“Архигүй орчин-Бидний сонголт” аян эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

“Архигүй орчин-Бидний сонголт” аян эхлүүллээ

Монгол улсын засгийн газрын 2007 оны 13 дугаар албан даалгавар, Батлан хамгаалахын сайдын 2007 оны 430 дугаар тушаал, ЗХЖШ-ын даргын 2008 оны 4 тоот албан даалгаврын хэрэгжилтийг зохион байгуулах, гэмт хэрэг сахилгын зөрчлөөс урдчилан сэргийлэх архидан согтуурахтай тэмцэх тухай Монгол улсын хуулийг сурталчлан архигүй эрүүл орчин бий болгох зорилгоор Зэвсэгт хүчний 330-дугаар анги Дархан сумын VIII багийн Засаг дарга хамтран “Архигүй орчин-Бидний сонголт” нэг сарын аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Архигүй орчныг сонгосон зэвсэгт хүчний алба хаагчид зөвхөн нэг сарын турш архинаас татгалзаад өнгөрөх бус цаашид ч архинаас татгалзаж сурах зорилготой аж. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд архинаас татгалзах уриалгыг гаргасан VIII багийнхан энэхүү аянаа ЗХ-330-р ангиас эхлүүлж байна. Аяны хүрээнд Архи тамхины хор хөнөөлийн талаар наркологийн эмч Ц.Оюунчимэг мэдээлэл хийх, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг зохион байгуулах, Дархан сумын VIII багийн хэсгийн байцаагчтай хамтран гэмт хэрэг сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцлагатай эргүүл зохион байгуулах, ангийн алба салбаруудын дунд сахилгын зөрчилгүй хамт олон шалгаруулах уралдаан зохион байгуулж дүгнэх зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөсөн байна. ЗХ-ний 330-р ангийн алба хаагчид зөвхөн өөрсдөө архинаас татгалзаж, архигүй орчныг сонгохоос гадна архидан согтуурахтай тэмцэх ажилд ч гар бие оролцох гэнэ.

М.Дэлгэржаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж