Долоо хоногийн онцлох ярилцлага

Хуучирсан мэдээ: 2017.09.16-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага

Одоогоос жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 17-25-ны өдрүүдэд 6016 бөх Монголын өнцөг булан бүрээс Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Монгол бөхөө Гиннесд бүртгүүлэх барилдаанд зодоглосон билээ.

Д.Пүрэвдаваа: Сонголтыг тохиролцож болдоггүй юм
 

Баянзүрх дүүргийн АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа

-Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваахаар болсон гэсэн мэдээлэл байгаа. Хэн ийм шийдвэр гаргасан юм бэ. Яагаад гэнэтхэн дүүргүүдийг хоёр хуваахаар яригдаад унав аа?

-Баянзүрх дүүргийг хоёр хуваах хотын даргын захирамж өнгөрсөн наймдугаар сард гарсан юм билээ. Миний хувьд сар гаруйн өмнө л Сонгинохайрхан болон Баянзүрхийг хоёр хуваах юм байна гэдгийг мэдсэн. Манай Баянзүрх дүүрэг бол хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн суурьшдаг нэг бүс нутаг. Хүн амын тоо нь одоогоор 330 мянга болтлоо өсчихсөн л дөө. Хотын дарга дүүргийг хоёр хувааснаар төрийн үйлчилгээний хүртээмж сайжирна, тулгамдсан асуудлууд нь шийдэгдэхэд хялбар болно гэж үзэж байгаа юм билээ. Магадгүй энэ шалтгаанаар хэзээ нэгэн цагт дүүрэг хуваах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийн хувьд эдийн засгийн боломж улс төрийн нөхцөл байдлаа бодсон ч тохиромжтой цаг үе нь бишээ гэж би харж байгаа.

-Мэдээж, нэг дүүргийг хоёр хуваахаар тодорхой хэмжээний өртөг зардал төсвөөс гарах байх. Олон нийтийн сүлжээгээр дор хаяж 40 тэрбум төгрөг болно гэсэн тооцоо явж байгаа харагдсан?

-Дөчин тэрбум төгрөг ч наад захын зардал л даа. Монголын эдийн засаг хямралтай байна. Дээр нь эрх баригч МАН дотроо хагаралтай, төрийн ажил гэхээсээ намын хэрүүлдээ хамаг анхаарлаа хандуулж, ач холбогдол өгчихсөн. Ийм эгзэгтэй үед эдийн засаг улс төрийн хямрал дээр асуудал нэмээд чоно борооноор гэдэг шиг захирамж гаргаж болохгүй. Жишээлбэл, Баянзүрх дүүргийг хоёр хуваалаа гэж бодъё. Засаг даргын Тамгын газар нь хоёр болно. Босоо удирдлагатай цагдаа, шүүх прокурор, даатгал, нийгмийн халамж, эрүүл мэндийн байгууллагууд нь хосолмол болно. Адилхан дүүрэг юм чинь Тамгын газар нь адилхан орон тоотой, адилхан цалингаар цалинжина. Манай дүүргийн жилийн урсгал зардал 18 тэрбум төгрөг. Үүний 14 тэрбум нь бараг Тамгын газрын ажилтнуудын цалинд явчихдаг юм. Ингээд тооцохоор Баянзүрхийг хоёр хуваавал Тамгын газрын ажилтнуудын цалин хоёр дахиж өсөөд 28 тэрбум төгрөг болно. Дээр нь иргэдийнхээ бичиг баримт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг солихоос эхлээд багагүй зардал орно. Ингээд бодохоор юун 40 тэрбум төгрөг. Эдийн засаг сэргэлттэй, улс мөнгөтэй бол өөр хэрэг. Гэтэл улсын төсөв нь алдагдалтай, өр төлбөрөө яая гэж байж зардал дээр зардал нэмэх нь буруу л гэж харж байгаа. 

-Хотын удирдлагуудын мөнгө угаах арга гэж зарим хүмүүс хардаж байна. Нөгөө талаар хотын удирдлагуудын гаргаж байгаа тайлбар ч бас үндэслэлтэй юм шиг санагдсан?

