Сонгууль дуусдагаараа дуусч, наадам болдгоороо болж, хичээл эхэлдгээрээ эхэлсэн ч “Монгол ялна” уриа, хөмсөг зангидаж, хөмхийгөө зуусан дүр төрхөөсөө манай Ерөнхийлөгч лав салж чадсангүй. Уг нь тэр МоАХ-ны тэргүүн биш Монголын Ерөнхийлөгч болоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч яг л нөгөө нэр дэвшигч Х.Баттулгаараа л байна.
Өөрөөр хэлбэл, түүнийг дэмжсэн 600 мянган хүний итгэлийг баталж, түүний эсрэг саналаа өгсөн 500 мянган хүний итгэлийг олохын төлөө Төрийн тэргүүнийхээ хувиар хичээсэн үг, үйлдэл үнэндээ түүнээс олж харагдсангүй.
Ардчилсан намын гишүүн, ах Тулгаа “лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” монголчуудад үнэндээ падлий ч байхгүй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “лаа идэх нь ч, лууван идэх нь ч монголчуудад хамгийн их хамаатай асуудал. Тэр тусмаа Монгол Улсын төрийн тэргүүний хувьд түүний үг, үйлдэл, өмсөж зүүх бүхэн Монголын ард түмний үг, үйлдэл гэж харагдана. Учир нь тэр өнөөдөр Халтмаагаар биш Монголоороо овоглох болсон.
Өөрөөр хэлбэл, Х.Баттулга
Монгол Улсын төрийн тэргүүн,
Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч,
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн,
Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд ярьсан хэлсэн болгон нь Монголын төрийн “үг” болно. Төрийг төлөөлж байгаагийн хувьд тэр төрдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж зүгээр ч нэг үг биш болов уу. Тиймээс ‘Монгол ялна’-аасаа одоо ч салахгүй хийрхэж яваа фанатуудынх нь өмгөөлж, хамгаалаад байгаа шиг юугаа өмсөх нь хувь хүний эрх биш, гадаад харилцаанд Монгол Улсыг төлөөлөх бүрэн эрхтэй хүний хувьд зангиа зүүх зүүхгүй нь ч түүний асуудал биш болсон гэсэн үг. Үүнийг зөвлөөд, хэлээд өгөх зөвлөх Ерөнхийлөгчид алга уу. М.Энхболд долоогчдоосоо болж өвдөг шороодсон шиг Х.Баттулга багаасаа болж муухай харагдаж байна. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ‘Даргын биеэс нь гэрэл цацарсан’ гэж хэлдэг л зөвлөхтэй байлаа шүү дээ. Ийм л хүмүүс даргаа ‘алдаг’ нь амьдрал дээр аль хэдийнэ батлагдчихсан.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо хар шилээр гангарч, богино ханцуйтай хар цамц өмсөн, хөлөө алцайлгаж, гараа тахийлган зогссон зураг нь өнгөрсөн долоо хоногийн цахим ертөнцөд хамгийн их хандалт, шэйр авсан шигээ хамгийн их шүүмжлэл дагуулсан юм. Бие хамгаалагч юм шиг, бие хамгаалагчдаа дагуулсан мафийн эзэн ч юм шиг ‘имиж’. Энэ имижээсээ та бидний Ерөнхийлөгч хэзээ салах юм бол доо.
Өмнө нь, цагдаагийн баяр дээр Ерөнхийлөгч Х.Баттулга яг энэ хувцсаа өмсөөд очсоныг нь зүгээр өнгөрөөж болох ч хоёр дахь удаагаа давтаж буй түүний үйлдэл өөрийнх нь санаатай эсэргүүцэл байв уу, эсвэл Төрийн ёслолын албаныхны “алдаа” болов уу. Ямартай ч тас хар шил, тас хар хувцастай Ерөнхийлөгч Монголын Төрийн тэргүүн биш мафийн нэг толгойлогч шиг харагдаад байгааг нуугаад яахав.
Аль ч төрд, аль ч улсад дипломат ёс гэж байдаг. Дипломат ёсонд заасан албаны хувцаслалтын дэг жаяг ч гэж бий. Монголын ард түмнийг төлөөлж байгаагийн хувиар Х.Баттулга дипломат ёсонд заасны дагуу л хувцаслах ёстой. Монголчууд МоАХ-ын тэргүүнээс дипломат ёс шаардаагүй, Монголын Ерөнхийлөгчөөс дипломат ёсонд заасан албаны хувцаслалтын дэг жаягийг л нэхэж байна.
Трамп өөрийнхөө эсрэг ажилласан гэх үндэслэлээр CNN зэрэг хэвлэлүүдийг Цагаан ордонд нэвтрэхийг нь хориглосон шиг өнгөрсөн долоо хоногт болсон Балдоржийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын нэр дэвшигч шиг авирласныг тэрхүү ёслолын ажиллагааг телевизээр харсан, тэнд очсон хэн бүхэн харсан байх. ‘Танай хэвлэлийнхэн сонгуулиар миний эсрэг ажилласан’ гэж тайзан дээрээс хэлсэн Ерөнхийлөгчийн гомдол гоморхлын ард нөгөө л өс хонзон нь өнөөдөр ч тайлагдаагүй хэвээр. Уг нь тэр Б.Намуунаагийн аав биш монгол түмний эцэг Ерөнхийлөгч шүү дээ. Х.Баттулгын шүтэн биширч, даган дуурайж, үлгэрлэл авдаг хүн нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гэж харагддаг. Охин Б.Намуун нь ч Трампын охин Иванкаг дуурайхыг оролддог. Үүнд буруу юм байхгүй л дээ. Гэвч, ваакуумжсан ертөнцөөсөө гаръя гэвэл Ерөнхийлөгч сэтгүүлчдийн шүүмжлэлийг эрүүлээр хүлээж авах хэрэгтэй. Эс бөгөөс М.Энхболд шиг долоогчдоосоо болж ‘өвдөг шороодох’ вий.
Сав л хийвэл гомдол тавьдаг, таалагдахгүй бол жагсаал цуглаан хийдэг, Засгийн газраа огцруулахаар заналтайгаар гарын үсэг зурдаг шазруун сайд, парламентын гишүүн Х.Баттулга биш болсон. АН-ын асуудалд анхаарал хандуулдаг АН-ын Ерөнхийлөгч бүүр ч биш. Та одоо Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын асуудал таны ажил. Монголын ард түмнийг бүрэн эрхтэй төлөөлж буйн хувьд хөмсгөө тэнийлгэ, Ерөнхийлөгч өө.