Шинэ засаг хэд хоногийн настай вэ?

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

Шинэ засаг хэд хоногийн настай вэ?

iPhone 5 ухаалаг утсыг технологийн түүхэн дэх хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг болно гэдгийг шинжээчид батлан хэлж байгаа билээ.

“Шинээр байгуулагдах Засгийн газар хэдэн хоногийн настай вэ” гэдэг асуултыг Монгол Ардын Намын удирдлагууд болон УИХ дах Монгол Ардын Намын гишүүд, тэр дундаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах кноп дарсан УИХ-ын гишүүдээс асуумаар байна. Ингэж асууж байгаа нь Засгийн газрыг огцруулсан үйлдэл нь зөв, эсхүл буруу гэж аль нэг талд нь таалагдах гэсэндээ биш юм. Учир нь МАН-ын жирийн гишүүдийн байгуулсан “Тусгаар тогтнол зуун жил” ТББ-аас МАН-ын удирдлагууд болон УИХ дах МАН-ын гишүүдэд удахгүй зохион байгуулагдах Монгол Ардын Намын Их хурлаар хэлэлцэх асуудалд “давхар дээл”- ийн асуудлыг оруулан хэлэлцүүлж, цаашид Улсын Их Хурлын гишүүд нь Засгийн газрын гишүүнээр томилогдон, сайдын ажлыг хавсран гүйцэтгэх эсэх, гүйцэтгэх тохиолдолд ямар зарчим баримтлах тухай асуудлаар тодорхой улс төрийн шийдвэр гаргуулах саналыг тавьсан боловч өнөөдрийг хүртэл тэдний зүгээс дорвитой хариултыг өгсөнгүй. УИХ дах Монгол Ардын Намын нэр бүхий гишүүдийн гаргаж тавьсан Засгийн газрыг огцруулах үндэслэл, шалтгаан үнэхээр байсныг үгүйсгэх аргагүй бөгөөд үүнийг цаг хугацаа харуулах биз. Харин огцруулах шийдвэрийг гаргахад өөрсдөө Засгийн газрын гишүүнээр томилогдон, сайдын ажлыг хавсран гүйцэтгэх хүсэлдээ хөтлөгдсөн УИХ-ын гишүүдийн субьектив байдал хэрхэн нөлөөлсөн бэ гэдгийг шинэ Засгийн газрыг бүрдүүлэх ирэх өдрүүдийн үйл явдал бэлхнээ харуулах байх. Парламентын засаглалтай улс орнуудын хариуцлагын тогтолцооны нэг хэлбэр нь Засгийн газарт хариуцлага тооцож огцруулах үйлдэл боловч бидний хувьд 25 жилийн хугацаанд 13 Засгийн газарт хариуцлага тооцсоноор нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацааг 1.7 орчим жил байлгаж байгаа нь хариуцлагын эерэг гэхээсээ илүүтэй төрийн тогтворгүй байдлын сөрөг үзүүлэлт юм. Дээрх үзүүлэлт нь УИХ-ын гишүүд өөрсдөө Засгийн газрын гишүүнээр томилогдон, сайдын ажлыг хавсран гүйцэтгэх хүсэлдээ хөтлөгдөж субьектив байдлаар хандан Засгийн газрыг огцруулах боломж нээлттэй байгаа нь улс орны хөгжил дэвшлийн гол тулгуур болсон төр засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөөр ирснийг тодорхой илтгэж байна. Гэсэн хэдий ч “давхар дээл”-ийн асуудлыг хөндөн, үүнийг нийтийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх талаар өнөөдөр эрх мэдэлд хүрсэн улстөрчдийн дуу хоолой гарахгүй л байна. Засгийн газрыг огцруулсан явдал нь ойрын өдрүүдэд халуунаараа байх гол сэдэв болж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрыг огцруулсан нь зөв, буруу, эсхүл тэр ч сайд болно, энэ ч сайд болох боломжгүй гэх зэргээр хүмүүс үзэл бодлоо илэрхийлцгээж байгаа боловч хамгийн чухал асуудал болох “давхар дээл”-ийн сөрөг үр дагавар болон түүнийг халах талаар нам гүмхэн байгаа нь сонин. Энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдахаар товлогдсон МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхийг зэрэгцээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний ерөнхий дүр зураг гарах төлөвтэй байгааг олон нийт анхааралтай ажиглаж байна. Чухам дээрх асуудлыг шийдвэрлэх хүрээнд “давхар дээл”-ийн асуудлыг хөндөн хэлэлцүүлэх зориг, сэтгэлтэй гишүүн МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд байгаа гэдэгт найдаж байна. Өнөөдөртөө “давхар дээл”-ийг бүрэн тайлж чадахгүй юмаа гэхэд ядаж ерөнхий чиг үүргийн яамдаас бусад буюу чиглэлийн яамдынхаа сайд нарыг УИХ-ын гаднаас томилох шийдвэрт хүрч, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан давхар дээлийг хязгаарлах заалтаа амь оруулах шаардлагатай байна. Бид “давхар дээл”-ийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр цааш явбал өнөөгийн улс төрчдийн тогтоосон жишгээр шинээр байгуулагдах Засгийн газрын “амьд явах” хоног төдийлөн урт байхгүй л болов уу. Хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй ч хүн УИХ-ын гишүүнээр сонгогдоод хууль тогтоох эрх мэдэлтэй болдгоос биш бүхий л салбарт ажиллах ур чадвар, эрдэм мэдлэгтэй болдоггүйг санах хэрэгтэй. Хатуухан хэлэхэд УИХ-ын 76 гишүүд бүгд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж шингэх боломжгүйгээс хойш “дош дошин дээрээ” гэдэг шиг өөрсдийн урдах ажлаа хийгээд, Засгийн газарт ажиллах гэсэн “ажил горилогч” нэгний ажил эрхлэх боломжийг хаахаа болих нь шударга ёсонд нийцнэ байх. Монгол Ардын Намын удирдлагууд болон УИХ дах Монгол Ардын Намын гишүүдээсээ шинээр байгуулагдах Засгийн газар хэдэн хоногийн настай вэ гэж дахин асуухын зэрэгцээ “УИХ-аар Засгийн газрыг унагаасан шиг намынхаа Их хурлаар “давхар дээл”-ийг унагааж болохгүй юу” гэдэг асуултыг асууя.

Ардчилалд үзүүлэх миний нөлөө дусал мэт боловч

Тэр дусал далайн давалгааг өөрчлөх хүчтэй

‘Тусгаар тогтнол-100’ Төрийн бус байгууллага

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж