Монголбанкнаас зарласан ам.долларын албан ханш /өнөөдрийн байдлаар/ 2460.55 нэгжид хүрчээ. Есдүгээр сар гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 30 орчим нэгжээр сулраад байгаа гэх мэдээлэл байна. Төгрөгийн ханш юуны учир гэнэт унасан талаар сурвалжлахаар валютын “Найман шарга” валют арилжааны төвийг зорьсон юм.
Валют арилжааны “Найман шарга” төвд ам.долларыг 2480 төгрөгөөр худалдан авч, 2484 төгрөгөөр зарж байв. Ченжүүдийн хувьд ам.долларын ханшийн өсөлтийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Зарим нь “Төгрөгийн ханш буураагүй, чангарсан байгаа. Өнгөрсөн жилийн өдийд төгрөг энэ жилийнхээс ч илүү суларсан байсан” гэж байв.
Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Эдийн засгийн албаны Ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Есдүгээр сар гарснаас хойш ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш буурч байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Монгол банкнаас зарласан есдүгээр сарын 17-ны өдрийн ам.долларын ханш 2460 нэгж байгаа. Ер нь энэ оны эхний хагаст эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарсан. Нэгдүгээрт нүүрсний үнэ огцом өссөн. Мөн Олон улсын валютын сантай хамтарсан хөтөлбөр эдийн засагт итгэх итгэлийг их хэмжээгээр сэргээсэн. Эдгээр гол хүчин зүйлийн нөлөөгөөр зах зээлд тогтвортой байдлыг бий болсон. Яг жилийн өмнө валютын ханш огцом савалгаатай, тодорхой бус байсан. Энэ жил харьцангуй тогтвортой, ам.долларын ханш 2400 орчим нэгжид байна.
-Одоо ам.доллар яг хэчнээн нэгжээр чангараад байна вэ?
-Энэ оны есдүгээр сарын 1-нд ам.долларын ханш 2431 байсан байна. Одоо 2460 нэгж байгаа. Тэгэхээр есдүгээр сар гарснаас хойш 29 нэгжээр чангарсан гэсэн үг.
-Ам.долларын ханш 2460 хүрээд байгаа нь хэвийн гэж үү?
-Богино хугацааны хэлбэлзэл маш олон шалтгаантай байдаг. Миний хэлсэн эдийн засгийн суурь хүчин зүйл, гадаад худалдааны нөхцөл хэр сайжирсан бэ, гадаад худалдааны тэнцэл хэр байна, нийт зургаараа төлбөрийн тэнцэл ямар үзүүлэлттэй байгааг харахаар харьцангуй эдийн засагт гарсан өөрчлөлтүүдийн үр дүнд хэвийн байгаа гэж ойлгож болно.
Тухайлбал нүүрсний экспорт гэхэд өнгөрсөн жилтэй харьцуулахад 320 хувь өсөж, нэг тэрбум ам.долларын орлого орж ирсэн. Нийт экспортоо харвал 40 хувь өссөн. Төлбөрийн тэнцлийн алдагдал эхний долдугаар сарын байдлаар -49 сая ам.доллар буюу алдагдлын хэмжээ өмнөх ханш суларч байсан жилүүдтэй харьцуулахад маш багассан гэж ойлгож болно. Тэгэхээр яг эдийн засгийн суурь эрүүл мэнд сайжрах төлөвтэй байна.
-Зарим шинжээчид үүнийг улс төрийн тогтворгүй байдалтай холбон тайлбарлаж байгаа. Үнэхээр Засгийн газар огцорсноос болж ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш сулрав уу?
-Тодорхой хэмжээнд зах зээлд оролцогчид нийт эдийн засгаа, улс төрийн тогтвортой байдлыг харгалзана. Тиймээс улс төрийн тогтворгүй байдал нь шийдвэр гаргах нэг хүчин зүйл нь болж байгаа. Өнөөдөр, маргаашийн түр хугацааны хэлбэлзэлд хүлээлт нөлөөлдөг. Мөн жил бүрийн гуравдугаар улиралд ханшийн хувьд дарамт ирдэг онцлогтой. Учир нь бүгд ажил, сургууль, бизнесээ идэвхжүүлдэг. Энэ хүчин зүйлийг харж үзээд Монголбанк долоо хоногт хоёр удаа зохион байгуулдаг дуудлага худалдаанд тогтмол оролцож байна. Тухайлбал энэ сарын 12-нд 23 сая ам.долларыг зах зээлд нийлүүлсэн. Энэ сарын 14-ний дуудлага худалдаагаар 26 сая ам.доллар нийлүүлсэн байна гэх мэтчилэн богино хугацааны хэлцлийг ханшийн огцом савалгаа үүсгэхгүй байх зорилгоор Монголбанк ажиллаж байна.
Төв банк валютын огцом савалгааг үүсгэхгүй байх зорилгоор зах зээлд оролцдог. Урт хугацаанд ханш яах вэ гэхээр Монгол руу хэр хөрөнгө оруулалт орж ирэх вэ, экспорт ямар байх вэ гэдгээс шалтгаална. Харин богино хугацаанд зах зээлд оролцогчоос өөрсдөөс нь шалтгаална гэлээ.
А.Сүрэн