-Мөнгө, төгрөг угаах арга энэ тэрийг бол мэдэхгүй. Харин манай дүүргийг Баянзүрх, Дүнжингарав гэж хоёр хуваах юм билээ. Энэ асуудлаар хотын даргатай уулзсан. Тайлбарлахдаа “хөдөөнөөс шилжин ирж буй хүмүүсийн тулгамдсан асуудал, хотод олон жил суурьшсан хүмүүсийн тулгамдсан асуудал өөр байна. Тиймээс хоёр хуваагаад тулгамдсан асуудалд нь тохирсон үйлчилгээ явуулах хэрэгтэй байна” л гэсэн. Магадгүй үндэслэлтэй байж болно. Гэхдээ дахиад нийгмийн даатгалын барилга, дахиад нэг халамжийн барилга барих хэрэгтэй болно. Дээрээс нь төлөөлөгчийнх нь тоо нэмэгдэнэ. Нэг дүүргийн төлөөлөгч нь багадаа 35 гээд бодоход 70 төлөөлөгчтэй болно гэсэн үг. Ийм хэмжээний зардал гаргах эдийн засгийн боломж байхгүй л гэж би хэлээд байгаа юм. Хоёрдугаарт, нуулгүй хэлэхэд үүнийг би улс төрийн шийдвэр гэж харж байгаа. 

Дэлгэрэнгүйг унших


 

Д.Отгондалай: Цаашид UFC-д өрсөлдөх хүсэлтэй байгаа
 

Доржнямбуугийн Отгондалай… Хэдхэн хоногийн өмнө олимпийн хүрэл медалиа Дэлхийн аваргын хүрлээр ижилсүүлсэн шилдэг боксчин манай редакцид зочиллоо. Хамбургийн дэвжээнд хийсэн гурван тулаан, боксын шүүлтийн будилаан, Токио-2020 олимп хүртэл сонирхогчдын боксдоо хүч үзнэ, харин цаашид холимог тулааны төрлөөр хичээллэж, UFC-д гарах хүсэлтэй байгаа талаараа тэрбээр ярив. Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалайгийн ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.

 


 

 О.ЧУЛУУНБИЛЭГ: Бүлэглэлүүдийн гол бялуу бол нүүрс

Улстөр судлаач О.Чулуунбилэг

-Аль ч улсад ээлжит сонгуульд ялалт байгуулсан нам эрх барьж, бодлого тодорхойлдог. 2016 оны сонгуулиар ард түмэн МАН-д  Засгийн газраа дангаараа бүрдүүлэх, эрх барих том эрх олгосон.  Гэвч нэг жилийн дараа МАН өөрсдөө Засгийн газраа огцруулчихлаа. Судлаач хүний хувьд энэ үйл явцыг юу гэж дүгнэж байна вэ?

-Товчхондоо намын дотоод хямрал төрийн хямрал болж өргөжиж байна. Энэ хямралын өртөг их өндөр байх болов уу.  Улс төрийн энэ хямралын төлөөс эдийн засагт тусахаас өмнө эрх баригчид дараагийн Засгийн газраа яаралтай байгуулах ёстой. Гэвч чадахгүй удах байх гэсэн хувь судлаачдын болгоомжлол байна.

-Тэгэхээр Засгийн газар тогтвортой байх гэхээс илүү улс төрийн намуудын доторх “бялуу” хуваах ажиллагаа буруу хийгдсэнийх гэж харж болох уу. Олны хэлдгээр хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо арай эрт орчхов уу даа?

