“Өнөөдрийн байдлаар 8,5 сая иргэн ханиадны эсрэг вакцин тариулаад байна” хэмээн ОХУ-ын Мэргэжлийн хяналтын албаны тэргүүн Анна Попова телевизийн “Россия-24” сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Түүний хэлснээр 2017-2018 оны өвөлд хэрэглэх ханиаднаас урьдчилан сэргийлэх тарилгуудыг бүс нутгууд руу эртнээс хүргүүлжээ.
“Өнөөдрийн байдлаар 8,5 сая хүн урьдчилан сэргийлэх тарилгыг хийлгээд байна. Энэ жил 58,5 сая хүнийг тарилгад хамруулна хэмээн тооцож улсын төсвөөс мөнгийг нь гаргасан” хэмээн Анна Попова хэллээ.
Энэхүү тарилгыг иргэдэд үнэ төлбөргүй хийдэг. Сүүлийн хоёр жилд ханиадны улмаас нас барсан хүн дотор урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн хүн байгаагүйг тэрбээр онцолсон байна. Гэхдээ өнгөрсөн жилийн дүн мэдээгээр тарилга хийлгэсэн хүмүүсийн 3,5 хувь нь ханиадны халдвар авсан байжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