Дэлхийн хаа нэгтээ 30 ам.доллараар оройн хоолондоо юу идэж болох вэ? Ямар нэг татвар, гарын мөнгө тооцолгүйгээр тухайн улсын дундаж зэрэглэлийн рестораны боломжийн гэсэн хоолнуудаас сонгон түүвэрлэсэн цэстэй танилцана уу.
ШВЕЙЦАРЬ
Швейцарь бол Европын өртөг өндөртэй орнуудын нэг. Тийм ч үнэтэй биш, үйлчилгээ, орчин, амт чанар дундаж зэрэглэлийн, дотоодын нэг ресторанд 30 ам.доллараар ийм хоол идэж болно. Илүү тэжээллэг, арай өөр төрлийн хоол сонирхож байвал итали, хятад, турк хоол идэхэд 30 ам.доллар хүрэлцэнэ.
ЯПОН
“Гал тогооны” аялал жуулчлал чамгүй сайн хөгжсөн Япон хоолыг өрнө, дорнын аль ч жуулчин таашаадаг. Үгүй ядахад цааргалалгүй иддэг. Тэндхийн дийлэнх ресторанууд наанадаж нэг одтой байдаг. Хамгийн алдартай хоол нь мэдээж далайн гаралтай бүтээгдэхүүн.
ИТАЛИ
Итали хоол дэлхийн хамгийн шилдэгт тооцогддог. Гэхдээ жуулчдын хувьд боломжийн үнээр олон төрлийн, жинхэнэ итали амт мэдэрнэ гэдэг хэцүү. Шоон хээтэй ширээний бүтээлэг дэвссэн төдийлөн томгүй хоолны газруудад уламжлалт итали хоол амтлахаас гадна гэрийн аргаар дарсан дарс шимэх боломжтой.
КАНАД
Канад үндэсний хоол бол энэ гээд нэрлэхэд асуудалтай. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн өв соёл, уламжлал шингэсэн холимог хоолтой гэж болно. Том хотууд болоод жижиг суурин, тосгоны рестораны үнийн зөрүү асар их. Зураг дээрх хоолнууд бол Канадын нийслэл дэх гэр бүлийн жижиг ресторанд 30 ам.доллараар захиалж болох хоол юм.
ФРАНЦ
Францууд хоол, хүнсний тал дээр Европ гэлтгүй дэлхий дээр хамгийн ганган, хээнцэр хүмүүс байх. Хоолны үнэ нь тухайн рестораны байрлал, зэрэглэл гээд нийтлэг жишгээр харилцан адилгүй. Зураг дээрх хоолыг та хотын төвөөс нэлээд зайдуу, тийм ч үнэтэй биш дундаж ресторанд 30 ам.доллар төлөөд идэж болно.
ИСПАНИ
Испанид та 30 ам.доллараар хямд ресторанд ширээ дүүрэн хоол идэж болно. Эсвэл нутгийн жижиг хоолны газарт Испанийн уламжлалт хоол идээд, боломжийн сайхан дарс шимж бас болно.
ЯМАЙК
Ямайк хоол нэлээд өвөрмөц, гэхдээ үнийн хувьд тун боломжийн. Дундаж зэрэглэлийн ресторанд ороод 30 ам.доллараар зураг дээр үзүүлсэн хоолнуудыг сонгож болно. Гэтэл Европын аль нэг ресторанд иймэрхүү далайн гаралтай хоол аваад дор хаяж хоёр дахин ихийг төлөх шаардлагатай болно.
АВСТРАЛИ
Австралид бол 30 ам.доллараар хаана ч очоод боломжийн сайхан хооллочихно. Нэг зүйлийг сануулахад, Австралид согтууруулах ундаа зарах зөвшөөрөлгүй ресторан нэлээд бий. Гэхдээ гаднаас өөрөө уух зүйлээ аваад орж болдог. Тийм төрлийн рестораны хоол бүр ч илүү хямд байдаг.
ГРЕК
Грекүүд зочноо дэлхий дээрх хамгийн эртний бөгөөд хамгийн чамин хоолоор дайлдаг. Нутгийн ресторан, жижиг зоогийн газрууд танд олон төрлийн хоол санал болгох болно. Үнэ харьцангуй хямд. Ялангуяа өмнөд нутгаар, бас жуулчид бага очдог хэсгээр хоолны үнэ хямд, хэмжээ их, амт сайтай.
МЕКСИК
Жуулчдын төдийлөн сонирхоод байдаггүй ч Мексик хоолны газрууд хямд үнэтэй, хоолны порц маш их байдаг. 30 ам.доллараар та тухайн рестораны амт чанар сайтай нэрийн хоолыг, дагалдах хэд хэдэн зуушны хамт авч чадна.
ЭНЭТХЭГ
Энэтхэгт нэр хүнд, өнгө үзэмж сайтай боломжийн ресторан сонгох нь эрүүл ахуйн хувьд асуудалгүй байх болно. Нэлээд үнэтэйд тооцогдох ресторанд ороход 30 ам.доллараар хэд хэдүүлээ аятайхан хооллож дөнгөнө.
МАКЕДОН
Европын хамгийн хямд өртөгтэй газруудын нэг. Хоолны тал дээр элдэв маяггүй энгийн, амттай бөгөөд их. Шинэхэн талх, ногоо, олон төрлийн бяслаг ямар ч төрлийн хоолыг дагалдана. Хэрэв та 30 ам.доллартай бол тун дажгүй оройн зоог барьж чадна.
С.ЦЭЛМЭГ