Гадаад нэрээр гангарсан телевизүүд

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

Гадаад нэрээр гангарсан телевизүүд

АНУ-ын Мичиган мужийн Детройт хотод оршин суугч Аманда Клейтон гэгч эмэгтэй өнгөрсөн оны есдүгээр сард сугалаагаар нэг сая ам.доллар хожиж, ховор тохиох завшааны эзэн болсон ч өнгөрөгч бямба гаригт гэртээ нас барсан байхыг цагдаа нар олжээ.

-Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-57-

Манайд жар орчим настай хамаатны эгч минь нөхөртэйгөө зочиллоо. Хэдэн жил уулзаагүй эртний танил нь телевизээр ярьж байгааг дүүдээ хэлэхээр залгав. Дүү нь “Ямар телевизээр гарч байна вэ?” гэж байгаа бололтой. Эгч “МИС” гэнэ ээ. “И нь буруу харсан шүү!” гэлээ. Утсаа салгангаа “4 үсэг хасна гээд байсан юу болсон бэ, хасахаа болиод өөрөөр бичдэг болчихсон юм уу? Ер нь яасан муухай нэртэй телевиз вэ?” гэв. Хартал “MNC” гэдэг гадаад нэртэй, монгол телевиз гарч байлаа. Гадаад хэлгүй “бүдүүлэг” эгч минь “МИС” гэж унших нь аргагүй л юм. Гадаад хэл гадарлахын хэрээр “Мongolian news channel” юм болов уу гэж баримжаалж цахим ертөнцөөс сонирхвол “MNC-Мэдээллийн суваг” гэсэн хуудас гарч ирлээ. Сувгаа солилоо. “MNB-Мongolian national broadcasting, UBS-Ulaanbaatar broadcasting system” гээд дандаа англи хэлтэй “соёлтой” хүмүүст зориулсан сувгууд цував. Харин манай эгч шиг “бүдүүлэг” хүмүүс ойлгохоор “Боловсрол”, “Шинэ дэлхий”, “Эх орон” гэсэн телевизүүд бас байна аа, ашгүй. Араас нь TM-Танин мэдэхүйн телевиз жагслаа. Гадаад нэртэй телевизээр бас л гадаад нэртэй нэвтрүүлгүүд гарч байна. Мэдээ, нэвтрүүлгийн гадаад үгийг алдалгүй ярьдаг нэвтрүүлэгчдийн хэлийг манай эгч шиг “бүдүүлэг” хүмүүс ойлгодоггүйг мэдэж авлаа. Хамгийн эмзэглэмээр нь монголдоо бараг ганц гэж болох хүүхдийн суваг Дирийм боокс(Dream box) гэсэн гадаад нэртэй. Мөрөөдлийн суваг, Мөрөөдлийн хайрцаг гэвэл эх хэлээ дөнгөж сурч байгаа балчир хүүхдүүд баярлах байх даа. Монгол хүнээ хүндэлсэн нийгмийн нэг шалгуур энэ баймаар санагдлаа.

Ах эгч хоёроо дайлж, ёсыг бодож “Шар Чингис” гаргалаа. Бас л “бүдүүлэг” хүмүүс ойлгохооргүй “Gold Chinggis” гэчихжээ. Муу нэртэй сархадаа дэлхийн алдартай зуун хүний хамгийн эхэнд байгаа Чингисээрээ нэрлэсэн нь энэ. Чингисээс хойших Исаак Ньютон, Есүс Христос, Будда, Күнз, Цай Лунь, Иоганн Гутенбург, Христофр Колумб, Альберт Эйнштейнээр нэрлүүлсэн сархадыг та сонссон уу?

Араас нь монгол компаниудаа дэмжиж авсан амттануудаа гаргав. Нэг мэдсэн бас л “бүдүүлэг” хүмүүс ойлгохооргүй Гөүлдэн гоби(Golden gobi) школад, Фиузтий(Fuzetea), Панч(Punch), Пааш(Push) ундаа, Аморе(Amore) зайрмаг ширээн дээрээ өрчихсөн байна. “Алтан говь” гээд л биччих юмыг Голдэн гоби(Golden gobi) мэтээр гадныханд зориулж, гадаад үгээр гангарчихжээ. Гангарахаасаа илүү бараа бүтээгдэхүүнээ гадаад гэж харагдуулах гэсэн “залилангийн хэрэг” шиг санагддаг гэнэ шүү, манай ахад. Харин надад гадаадынхнаас дутахааргүй хийсэн сайхан бараагаа “Монгол хүн хийсэн юм аа!” гэж зарлан тунхаглах зүрхгүй “өөртөө итгэлгүй” өчүүхэн хүний зан цухалзаад байх шиг санагддаг. Өөрөө өөртөө итгэхгүй бол хүн танд итгэхгүй, та ч хүнд итгэхгүй. Итгэл үгүй болчихвол улс орон, албан байгууллага, өрх гэр, хувь хүн ч хөгжихгүй. Эхнэр нөхөр, элгэн садан, анд нөхдийн эв эе суларч хар, сэжиг ихэснэ дээ…

Монгол хүн монгол хүнээ хүндэлье!

“Егөөтэй 99 тайлбар” номын “Монгол хүн монгол хүнээ хүндэлье!” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж