Нам байгуулж, сэм хуйвалдсаны гор

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Нам байгуулж, сэм хуйвалдсаны гор

Засгийн газрын шинэ тэргүүнд горилогчдын нэрс хөвөрсөн өдрүүд үргэлжилж байна. Эрх баригч Монгол Ардын нам тарж бутарсан гишүүдээ нэг гарт зангидаж чадах эсэх, шинэ Ерөнхий сайдын нэрэн дээр тохирч чадах эсэх, тохирлоо гэхэд чуулганы танхимд унагахгүй авч гарч эсэх гээд дараалсан асуултын тэмдгүүд Тусгаар тогтнолын ордныг тойрон эргэлдэж байна.

МАН-ын Удирдах зөвлөл Бага хурлаа ирэх долоо хоногийн Даваа гариг буюу есдүгээр сарын 25-нд хийхээр тов тогтоосон. Энэ бага хурлаар дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулах юм. Өнгөрсөн Баасан гаригт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан, энэ хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хэвлэлийнхэнд мэдээлснээр Даваа гаригт болох Бага хурлын өмнө Удирдах зөвлөл нь дахин хуралдаж Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх аж.

Намар цаг гэдэг Монголын хувьд амин чухал улирал байдаг. Хахир хатуу өвлийг хэрхэн давж туулж, уяруу цагтай эрсдэл багатай золгох нь намрын бэлтгэл ажлаас хамаардаг онцлогтой. Чухам ийм л үед Засгийн газраа огцруулж, дараагийн сүү саалийн хүн иртэл хэдэн үнээний дэлэнгээ шувтраад байж бай хэмээн үүрэгдээд арав хонолоо. МАН-ын Бага, Их хурал, залгуулаад чуулган нээгдэх хуулийн хугацаа гээд тооцвол үүрэг гүйцэтгэгч Засгийн газар өвлийн бэлтгэлээ базааж таарах нь.

Ингэж хүлээж суух цаг байхгүй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сануулан ээлжит бус чуулганы энэ долоо хоногт зарлан хуралдуулах албан шаардлагыг есдүгээр сарын 15-ны Баасан гаригт УИХ-ын даргад илгээсэн ч Ерөнхийлөгчийн шаардлага ажил хэрэг болох нь эргэлзээтэй. Баасан гаригт “гар дээрээ хараахан аваагүй” байгаа албан бичиг өнөөдөр гар дээр нь очсон ч энэ долоо хоногтоо багтан гүйцэтгэх засаглалыг шинэ тэргүүнтэй болгох яаруу сонирхол эрх баригчдад үгүй. Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах гурван нөхцөлийн нэг нь Ерөнхийлөгчийн санаачилга мөн боловч ээлжит бус чуулган зарлах нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал юм.

Хүндхэн хэлэлцээрийг туулан тохиролцоонд хүрсэн ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц ч шинэ Ерөнхий сайд тодортол түр хугацаагаар хойшилж таарч байна.

Ерөнхийлөгч албан шаардлага хүргүүлсэн ч нааштай хариу өгөх магадлал бага. Тэгвэл Ерөнхийлөгч дараагийн алхам хийх боломж бий юу? Хуульд зааснаар Ерөнхийлөгч хоёр тохиолдолд УИХ-ыг тараах зарлиг гаргаж болно. Нэгд, Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь УИХ өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэж ёсоор болгосон бол, хоёрт, Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал нэгдэж УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэн ёсоор болгосон тохиолдолд. Гэвч асуудлыг ийм дээрээ тулгах сонирхол эрх баригчдад байхгүй нь мэдээж. Өнөөдрөөс ямар нэг хариу өгөх биз.

Хоёр жилийн өмнө УИХ-ын 76 суудлын 65-ыг авч байсан МАН-ын нэр хүнд өнөөдөр шалдаа буугаад байна. Энэ бол сөрөг хүчин болох Ардчилсан нам, Ардчилсан намыг төлөөлөн нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тоглолт хийх таатай нөхцөл байдал юм. Цул гэдгээрээ бахархаж ирсэн МАН М.Энхболд хэмээн даргынхаа үед ийнхүү доройтох учиртай байж. Монголын улс төрд том орон зайг эзлэн оршиж байсан МАН өнгө мөнгө, эрх мэдлийн тэмцлээ дарж чадсангүй, идүүлж байна.

Хоёр нам ийнхүү хэн хэнийхээ харыг гайхах хэрэггүй болж, нам байгуулж сэм хуйвалдаж явсны горыг амсч байна. Одоо харин нам шиг намыг хэн түрүүн шинэчлэн зохион байгуулж чадсан нь хожих болно. Эсвэл сайтар зохион байгуулагдсан гуравдагч хүчинд сонгогчид итгэхэд бэлэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж