийн Засгийн газар цалин нэмж 1.6 сая төгрөгт хүргэж чадахгүй бол бид огцруулна. Бид нар эцэг, эхчүүдийг татаж байгаа. Эцэг, эхчүүд бүгд багш нараа дэмжиж байгаа. Тийм учраас бид нар маш өндөр дуугаар ярина. Өмнө нь зөндөө гуйсан. Одоо гуйхгүй. Чадвал хий, чадахгүй бол огцор ийм л асуудал ярина.
-Багш нарын ард улстөрчид байна гэх. Та бүхэн улстөрчдийн гар хөл болоод жагсаал цуглаан хийгээд яваа юм биш үү?
-Хэн нэг улстөрч бидэнд заагаад 40 мянган багш нэгдэх үү. Битгий тийм муухай юм тараагаад бай, болиоч ээ л гэж хэлэх байна. Бид тусламж гуйж байгаа. Тонн, тонноор нь Хятад руу зөөж байгаа нүүрс, алтны мөнгө нь хаашаа урсаад, хэний халаасанд ороод байгаа юм. Тэрний тайлангаа тавь. Монголын ард түмэн өнөөдөр ядарч байна. Энэ талаар ярина. Одоо бол шууд улстөржинө бид нар гэлээ.
Г.ХОРОЛ