-Шууд тэгж дүгнэвэл улс төрийг хэтэрхий хялбарчилж харсан хэрэг болно. Засгийн Газар огцорно гэдэг нэг хэсгийн шунал хүслээр шууд шийдэгдээд байдаггүй.  Огцруулах бичгийг уншихад, Засгийн газар огцрох ёстой гэсэн “том” шалтгаан харагдахгүй байсан. Тэр бичигт концессын гэрээтэй холбоотой “гомдол” бичигдсэн байсан болохоор хэвлэлийнхэн хоёрдугаар ээлж хоолондоо орж байна гэж бодсон биз ээ. Гол шалтгаанууд гэвэл нэгд, сонгуулиар гарсан 60 тэрбумтай холбоотой асуудлаар ялагдчихлаа гэж үзсэн гишүүдэд яаралтай 60 тэрбумын хэргээс хол харагдахгүй бол 2020 онд дахин сонгогдох боломжгүй болчихлоо гэсэн айдас байгаа нь харагдаж байна лээ. Тиймээс бид энэнд ямар ч хамаагүй шүү гэдгээ харуулахын тулд Засгийн газраа золигт гаргаж “цэвэр харагдах” хүсэл нөлөөлсөн. Удахгүй намын удирдлагаа сольсноор өргөжнө. Намын удирдлага нь 2020 онд дахин 60 тэрбумын асуудлаар “баалуулах” нь тэдэнд ашиггүй. Хоёрт,  МАН дотор үе солигдох үйл явц үргэлжилж байна. Алдаатай оноотой ч сонгуулийн ялагдлаар далимдуулж шинэ үеийнхэн хүч түрж орж ирж байна. Гэхдээ миний харж байгаагаар МАН-ын залуучууд гурван хэсэг бүлэг болж задарч дотоод зөрчилтэйгөө хамт намын нэгдүгээр эгнээ рүү орж ирэх шиг.  Гуравт, мэдээж энэ парламентын үнэмлэхүй олонх болсон МАН-ын  65 гишүүн сонгуульд гарахын тулд маш их мөнгө зарлагадсан. Сонгогчдоосоо ирж буй үй түмэн хүсэлт гуйлтыг шийдэх боломжгүй. Гэтэл Засгийн газарт байгаа хэсэг дээр концесс зэрэг их мөнгө “яригдаад” байдаг. Гомдлоо тайлсан.  Гишүүдийн буруу гэхээсээ манай сонгуулийн санхүүгийн систем өөрөө буруу учраас сонгогдсон шийдвэр гаргагчдыг үргэлж ийм төмөр хавханд оруулж байна.

-Ялсан намын дарга Засгийн газраа тэргүүлэх журам сүүлийн хоёр ч парламентад зөрчигдсөн. Иргэд хууль, дүрэм зөрчиж болохгүй улстөрчид намын дүрмээ зөрчиж болдог гэсэн тогтолцоо байх ёсгүй. Магадгүй эрх баригч намын дарга Засгийн газраа тэргүүлж, зөв хуваарилалт хийсэн бол өнөөдөр ЗГ огцрохгүй байх байсан болов уу?

-Үгүй байх. Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялагдсан бол “жинхэнээсээ” Засгийн газар огцрох шалтгаан болно. Улс төрийн сонгуульд Засгийн газар биш улс төрийн нам ордог. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагаа  намдаа тооцолгүй Монгол Улсын Засгийн газрын кабинеттэй яагаад эхэлж тооцсон шалтгааныг огцруулсан гишүүдээс асуух хэрэгтэй.

дэлгэрэнгүйг унших


 

 

О.Баасанхүү: Хулгайчийг барих амархан

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

-Засгийн газрыг огцруулах үндэслэлийг хэр зэрэг бодитой гэж та харж байна вэ?

-Засгийн газрын асуудал хэлэлцэх үед би эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаанд оролцож чадаагүй. Гэхдээ “Өдрийн сонин”-д өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Нам доторх эрх мэдлийн тэмцлээ УИХ-аар хагалсан гэж би харж байна. Яагаад вэ гэхээр Засгийн газрыг огцруулах гурван үндэслэл бол шалтгаан биш шалтаг. Тухайлбал, хүүхдүүдэд хууль зөрчиж мөнгө олгосон гээд байгаа юм. УИХ-ын 76 дотор хүүхдэд хайргүй гишүүн нэг ч байхгүй. Мөнгө л байхгүй болохоос. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан гэж байна лээ. Тэр нь Засгийн газарт ямар хамаатай юм бэ. Заавал ялах албатай ч биш. Аливаа сонгуульд нэг нь ялж, нөгөө нь ялагддаг. 

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар хэр зэрэг ажилласан бэ?

