Засгийн газраа огцруулсан МАН өнгөрсөн долоо хоногт дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүний хар зургийг гаргана гэж төлөвлөж байсан ч талаар өнгөрлөө. Өнгөрч буй долоо хоногт улс оронд өрнөсөн үйл явдлыг NEWS агентлаг тоймлон хүргэж байна.
Ерөнхийлөгчийн сануулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баасан гаригт УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээв.Уг албан бичигт “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө.
Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,3-т тус тус заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд хуралдуулах саналтай байна.
Аль нэг намын дотоод ажил, асуудлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу” гэжээ.
Энэхүү албан бичигт одоогоор ямар нэгэн хариу өгсөнгүй. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад цаг хэмнэх үүднээс дараагийн Засгийн газраа огцруулах асуудалтайгаа зэрэгцүүлэн оруулж ирж байхыг сануулж байна. Ургац хураалтын ажил ид эхэлсэн, өвөлжилтийн бэлтгэл ажлын оргил ачааллын үеэр гүйцэтгэх засаглал үүрэг гүйцэтгэгчээр байгаа нь их ажлыг цалгардуулна гэсэн болгоомжлол байна.
Ерөнхий сайдаа 25-нд тодруулна
МАН-ын Удирдах зөвлөл долоо хоногийн эхэнд бага хурлынхаа товыг энэ сарын 25-нд гэж тогтов.
УИХ дахь МАН-ын бүлэг харин Ерөнхийлөгчөөс өөр байр суурьтай байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ‘Манай намыг дотооддоо хоёр хуваагдсан мэт ойлгож байгаа. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар манай бүлэг дээр зарчмын зөрүүтэй байр суурь үүссэн нь үнэн. Гэхдээ бид энэ бүх асуудлаа орхиж, дотооддоо эв нэгдэлтэй байх асуудлыг ярилцлаа” гэж тайлбарласан. Хэдийгээр хуваагдсан зүйл байхгүй гэж буй ч үнэндээ өөр хоорондоо учраа олохоо байсан гэдгийг ээлжит бус чуулганы үеэр харуулсан. Д.Хаянхярваа хэлснээр ямартай ч дотроо учраа ололцож, тохироогоо хийхээр болж буй бололтой. Нэг тодорхой зүйл гэвэл “Ерөнхий сайдыг есдүгээр сарын 25-нд тодруулна” гэдгийг бүлгийн дарга нь мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, 25-нд болох бага хурлаараа тодруулна гэсэн үг. Харин МАН-ын дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуудал бүрхэг хэвээр үлдлээ. Гэхдээ Засгийн газрын тэргүүн заавал намын дарга байна гэсэн зарчимд баригдахгүй гэдгийг намын удирдлагууд хэлж байна. Тиймээс ирэх долоо хоногт тодруулах Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг хүлээх л үлдлээ.
Эдийн засгийн үзүүлэлт тогтворжсон гэв
ОУВС-гийн хөтөлбөрийг зогсоохоор болсон талаар долоо хоногийн эхэнд зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлэв. Харин ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакераас үүнийг үгүйсгэлээ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц их сайн байгааг тэрбээр дурдаад . “Эдийн засгийн байдал тогтворжлоо. Эдийн засагт итгэх итгэл сэргэж байна. Монгол Улсын хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг Засгийн газрын бонд шинээр гаргах замаар амжилттай шийдвэрлэж чадсан.
Төгрөгийн ханш харьцангуй тогтворжлоо. ДНБ нэлээд өндөр хувьтай өсч эхэллээ” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Харин Засгийн газар огцорсонтой холбоотойгоор 2017 оны есдүгээр сарын сүүлчээр хийх ёстой байсан үнэлгээний хэлэлцүүлгийг шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл хойшлуулах шийдвэр гарсан гэнэ. Бүх зүйл таагүйгээр эргэж буй энэ өдрүүдэд нааштай мэдээлэл нь энэ байлаа.
Оффшорчдод олгосон хугацаа дуусав
Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор дансан дахь мөнгөө 49 хоногийн дотор татах уриалга гаргасан. Энэ хугацаа 12-ны өдөр дуусгавар болов.
ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож, эдгээр бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн юм.
“Өнгөрсөн хугацаанд нэр бүхий 23 хүнийг гурав, гурван удаа дуудан уулзсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй” гэдгийг АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой уулзах үеэрээ хэлэв.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг албан ёсоор зарласнаас 3 сарын дотор оффшор бүс дэх дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авч өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй болжээ.
Гэвч Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүй байгаагаас болж аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг оффшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаа аж.
Хэдийгээр наймдугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан ч өнөөдрийн байдлаар Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүй байгаагаас болж аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг оффшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаа аж.