Хойд Солонгос өнгөрсөн баасан гаригт (2017.09.15)цөмийн пуужин амжилттай харвасан үйл явдлыг Ким Чен Ун “Манай орон цэрэг зэвсгийн хүчээр АНУ-тай эн тэнцүү болоход ойрхон ирээд байна” хэмээн энэ баяраа тэмдэглэж байгаа бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосыг Японы арлын дээгүүр пуужин харвасныг өдөөн хатгалга хэмээн буруутгасан.
Хойд Солонгосын харвасан пуужин 3,700 км зам туулж, Японы Хоккайдо арлын дээгүүр гарч, Номхон далайн хойд хэсэгт унасан нь хамгийн хол зам туулж, амжилттай болсон туршилтад тооцогдож байгаа юм. Пхеньяны баталж буйгаар энэ пуужин өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Японы арлын дээгүүр харвасан Hwasong-12, дундын тусгалт пуужингийн загвартай ижил ажээ.
Ким Чен Уны тушаал заавар дор Пхеньянь өнгөрсөн долдугаар сард явуулсан тив хоорондын хоёр баллистик пуужингийн туршилт болон сүүлийн хүчтэй туршилтаар АНУ-ын газар нутгийн гүнд нэвтэрч чадахаа харуулсан гэж болно.
Хойд Солонгосын удаа дараагийн хийрхсэн цөмийн туршилтууд нь дайснуудынхаа айдсыг улам нэмэхийн зэрэгцээ цэргийн хүчин чадлаа урьд хожид байгаагүйгээр бэхжүүлж байна. Цөмийн туршилт нь амжилттай болсноор энэ улсын арми бүс нутагтаа илүү эрх чөлөөг олж, АНУ өөрсдийг нь хамгаална гэж найддаг Сөүл, Токиогийн эргэлзээ улам нэмэгдэж байна.
Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг Ким Чен Ун пуужингийн туршилт амжилттай болсонд баярлан алга ташиж буй зургуудыг нийтэлсэн билээ. Тэрбээр олон улс ямар ч хориг тавьсан цөмийн хөтөлбөрөө заавал хэрэгжүүлнэ гэж андгайлсан байна.
Мөн Хойд Солонгос пуужинг тээвэрлэгч дээрээс хөөргөж буйг анх удаа харуулсан нь пуужингийн систем нь ямар хурдтай, найдвартайг харуулж буй хэрэг гэж шинжээчид үзэж байна. Өмнөх туршилтуудаар тэд Hwasong-12 пуужинг тээвэрлэгч машинаар зөөж, хөөргөхийн өмнө тус тусад нь угсарч байсан юм.
Хойд Солонгосын пуужин Япон арлын дээгүүр гарсан нь АНУ болон холбоотнуудыг нь багагүй сандаргаж эхэлсэн бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын энэ үйлдлийг буруушааж, бүс нутгийн энх тайван байдлыг алдагдуулж, НҮБ-ын гишүүн 193 орны аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн юм.
Ким Чен Ун иргэддээ хандаж “Бидний эсрэг тоймгүй олон хориг тавьсан ч бид цөмийн зэвсэгтэй болоход тун ойрхон ирлээ. АНУ-ын эсрэг сөрөг довтолгоо хийх зорилгодоо хүрэхэд бүх ард түмнээ дэмжихийг уриалж байна. НҮБ арав гаруй жил бидний эсрэг хориг тавьсан ч бид дэлхий нийтээр харж буй энэ амжилтад хүрлээ’ гэжээ.
Ким Чен Ун цааш хэлэхдээ “БНАСАУ-ын туйлын зорилго бол АНУ-тай цэрэг зэвсгийн хүчээр эн тэнцүү болж, манай улсын цэрэг армийн тухай ярьж зүрхэлдэггүй болгох” гэжээ.
Тэрбээр мөн болзошгүй дайн гарахад хэрэглэх дараагийн пуужингийн туршилтуудыг явуулахаа мэдэгдэж, тэдгээр туршилтууд нь илүү хүчтэй, хөнөөлтэй байж болохыг анхааруулсан байна.
Хойд Солонгос Япон арлын дээгүүр пуужин хөөргөхийн өмнө Номхон далайн Гуам арал дээрх АНУ-ын цэргийн баазыг онилно гэж заналхийлж байсан билээ. Хойд Солонгосын сүүлийн туршилтын дараа Аюулгүйн зөвлөл хаалттай хуралдаж, бүх гишүүн орнуудаас НҮБ-ын хоригийг нэн даруй, бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг уриалсан юм.
НҮБ дах Японы суурин төлөөлөгч Коро Бешо Хойд Солонгосын үйлдлийг “жигшүүртэй явдал” гэж нэрлэсэн бөгөөд энэ дан ганц Японы аюулгүй байдалд биш, дэлхий нийтэд заналхийлж байна гэжээ. Үүний дараа НҮБ дахь Япон, Их Британи, Франц, Шведийн суурин төлөөлөгчид тус улсын эсрэг бүх хоригийг яаралтай хэрэгжүүлэхийг уриалсан.
Зарим цөмийн шинжээчид Хойд Солонгос Hwasong-12 пуужингийн нарийвчлалыг батлахын тулд дахин хэд хэдэн удаа туршилт явуулах шаардлагатай гэж үзэж байгаа хэдий ч Ким Чен Уны мэдэгдлээс харахад тэд амжилттай болсон пуужингаа удахгүй олноор нь үйлдвэрлэж мэдэхээр байгаа юм. Тэд мөн Hwasong-14 пуужинг ойрын хугацаанд турших нь гарцаагүй ажээ.
Хойд Солонгостой дипломат яриа хэлэлцээрийн замаар асуудлыг шийднэ гэж итгэж байсан БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдэл хийхдээ “Хойд Солонгосын саяын пуужингийн туршилт биднийг ам хэлээрээ ойлголцохгүй гэдгийг баталлаа. Хэрэв Хойд Солонгос биднийг болон манай холбоотны уурыг хүргэвэл бидэнд хариуг нь тэр дор нь өгч хангалттай чадна. Харин хор хохирол нь нөхөж баршгүй байж мэднэ” гэжээ.
Н.Энхтуяа