Нино Салуквазе ес дэх олимпдоо оролцоно

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

Буудлагын домогт тамирчид Монголд

Нино Салуквазе ес дэх олимпдоо оролцоно

Төрийн ордны хажууд өнөөдөр хэсэг иргэд Монголд цөмийн хаягдал булшлах, уран олборлохын эсрэг тайван цуглаан хийлээ.

Монголын спортыг чимсэн нэгэн үйл явдал энэ өдрүүдэд тохиож байна. Энэ бол “Барселона-1992” зуны олимпийн XXV наадмаас буудлагын тамирчин Д.Мөнхбаяр Монголын эмэгтэйчүүдээс анх удаа олимпийн медаль хүртсэний 25 жилийн ойн баяр.

Буудлагын спортыг сурталчлах, Монголын эмэгтэй тамирчдыг дэмжих, Монголоос олимпийн эмэгтэй аварга төрөхийг билгэшээсэн спортын баяр дэлхийн хамгийн алдартай мэргэн буучдын уулзалт, гэрэл зургийн үзэсгэлэн, халз тэмцээнээр үргэлжлэв.

Өчигдөр (2017.09.17) болсон халз буудлагад “Барселона-1992”, “Бээжин-2008” зуны олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий хоёр алт, хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр, Олимпийн мөнгө, ДАШТ-ий 1 мөнгө, 2 хүрэл медальт О.Гүндэгмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга Ц.Мөнхзул болон Олимпийн алт, мөнгө, хүрэл, ДАШТ-ий 6 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт Нино Салуквазе (Гүрж) Олимпийн алт, 3 мөнгө, 1 хүрэл, ДАШТ-ий 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт Ясна Секарич (Серби) Олимпийн 2 алт, 3 хүрэл медальт Мария Гроздева нар оролцлоо.  

Монголд анх удаа зохион байгуулсан энэ өвөрмөц тэмцээний ганцаарчилсан буудлагыг Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр тогтоол болон хурдан буудлагын нийлбэр дүнгээр 192 оноо авч, тэргүүлсэн юм. Харин Монголын гурван буудагч, олимп, дэлхийн медальт зочдын багийн хооронд явуулсан халз буудлагад Нино Салуквазе, Ясна Секарич, Мария Гроздева нарын баг түрүүллээ.

Ганцаарчилсан буудлагын дүн

  • Доржсүрэнгийн Мөнхбаяр 192 (Тогтоол 94, Хурдан 98)
  • Ясна Секарич 191 (Тогтоол 97, Хурдан 94)
  • Цогбадрахын Мөнхзул 191  (Тогтоол 94, Хурдан 97)
  • Мария Гроздева 187 (Тогтоол 93, Хурдан 94)
  • Нино Салуквазе 182 (Тогтоол 87, Хурдан 95)
  • Отрядын Гүндэгмаа 180 (Тогтоол 95, Хурдан 85)

Рио 2016 – ээж, хүү хоёр галын шугамд
 

Гүржийн алдарт мэргэн бууч Нино Салуквазе бол дэлхийн тамирчдын түүхэн дэх олимпийн наадамд хамгийн олон буюу 8 удаа оролцсон хоёрхон тамирчны нэг юм. Буудлага спортоор хичээллэсэн хугацаандаа тэрбээр  олимпийн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, ДАШТ-нд 6 удаа түрүүлж, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн. Өдгөө Гүржийн Үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашдаг.

Уулзалт, тэмцээний үеэр түүнээс зарим зүйлийг сонирхсон юм.

-Монголд зочилж, Монголын үзэгчдэд өөрийн гайхалтай авьяас, техникийг бодитоор харуулсан танд баярлалаа. Тэмцээн маш сонирхолтой байлаа?

-Би Монголд буусан цаг мөчөөсөө эхлээд та бүхнээс маш их хайр хүндэтгэлийг мэдэрч, туйлын их баяртай байгаа. Ийм гайхалтай уулзалтыг зохион байгуулсан найз Д.Мөнхбаяртаа баярлаж байна. Монгол бол маш хүчирхэг, мундаг тамирчдын эх орон. Гэхдээ би дараа дараагийн олимпиос аль болох хурдан Монголын анхны эмэгтэй аварга төрөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Магадгүй буудлагын төрөлд бол бүр их баярлах байх. Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар шиг олон шилдэг тамирчид төрж гарна гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

-Таны аав буудлагын дасгалжуулагч. Таны хүү бас олимпийн наадамд оролцсон мэргэн бууч. Та хүүтэйгээ хамт Рио-2016 олимпийн наадамд оролцсон дурсамжаасаа хуваалцаач. Ээж, хүү хоёр олимпод хамт өрсөлдсөн анхны тохиолдол байсан шүү дээ?

-Хүүтэйгээ хамт олимпод оролцох мэдрэмж маш сайхан байсан ч нөгөө талаасаа хамгийн хүнд олимп байсан. Хүү маань Риогийн олимпийн эрх авахдаа 18-хан настай байсан. Эрх олгох тэмцээний сүүлийн мөчид тэр зайлшгүй 10 оноо авах шаардлагатай болсон. Зөвхөн 10 оноо авч чадвал олимпийн эрх авна, түүнээс бага оноо авбал эрх авах боломжгүй болох байсан. Аав тэр үед хүүг дасгалжуулж, гол зөвлөгөөг өгсөн. Хүү амжилттай буудаж, Риод очих боломжтой болсон.  Анх би ээж, хүү хоёр олимпод оролцсон эхний тохиолдол байсныг мэдээгүй. Түүний ч төлөө яваагүй. Гүрж улсдаа олимпийн нэг ч болов эрх авчрахын төлөө л хичээсэн. Риод очоод л энэ тухай мэдэж байлаа. Рио-Де-Жанейрод CNN  зэрэг маш олон телевиз, мэдээллийн сувгийн сэтгүүлчид бид хоёроос ирж, ярилцлага авсан. Олимпод би хүүгийнхээ төлөө маш их санаа зовж байсан болохоор тэмцээнийг нь бараг үзэж чадаагүй. Дэргэд нь байж, харж чадахгүй байсан.
 

Рио-2016. Нино хүүгийн хамт

Гүржийн алдарт тамирчин Нино Салуквадзе Риод олимпийн түүхийн хуудсанд хоёр шинэ түүх бичсэн юм. Эхнийх нь оролцсон олимпийн тоо. 48 настай Нино Салуквадзе 1988​ оноос хойш 8 дахь олимпдоо өрсөлдөж, рекордын эзэн болсон бол түүний хүү Цотне Мачавариани буудлагын төрөлд өрсөлдсөн нь ээж хүү хоёр их олимпод ирсэн анхны тохиолдол болсон юм. Цотне Мачавариани 2016 оны Европын аваргад 6-р байр эзэлж, 18 настайдаа анхны олимпдоо өрсөлдсөн юм.


 

Мария Гроздева: Токиогийн олимпод оролцоно
 

Мария Гроздева бол олимпийн наадамд 2 удаа түрүүлж, гурван удуу хүрэл медаль хүртэж байсан агуу тамирчин. 2004 оны Афины олимпийн наадам түүний хувьд чухал. Учир нь тэр энэ олимпод улсынхаа баг тамирчдыг төлөөлөн тугчийн эрхэм үүрэг хүлээсний сацуу Афинаас алт, хүрэл медаль зэрэг хүртсэн юм. Зургаан удаа олимпийн наадамд оролцсон Гроздева Болгарын буудлагын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг.

ОЛИМП

  • Алт, Сидней-2000, гар буу, 25 м
  • Алт, Афин-2004, гар буу, 25 м
  • Хүрэл, Барселона-1992, гар буу, 10 м
  • Хүрэл, Атланта-1996, гар буу, 10 м
  • Хүрэл, Афин-2004, гар буу, 10 м

-Та олон олимп, тэмцээнд оролцсон дэлхийн шилдэг мэргэн буучийн хувьд манай тамирчдад зориулан өөрийн мөрддөг спортын зарчмаа хэлж өгөхгүй  юу?

-Тамирчид бүгд ялах хүсэлтэй байдаг ч ялагдлаас хол өнгөрдөг нэг ч хүн байхгүй. Ямар ч том амжилт гаргасан түүндээ ханаж, баярлах нь буруу. Ялсан ч, ялагдсан ч тэмцээн бүрийг ардаа үлдээгээд үргэлж өмнөх зам, ирээдүйгээ харах нь чухал. Болоод өнгөрсөн тэмцээнийг тэнд нь үлдээх хэрэгтэй. Ялалтыг биш ялагдал, хожигдлыг хүлээн зөвшөөрч, түүнийг давж чадвал сая сайн тамирчин болдог.

-Өнөөдөр Монголд гурван шилдэг мэргэн бууч ирээд байгаа. Та бүхнийг хамтад нь харах Монголын үзэгчдэд сайхан байлаа. Д.Мөнхбаяр гавьяат та дөрөв ямар нэгэн тэмцээний шилдэг дөрөвт хамт үлдэж байсан тохиолдол байдаг уу?

-Би нэгийг санаж байна. 2005 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд бид медалийн тавцанд хамт гарч байсан. Ясна Секарич түрүүлж, Д.Мөнхбаяр мөнгө, би хүрэл медаль хүртсэн.


ТА БҮХЭН ДАРААГИЙН ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ УУ?
 

Нино Салуквазе: Магадгүй, харж л байя

-Олимпийн маргааш өдрөөс л үргэлж би өөрөөсөө болон хүмүүс надаас энэ асуултыг асуудаг. Би найман олимпод оролцсон байна. Токиогийн олимп болтол хугацаа байсан. Залуу, шилдэг тамирчид гарч ирж байгаа. Тэднийгээ дэмжих хэрэгтэй. Гэхдээ би оролцохгүй гэж бас хэлмээргүй байна. Юу болохыг харж л байя.

Ясна Секарич: Токиод дасгалжуулагчаар очно

-Би өнгөрсөн жил зодог тайлсан болохоор идэвхтэй тамирчин биш болсон. Одоо гэр бүлдээ анхаарал тавьж, сайн дасгалжуулагч болохоор хичээж байна. Токиогийн олимпод дасгалжуулагчийн хувиар оролцох хүсэлтэй байгаа.

Мария Гроздева: Токиогийн олимпод оролцох хүсэлтэй байгаа

-Бурхны авралаар буудлагын спортоор олон жил хичээллэж болдог. Бурхны авралаар манай спорт бэртэл, гэмтлээс хол. Би 11 настайгаасаа буудлагаар хичээллэсэн. Салж чаддаггүй. Одоо ч тэр. Мэдээж, цаг хугацаа намайг холдуулах л байх. Гэхдээ би Токиогийн олимпод оролцох хүсэлтэй байгаа. Мэдээж намайг ор ор гээд зүгээр урихгүй. Би бэлтгэлээ хангаж, эрхээ авч, олимпод очихын төлөө үргэлжлүүлэн хөдөлмөрлөх болно.
 


ТЭД ГУРВУУЛАА ОЛИМПИЙН ТУГЧ
 

-Дэлхийн хамгийн алдартай, хамгийн олон олимп, дэлхийн медальтай эдгээр тамирчид бүгд олимпийн наадамд улсынхаа тугчийн үүрэг хүлээж байжээ-

Нино Салуквазе: Би “Лондон-2012” олимпийн наадмын тугч. Лондонгийн олимпийн эрх хүртсэн анхны тамирчин байсан болохоор хүмүүс надад энэ үүргийг хүлээлгэх хүсэлтэй байсан. Олимпийн нээлт 5 цаг орчим үргэлжилдэг. Маргааш нь би тэмцээнтэй гээд хэцүү байх гэж бодож байсан ч эсрэгээрээ би огт ядраагүй. Би 15 минутад л туг барьсан. Надад энэ нь нэр төрийн хэрэг байсан.

Ясна Секарич: Би 1988 оны олимпиос алт, хүрэл медаль авсан учир 1992 оны олимпод тугч болно гэж бодож байлаа. Гэтэл надад 2008 оны Бээжингийн олимпод л тугч байх боломж олдсон. Энэ нь ч надад их билгэшээлтэй санагдсан. Учир нь өмнөх 5 олимпод оролцохдоо бид өөр өөр далбаан дор жагсаж байсан бол Бээжингийн олимпод анх Серби улсынхаа нэрийн дор оролцсон. Улсаа төлөөлж, тугч болно гэдэг хамгийн нэр хүндтэй үүрэг.

Мария Гроздева: Би 2004 оны Афины олимпийн наадамд туг барьсан. Тамирчдын дунд ийм яриа байдаг. Тугч болсон хүн бэртэж гэмтдэг, эсвэл тэмцээнээсээ медаль авдаггүй гэсэн. Бүр үүнийг судалгаатай гэж хэлдэг. Тухайн үед тугч болох уу гэж таван ч тамирчинд санал тавьж, манай бусад тамирчид бүгд татгалзсан байсан. Нээлтийн өмнөх өдөр надад энэ санал ирсэн. Би юун татгалзах, харин ч бүр баярлаж, далавч ургасан мэт л санагдсан. Мэдээж зөвшөөрсөн. Нээлтэд улсынхаа тугийг барь гараад, дараа нь тэмцээнээсээ медаль авч, дахин мандуулна даа гэж бодож, гарсан. Би чадсан. Афины олимпиос би алт, хүрэл медаль хүртсэн. Тамирчдын дунд байдаг тэр буруу бодлыг би тас цохисон.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж