Монгол бөх Гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн өдөрт зориулсан шинэ улирлын нээлтийн барилдаан өчигдөр (2017.09.17) боллоо.
Барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, харцага Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, О.Хангай нарын тэргүүтэй 240 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай найм даван, түрүүлж, шинэ цолоо түрүүгээр мялаалаа.
Дорнод аймгийн харьяат, улсын начин Д.Анар барилдаанд үзүүрлэв.
Их шөвөгт аймгийн заан Э.Энх-Амгалан /Э.Энхбат начны дүү/, энэ жил Архангай аймгийн наадамд шөвгөрч, аймгийн харцага цол хүртсэн Б.Зоригтбаатар нар шалгарсан. Улсын арслан Р.Пүрэвдагва зургаагийн даваанд улсын начин Д.Анарыг амлаж барилдан, өвдөг шороодсон бол шинэ заан Н.Жаргалбаяр аймгийн заан Э.Энх-Амгаланд уналаа.
Үүгээр МҮБХ-ноос зохион байгуулдаг заалны барилдаан эхэлж байна. Төлөвлөснөөр есдүгээр сард дараах барилдаанууд болох ажээ.
Есдүгээр сард болох барилдаан
- Есдүгээр сарын 23-нд 14:00 цагаас Монгол үндэсний телевиз үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан.
- Есдүгээр сарын 24-ний 14:00 цагаас Улсын начин Б.Бадралын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн улирлын нээлтийн барилдаан.
- Есдүгээр сарын 29-ний 12:00 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн нээлтийн барилдаан.
- Есдүгээр сарын 30-ны 14:00 цагаас Эрчим хүчний салбарын 95 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
Б.ЭНХ