Итгэхэд бэрхэд итгэснээсээ болж хохирч яваа иргэд Монголд олон бий. Олноороо хохирсон сүүлийн жишээ ‘Жи Тайм’ сүлжээ. Одоогийн байдлаар 10 мянга гаруй иргэн ‘Жи Тайм’-д элсэж, багагүй хэмжээний мөнгийг тус компанийн дансанд төвлөрүүлсэн байдаг. ‘Жи Тайм’-ын захирлыг баривчлах үед тус компанийн дансан дахь зургаан тэрбум төгрөгийг царцаасан тухай мэдээлэл цацагдаж байв. Мөн цөөнгүй иргэд уг сүлжээнээс хөлжсөн. Давхардсан тоогоор 2134 удаагийн урамшууллыг буцаан олгосон гэдэг нь арилжааны банкуудын мэдээллээс харагддаг. Дансны хуулгаас харахад эдгээр хүмүүсийн дотор 2-3 удаа, 4-5 удаа урамшуулал авч халаасаа түнтийлгэсэн нь цөөнгүй. Бүр 11 удаа урамшуулал хүртсэн хүн ч бий. 20 сая төгрөгийн урамшууллыг 4-5 удаа авчихсан хэр нь ‘Жи Тайм’-аас бол хохирчихлоо хэмээн ярьж яваа нь цөөнгүй. Би хамтрагч биш гээд цагдаад мэдүүлгээ өгөхгүй зугтагсад олон. Үүнээс болоод ‘Жи Тайм’-ын хэрэг бүтэн жил тойрч мэдэх нь.
Гуравхан сая монголчуудын толгойн эргүүлж, халаасыг тэмтчих санхүүгийн пирамид ‘Жи Тайм’-аар төгсгөл болох биз гэсэн итгэл талаар болж, дахиад л нэг худал амлалт, хуурамч хэрэг дэлгэрэв бололтой. “Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан” нэртэй нэгэн сан үүд хаалгаа нээгээд 30 гаруй хүн элсүүлээд амжжээ. Иргэдийг хүүгүй зээлээр орон сууцжуулах зорилготой гэх ашгийн бус саналыг гаргасан хүмүүс өөрсдийгөө хуульч, эдийн засагчид гэж танилцуулж байна. Тэд байртай болох хүсэлтэй ч бэлэн мөнгөний боломжгүй иргэдэд хүүгүй зээл өгч байртай болгох гэнэ. Энэ зээлд хамрагдах сонирхолтой иргэн эхлээд хоёр сая төгрөгийг тус сангийн Төрийн банкны 100900438891 тоот дансанд байршуулах юм. Дараа нь бэлэн мөнгө тушаасан баримт авчрахыг шаардаж байгаа аж. “Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан”-гийн захирал Э.Батсүх тус сангийн үйлчилгээнд хамгийн түрүүнд хандсан иргэн есдүгээр 20-ны дотор багтаж байртай болгоно гэдгээ амлаж байна.
Одоогийн байдлаар 38 иргэн элсэж, 76 сая төгрөг төвлөрөөд байгаа болохоор эхний хүний байрыг торох юмгүй аваад өгчихнө. Ингэснээр дараа, дараагийн хүмүүст итгэл төрүүлж, өгөөш болох нь тодорхой. Харин дараа дараагийн хүмүүсийн байрыг хэрхэн санхүүжүүлэх талаар тайлбар алга. Эдийн засагч бүхэн зөвийг тооцоолж, хуульч болгон үнэнийг өгүүлнэ гэж найддаг үе өнгөрсөн байлтай. Жи Таймд элсэгчдийн мөнгийг зүгээр ч нэг авчихад бэрх байснаас улсын төсөвт тэрбум төгрөгийн татвар төлж, элссэн хүн бүрт татвар төлөгчийн цэнхэр дэвтэр нээж өгч байсан. Харин “Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан”-гийнхан татварын талаар ган хийхгүй байгаа нь бүр хачирхалтай.
Амьдрах орон байртай болох амин чухал хэрэгцээнд дөрөөлөн гарч ирж буй орон сууцжуулах сан санхүүгийн пирамид байж болох уу. Энэ асуултад Цагдаагийн ерөнхий газраас “Одоогоор тус санд залилууллаа гэж нэг ч иргэн гомдол гаргаагүй учир хуулийнхан үйл ажиллагааг нь шалгаагүй” гэсэн хариу өгчээ. Хуулийн заалт нь ч ийм аж. Хэн нэгнийг хуулиас гадуур ажиллаж байж болзошгүй гэх таамгаар хянаж шалгах эрх цагдаа, шүүхийнхэнд байхгүй. Гагцхүү хохирогчийн мэдээллийн дагуу шалгах боломжтой. Одоохондоо уг сан дөнгөж эхэлж байгаа учир гомдол гаргах хохирогч байхгүй. Тодорхой хугацааны дараа анхны хохирогч хуулийнханд хандах үед хохирогчдын тоо мянга мянгаар өсч, хохирлын хэмжээ сая саяар үржсэн байх вий гэсэн болгоомжлол төрнө. “Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан”-гийнхан Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/, Хууль зүйн дотоод хэргийн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар зэрэг төрийн байгууллагад хамтран ажиллах санал хүргүүлжээ. Гэвч тэдгээр байгууллагын аль нь ч уг санг хуулийн дагуу үнэхээр хүнд хэрэгтэй үйлс эхлүүлж буй эсэхийг шалгасангүй.
Шалгах үүрэг нь биш байж мэднэ. Тэгвэл хэн шалгах ёстой вэ. “Бүтэшгүй мөрөөдөлд автаж мөнгөө өгч байдаг хохь нь” гээд хараад суух эрх төр засагт бий юү. Мөнгө нь илүүдээд сүлжээнд элсдэг хүн нэгээхэн ч үгүй. Боломж гарвал өсгөөд байрны урьдчилгаатай болъё гэсэн нэгэн байхад өвчтэй аав ээж, ахан дүүсдээ нэмэрлэх гэж, хүүгийнхээ хуримыг хийлгэх гэж, бүр цагаан сараа зээлгүй тэмдэглэе гэсэндээ тэтгэврийн зээл аваад сүлжээнд элссэн хүн ч бий. Багш, эмчээс эхлээд төсвийн ажилтан, төрийн албан хаагч төдийгүй томоохон компанийн гүйцэтгэх захирлаас татгалзаад Жи Таймд зүтгэсэн хүнтэй ч таарч байв. Мэдээж эхэнд элссэн нь хожиж, сүүл мушгигсад хохирсон. Тэднийг хөндлөнгөөс хараад “Ийм тэнэг зүйлд итгэж байдаг” хэмээн хөх инээдээ барьж ядан тавлаж суугаа хүн олон бий. Харин ингэж тавлах эрх төр засгийнханд бий юү гэдгийг дахин асууя.
Иргэдийг хохироож болзошгүй эргэлзээтэй зар, сурталчилгааг шалгадаг, хянадаг тогтолцоо манай улсад байна уу. Банк бус санхүүгийн байгууллага, даатгал зэрэг санхүүгийн байгууллагуудад анхны зөвшөөрөл олгож, үйл ажиллагааг нь хянадаг Санхүүгийн зохицуулах хороо бий. Гэвч сангууд тэндээс зөвшөөрөл авдаггүй учир үйл ажиллагаа нь хамаарахгүй гэж ам таглах биз. Санхүүгийнхэнд хамаарахгүй, хуулийнхан шалгах боломжгүй энэ цоорхойг овжин хүмүүс ашиглаад олон хүний толгойг эргүүлж, халаасыг хоосолсон хуурмаг бизнес эрхлээд байна бус уу. Сүлжээний бизнес, санхүүгийн пирамид гэх нэр томъёог нь ч ойлгоогүй хүмүүсийг хуурсаар, мэхэлсээр байгаа гадаад, дотоодын зальтай хүмүүст хэрхэн хариуцлага тооцох вэ. Хэн нэгэн цагдаад гомдол мэдүүлж байж шалгаж эхэлнэ гэдэг хэтэрхий оройтсон шийдэл. Нэгэнт итгээд мөнгөө тоолоод өгсөн хүн арга тасартлаа цагдаа руу алхахгүй. Хүн булаагаад авчихсан биш, аргалж байгаад өгсөн мөнгөө ч бол авъя гэсээр багагүй хугацааг туулдаг гэнэ. Тэр зуурт хохирогчдын тоо улам бүр өссөөр байдаг. Хэдийгээр Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуульд олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг олох үйл ажиллагааг зогсооно гэсэн заалт байдаг ч “Сүлжээ биш” гэдэг халхавчин дор арга зальтнууд ар араасаа төрсөөр байна.
Бусдыг элсүүлэхдээ мөнгө авч, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгдөг санхүүгийн пирамидыг АНУ, Англи, Франц, Герман, Канад, Румын, Колумб, Малайз, Польш, Норвеги, Болгар, Австрали, Шинэ Зеланд, Япон, Итали, Непал, Исланд, Филиппин, Өмнөд Африк, Шри-Ланк, Тайланд, Иран, Хятад, Мексик, Португал, Голланд зэрэг улс луйвар гэж үзэн хуулиараа хориглосон байдаг. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага нь ч хатуу чанга. АНУ-д гэхэд л пирамид тогтолцоог үүсгэн байгуулсан, гүйцэтгэхэд нь тусалсан хүнийг арван мянган доллараар торгох, албадлагын хөдөлмөр хийлгэх, эсвэл арван жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай байдаг гэнэ.
Харин манайд иргэдээ, эгэл жирийн хүмүүсээ эрсдлээс хамгаалах хяналт шалгалт, хатуу чанга зүйл заалт алга. Ниргэсэн хойно нь хашгирахын үлгэрээр хэзээ хойно шалгаж, буруутанг хорихоос хэтрэхгүй. Хохирогч хохирсоор үлдэж байна.