Лондон хотын метронд тэсрэх бөмбөг дэлбэлсэн байж болзошгүй 18 настай сэжигтнийг Британийн цагдаагийн байгууллагынхан баривчлан саатуулсан байна. Түүнийг бямба гаригт Довер боомтоор дамжин Франц руу оргон зайлах гэж байхад нь саатуулжээ.
Халдлагад холбоотой өөр этгээдүүд байж болзошгүй учир цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
Лондон хотын Парсонс Грин метроны буудалд өнгөрсөн баасан гаригт /2017.09.15/ галт тэрэг дотор дэлбэрэлт болж, 30 хүн бэртсэн халдлага гарсан юм. Гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг бүрэн гүйцэд дэлбэрээгүйн ачаар хүний амь нас эрсдээгүй байна. Хотын эрх баригчид болсон явдлыг террорист халдлага гэж мэдэгдсэн бөгөөд хожим “Исламын улс” бүлэглэл халдлага үйлдсэн болохоо мэдэгдсэн юм.
Сүүлийн жил гаруй хугацаанд Лондонд дөрвөн ч удаа террорист халдлага гарч буй нь энэ. Тиймээс Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй болзошгүй аюулаас сэргийлж, атомын цахилгаан станц зэрэг стратегийн ач холбогдол бүхий обьектуудыг тусгай хамгаалалтад авахыг үүрэгджээ.
С.ЦЭЛМЭГ