Улсын онцгой комиссын дарга М.Энхболд нээлттэй сонсголд оролцогчдод газар хөдлөлтийн аюул тохиолдсон нөхцөлд авч болох арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийсэн юм. Түүний мэдээлснээр ерөнхий боловсролын дунд сургуульд зориулан Аюулгүй амьдрах ухааны гарын авлага бэлтгэж, хичээл заах багш нарыг сургаж дадлагажуулахаар болжээ. Мөн ОБЕГ, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам зэрэг байгууллагууд хамтран “Говийн чоно-02”, “Говийн чоно-03” дадлага зохион байгуулсан байна. Газар хөдлөлтийн үеэр хэрэглэх багаж, тоног төхөөрөмжийг хилээр хэрхэн нэвтрүүлэх талаар ГЕГ, ХЦУЕГ-аас удирдамж гаргажээ. Хятадын ардын чөлөөлөх армийн дайчидтай хамтран газар хөдлөлтийн үед зэвсэгт хүчний тусламж дэмжлэгийг хэрхэн авах талаар арга хэмжээ зохион байгуулсан байна. 100 сая төгрөгийн өртөг бүхий тусгай зориулалтын дэд бүтэц, дохиоллын систем бий болгох, 8,8 тэрбум төгрөгөөр аюулыг эртнээс урьдчилан мэдээлэх төслийг боловсруулж дуусч байгаа ажээ. 400 сая төгрөгөөр хэрэгцээтэй тоног төхөөрөмж авахаар Нийслэлийн ИТХ дээр ярьжээ. Мөн 285 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх 24 орчим га газрыг тодорхойлсон байна. Аймаг, орон нутгийн нисэх онгоцны 19 буудал, нислэг үйлдэх солбицол зэргийг аюулын үед хэрэглэж болох нөөцөд авчээ. Налайхад нөөц буудал бэлдэж байгаа аж.
Засгийн газарт оруулахаар бэлтгэсэн саналуудаасаа Шадар сайд танилцууллаа. Орон тооны бус байнгын ажиллагаатай зөвлөл байгуулах, газар хөдлөлтийн бичил мужлалын зураг хийх, барилгуудыг газар хөдлөлтийн тэсвэржилтийн гэрчилгээтэй болгох, нурж мэдэх хуучин барилгуудыг мэргэжлийн комиссын дүгнэлтийн дагуу ээлж дараатай буулгах зэрэг саналыг дэвшүүлэхээр болжээ. Өвлийн цагт дэлгэж ажиллуулах хээрийн эмнэлэг, майхан, хүн, малын эм, багаж хэрэгсэл зэргийг бэлтгэх, эрэлч нохойн алба байгуулах, гадаадаас ирүүлэх багаж төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, хөдөөнөөс нийслэл рүү шилжих механик шилжилтийг хязгаарлах зэрэг санал ч эдгээрт багтаж буй ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч үүний дараа товч санал хэлсэн юм. Тэрбээр “Байгалийн гамшиг хэлж ирдэггүй. Түүнээс айж эмээх бус, гадаад орнуудын туршлагаар байнгын бэлтгэлтэй байх ёстой. Чили, Гаитид болсон газар хөдлөлтүүд бэлтгэлтэй, бэлтгэлгүй орнуудын ялгааг харуулсан. Иргэд нийслэл рүү хошуураад нүүгээд байх нь хүсүүштэй зүйл биш болжээ. Хүн амын нягтрал ихтэй газарт газар хөдөлбөл хохирол илүү учирна. Өнгөрсөн жил бид нэг хэсэг бэлтгэл сайтай байсан. Тэгээд нэг хэсэг тасарлаа. Хүн бүр газар хөдлөлтийн талаар бэлтгэлтэй, ойлголттой байх ёстой. Сүүлийн үеийн барилгуудад газар хөдлөлтийг тэсвэрлэх стандарт алдагдсан. Тиймээс барилгын компаниуд үүнд анхаарах ёстой. Газар хөдлөлтөөс ард нийтийг сэрэмжлүүлэхэд хэвлэлүүд чухал үүрэгтэй” гэлээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Газар хөдлөлтөөс сэргийлэх өргөн хүрээтэй бэлтгэл ажил хийх хэрэгтэй. Зайлшгүй чухал зүйлээ зөв тогтооё. Хууль санаачилж, хэн хэн тэр хуулийг санаачлах вэ гэсэн жагсаалт гаргая” гэж байлаа.