Жуулчдын тоог нэг саяд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

Жуулчдын тоог нэг саяд хүргэнэ

Машинд даатгал ногдуулах нь зүйтэй гэцгээж байсан ч яг батлагдахдаа жолоочид даатгал ногдуулахыг нь ийн сонгочихсон хэрэг.

Монгол улс жилдээ 500 гаруй мянган гадаадын жуулчдыг хүлээн авдаг. Энэ тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа талаар албаныхан дурддаг. Тэгвэл ойрын хугацаанд энэ тоог хоёр дахин нэмэхээр тооцоолон, аялал, жуулчлалыг хөгжүүлэх “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал” төслийг хэрэгжүүлэх гэж байна.

Төслийг Тайландын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар гэсэн гурван байгууллага хамтран 2020 оны гуравдугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2017.09.18/ Үндэсний хөгжлийн газарт болсон бөгөөд ирэх арваннэгдүгээр сараас нарийвчилсан төлөвлөгөөг гаргах юм байна. 

Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр “Төслийн хүрээнд 21 аймгийн аялал, жуулчлалын загварыг боловсруулахаар судалгаа хийж эхэлж байгаа. Байршил тодорхой болж байж энэ аялал, жуулчлалын замбараагүй байдал цэгцтэй болно. Өөрөөр хэлбэл, яг энэ байршил дээр энэ чиглэлийн аялал, жуулчлалыг хөгжүүлье гэсэн бодлогоо тодорхой болгох хэрэгтэй. Мөн орон нутагт маш олон жижиг дунд бизнес эрхлэгчид байгаа. Орон нутгийн өөрийн түүх, археологийн олдвор дээр тулгуурласан жижиг, дунд бүтээгдэхүүнүүдийг бий болгож аялал жуулчлалтайгаа уяад, жуулчдад худалдах соёлын онцлог давуу тал бидэнд бий. Аялал жуулчлал, орон нутгийн хөгжил, соёлын үйлдвэр гэсэн гурван чиглэлээр хөгжүүлнэ гэсэн үг. Ер нь ойрын хугацаанд жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилттой. Үүний тулд холбогдох байгууллагуудтай хамтран нарийвчилсан төлөвлөгөө, загваруудыг гаргаж ирэхээр ажиллаж байна” гэлээ.

Тайландын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн зөвлөхүүд 2020 он хүртэлх 2.5 жилийн хугацаанд хамтарч ажиллан туршлага солилцох юм байна. Мөн эхний ээлжинд Баянхонгор, Сэлэнгэ, Увс аймагт төслийн туршилтыг хийхээр төлөвлөжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Тайландын хамтын ажиллагааны нийгэмлэгийн орлогч дарга Пайсан Рупаничкиж хэлэхдээ “Төслийн хүрээнд гурван аймгийг сонгон туршилтын шугамаар хэрэгжүүлэх гэж байна. Бид Монгол Улсыг аялал жуулчлалыг хөгжүүлэх арвин нөөц, бололцоотой гэж үздэг. Нүүдлийн соёл иргэншил, үзэсгэлэнт байгаль дээр түшиглэн хөгжүүлэх бүрэн боломжтой. Манай улс дэд бүтэц сайтай учир хөгжүүлэхэд дөхөм байдаг. өөрсдийн соёлд түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлсэн. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд байгаль орчин сүйдэх эрсдэл улс орон болгонд тулгардаг. Иймээс бид хэмжээ биш чанарт анхаарах болсон. Өөрийн гэсэн үнэт зүйл шингэсэн, чанартай үйл ажиллагаатай байх нь чухал” гэлээ.

Дараагийн уулзалт, хэлэлцүүлэг Үндэсний хөгжлийн газарт энэ сарын 22-ны өдөр товлогджээ. Энэ үеэр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтэц, удирдлага, оролцоо, үүргийн талаар харилцан санал солилцох юм байна.

Г.Түшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж