Иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой гурван сарын аяныг нийслэлийн Газрын албанаас зарласан. Аян эхэлснээс хойш 148 иргэн оршин суугаа газраа өмчлөх хүсэлт гаргажээ. Тодруулбал, Газар өмчлөлийн хэлтэс, дүүргүүдийн газрын алба, нэгдсэн үйлчилгээний төвийн газар өмчлөл хариуцсан мэргэжилтнүүд 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр долоон багт хуваагдан есдүгээр сарын 4-нөөс Сонгинохайрхан дүүргийн нэг, гурав, дөрөв, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хороодод ажилласан байна. Эхний долоо хоногийн байдлаар нийт 467 айлын хашаагаар орж, 148 иргэний газраа өмчлөх хүсэлтийг бүртгэж авсан тухай нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр мэдээлэв.
Газрын албаны мэргэжилтнүүд нийслэлийн Газрын албаны даргын баталсан календарчилсан төлөвлөгөөний дагуу дүүргүүдэд ажиллах юм. Хуваарийн дагуу есдүгээр сарын 20-ныг хүртэл Сонгинохайрхан дүүрэгт, есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 28-ныг дуустал Баянзүрх дүүрэгт, арваннэгдүгээр сарын 1-11-ний хооронд Баянгол дүүрэгт, мөн сарын 13-18-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт, арваннэгдүгээр сарын 22-ноос арванхоёрдугаар сарын 2 хүртэл Сүхбаатар дүүрэгт тус тус ажиллах юм. Баянзүрх дүүрэг нийт өмчлөх газрын 66 хувийг эзэлдэг учраас зарцуулах хугацаа хамгийн их буюу 30 хоногоор, харин Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд 7-10 хоног, Сүхбаатар дүүрэгт 14 хоног ажиллана гэлээ.
Иргэд оршин суугаа газраа өмчилж авахын тулд харьяа дүүргийнхээ газрын албанд өөрийн биеэр заавал очих шаардлагагүй. Зөвхөн газар өмчлөлд шаардлагатай материалыг бүрдүүлэх юм. Нийслэлийн Газрын албанаас иргэдийн бүрдүүлэх материалын жагсаалтыг хүн олноор цуглардаг худаг, Соёлын төвийн гадна наажээ.
Бүрдүүлэх материал нь газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө. Мөн хорооны Засаг даргын тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувийг хавсаргана/, иргэний үнэмлэхийн хуулбар, газрын кадастрын зураг / эх хувь/, газрын төлбөр төлсөн баримтуудыг тус тус хавсаргасан байх.
Харин бичиг баримтын зөрчил буюу кадастрын зургийн зөрчилтэй айлуудын газарт албаны мэргэжилтнүүд хяналтын хэмжилт хийж, кадастрын зургийн дагуу газраа ашигласан эсэхийг нь давхар хянана. Зөрчил илэрсэн тохиолдолд зөрчлийг арилгах, буруу ташаа мэдээллийг нь засах боломжийг бас олгож буй аж. Тухайлбал, талбайн хэмжээ зөрүүтэй бол Захиргааны төвшинд асуудлыг шийдэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэв. Учир нь, зөрчилгүй үед л тухайн иргэнд газрыг нь өмчлүүлэх юм. Иргэд цэг тогтоолгох, цэгийн дагуу хашаагаа татах зэрэг өөрөөс шалтгаалах асуудлаа шийднэ. Эзэмшил болон өмчлөлийн эрхзүйн орчин эрс ялгаатайг ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр онцлов. Түүний хэлснээр, иргэд өмчлөл, эзэмшлийн ялгааг сайн мэдэхгүйгээсээ болоод эзэмших эрхийн гэрчилгээнийхээ хугацааг сунгуулаагүй зөрчил их болжээ. Нэгэнт газраа өмчилсөн бол хугацаа сунгуулах шаардлагагүй байдаг юм.
43 ХОРООНЫ 3442 НЭГЖ ТАЛБАРЫГ АХУЙН ЗОРИУЛАЛТААР ЭЗЭМШҮҮЛНЭ
Аяны хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 43 хорооны 3,442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аж.
Үүнд,
- Сонгинохайрхан дүүргийн 1,3,4,20,22,23,27,30, 31 дүгээр хорооны 366,
- Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13,
- Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251,
- Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269,
- Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209,
- Сүхбаатар дүүргийн 9,11,12,13 дугаар хорооны 334 нэгж талбар багтжээ.
Д.УУДАМ