БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун есдүгээр сарын 15-ны өдөр Хвасон-12 баллистик пуужингийн туршилтыг өөрөө удирдан явуулсан гэдгээ мэдэгджээ.
Японы Хоккайдо арал дээгүүр өнгөрч, Номхон далайд хүрсэн Хвасон-12 пуужингийн туршилт нь гэнэтийн явдал байсан бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ‘өдөөн хатгалга’ гэж үзсэн байна.
Харин Ким Чен Ун мэдэгдэхдээ ‘Бидний эцсийн зорилго бол АНУ-тай зэвсэгт хүчний тэнцвэртэй байдалд хүрэх явдал. Манай инженер, эрдэмтэд пуужингийн салбарын цаашдын хөгжилд анхаарч ажиллана. Энэ удаагийн туршилтаараа бид дунд болон холын зайны тусгалтай, стратегийн баллистик пуужингийн байлдааны чадварыг шалгасан’ гэжээ
Хойд Солонгост өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд НҮБ-ын хориг үйлчилж байсан ч тэд цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр ирсэн юм.
Сануулахад, БНАСАУ нь есдүгээр сарын 15-ны өдөр ээлжит баллистик пуужингийн туршилт хийсэн. Өмнөд Солонгос болон АНУ-ын зэвсэгт хүчний мэдээллээр, пуужингийн туршилт амжилттай болсон төдийгүй онилсон цэгтээ хүрч чадах хэмжээнд хүрсэн гэж үзжээ.
Ц.УРАН
Эх сурвалж: ИТАР ТАСС