-Засгийн газар сайн ажиллаагүй. Үүнийг маш олон үндэслэлээр баталж болно. Тухайлбал, 60 тэрбумын асуудал байна. Парламентад байгаа 65 чинь бүгд ах дүү, хамаатан, садан, үр хүүхэд, найз нөхөд, сонгуульд ажилласан багийн хүмүүсээ энд тэнд ажилд оруулчихсан. Гэтэл Засгийн газрыг огцруулах үндэслэлд 60 тэрбумын асуудлыг дурдаагүй. Бас дэд сайд томилох шаардлага байгаагүй. Мөн Засгийн газарт итгэл хүлээлгэх асуудал хөндөөд сөрөг хүчний байр суурийг оруулж, хамтдаа өргөн барих ёстой байсан. Ардын нам түүхэнд анх удаа өөрийнхөө Засгийн газарт хариуцлага тооцож байгаагаа “гоё” гэж яривал ёстой утгагүй. 

-Засгийн газрыг 30 хоногийн дотор бүрдүүлэх ёстой гэсэн хуулийн заалт бий. Хуулийн хугацаанд амжих болов уу?

-Монгол Ардын нам Засгийн газраа бүрдүүлэхгүй юм шиг байна. Яагаад гэхээр Засгийн газрын тухай хуульд дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор бүрдүүлнэ гэсэн заалт байдаг. Гэхдээ 30 хоногийн дотор бүрдүүлэхгүй бол дараа нь хэн ч хариуцлага хүлээхгүй. 

-Олон улсын валютын сангийн гурав дахь хэлэлцээр болох гэж байна. Гэтэл Засгийн газраа огцруулчихсан байгаа нь гэрээ хэлэлцээрт нөлөөлөх үү?

-Гарын үсэг зурсан гишүүд чинь ОУВС-г хөөж гарга, хөрөнгө оруулагчдын мөнгийг Монголын банкаар дамжуул гэх мэт популист зүйл ярьсан. Валютын сан манайд хүчээр хөтөлбөрөө тулгаагүй. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахгүй, Хятадаас зээл авъя гэхээр 7-10 хувийн хүү санал болгодог. Монголчууд сөрөг хүчин, эерэг хүчин гэдгээс үл хамаарч эдийн засгийн бодлого нэгдмэл байгааг гадныханд харуулах ёстой. Гэтэл одоо Засгийн газар огцорч, эдийн засаг хямралтай байгаа үед улс орнууд зээлсэн мөнгөө яаж гаргаж авах вэ гэж бодож эхэлнэ. Тиймээс ОУВС арилжааны банкуудад үнэлгээ хийх гэж байгаа юм. Үгүй гэвэл тэд хөтөлбөрөө зогсоох эрхтэй.

Сая багш нар надтай уулзаад 1,6 сая төгрөгийн цалин авмаар байна гэж ярилаа. Яагаад гэхээр 500 мянган төгрөгийн зээл төлдөг, хувцас, хоол ундны мөнгө гээд тооцохоор 1,6 сая төгрөг болж байна гэсэн. Яах вэ Монголбанк мөнгө хэвлээд, цалин нэмж болно. Ингэснээр нэг талх 5000 төгрөг, нэг кг мах 40 мянган төгрөгөөр авдаг болно. Өөрөөр хэлбэл, инфляци өснө. Би хувьдаа багш нарын цаана ямар нэг өдөөн турхирсан зүйл байна уу гэж харсан. Тэдэнтэй хэвийн ярих гэхээр эсэргүүцээд, “Яг одоо өг. Та нарыг хулгай хийдгийг мэднэ” гэх мэтийн зүйл ярьж байна лээ. Тэгэхээр бухимдал, хямрал нүүрлэсэн үед тусгаар тогтнол, төр засгийн тогтвортой байдал бол нэг номерын шаардлага юм. Засгийн газраа хурдан бүрдүүлээсэй гэж би хүсч байна. Хэрэв Засгийн газраа бүрдүүлж чадахгүй бол гишүүдийн 2/3 кнопоор УИХ тарах хууль байна. Ингэхээр дахиад сонгууль явуулж, зөв хүчин гарч ирнэ. 

Дэлгэрэнгүйг унших

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж