“Барселона-1992” зуны олимпийн XXV наадмаас буудлагын төрлөөр хүрэл медаль хүртсэний 25 жилийн ой, Монголын эмэгтэй тамирчин анх удаа олимпийн медальтан болсон өдөрт зориулсан уулзалт, арга хэмжээ үргэлжилж байна.
Өчигдөр (2017.09.15) Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр, олимп, дэлхийн медальтнууд болох Марияа Гроздева (Болгар), Ясна Секарич (Серби), Нино Салуквадзе (Гүрж) нарын оролцсон “30 жилийн өрсөлдөөн, 30 жилийн нөхөрлөл” уулзалт “Туушин” зочид буудалд болсон юм.
Энэ үеэр алдарт тамирчдын өрнүүлсэн сонирхолтой яриаг түүвэрлэн хүргэж байна.
Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр
Олимпод анх оролцож, медаль хүртсэн үеийн дурсамж
-1992 оны Барселоны олимпод анх оролцож байлаа. Тэр үед сэтгүүл дээрээс нь хардаг байсан мундаг тамирчидтайгаа нүүр тулж, хамт галын шугамд зогсоно гэдэг надад их сүрдмээр байсан. Нино Салуквазе, Ясна Секарич хоёр маань миний сэтгүүл дээрээс харж биширдэг байсан тэр алдартай тамирчид. Харин Мария Гроздева миний адил анх удаа олимпод оролцож байсан. Тухайн үедээ Дэлхийн цом, бусад олон улсын тэмцээнд оролцож байсан ч яг том тэмцээний медалийн тавцанд зогссон нь олимпийн наадам байсан. Финалын буудлагад Нина, Ясна хоёр хоёулаа шалгарсан байлаа. Сүрдмээр… Яг финалд буудахад сэтгэл хөдлөл, дээрээс нь айх сүрдэх нийлээд гар их чичирч байсныг би тод санадаг. Тэр байдлаа бас энэ хоёрт, бусад тамирчдадаа харуулахгүй санаатай. Эхний 5 суманд 49 оноо авсан. Гайгүй байна аа. Дараагийн 5 сумаа буудахад өөрийгөө бүрэн төвлөрүүлж чадсан. Тэр тавхан сумыг буудах хугацаанд сэтгэл, зүрх, ер нь бүх зүйл л амаар гарчих шахсан, маш хүнд үе байсан. Гуравдугаар байрт орж, олимпийн хүрэл медаль хүртэх болсноо мэдээд, хязгааргүй их баярлаж байлаа.
Нино САЛУКВАЗЕ (Гүрж)
Нино Салуквазе олимпийн алт, мөнгө, хүрэл, ДАШТ-ий 6 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай. Олимпийн наадамд 8 удаа оролцсон. Гүржийн үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашдаг. Түүний аав дасгалжуулагч, бас хүү нь буудлагын тамирчин, гэр бүлээрээ үе дамжсан мэргэн буучид. Нино Салуквазе өнгөрсөн жилийн Рио-2016 олимпийн наадамд хүүтэйгээ хамт оролцсон юм. Ээж, хүү хоёр хамт олимпод өрсөлдсөн анхны тохиолдлын талаар тэрбээр ийн ярив.
-“Намайг тамирчин байх үед Гүрж их хүнд цаг үеийг туулсан. Тог цахилгаангүй, ер нь хэцүү байсан. Одоо бол тамирчид спортоор хичээллэж, амжилт гаргах бүх бололцоо дүүрэн байна. Хүү маань Риогийн олимпийн эрх авахдаа дөнгөж 18-хан настай байсан. Эрх олгох тэмцээний сүүлийн мөчид хүү маань яг л 10 оноо авах шаардлагатай болсон. Чадвал олимпийн эрх, чадахгүй бол оноо дутаж, эрхгүй үлдэх байв. Аав маань хүүд сайн зөвлөж, дасгалжуулсан учир тэр хоёр чадсан. Анх би ээж, хүү хоёр олимпод оролцсон эхний тохиолдол байсныг огт мэдээгүй. Түүний ч төлөө яваагүй. Гүрж улсдаа олимпийн нэг ч болов эрх авчрахын төлөө хичээсэн. Гэтэл Рио-Де-Жанейрод CNN гэхчлэн олон телевиз, мэдээллийн сувгийн сэтгүүлчид бид хоёроос ирж, ярилцлага авсан. Риод очоод л энэ тухай мэдэж байлаа. Олимпод би хүүгийнхээ төлөө л илүү санаа зовж байсан. Хүүг маань буудахад Гүржийн ерөнхийлөгч ирж, тэмцээн үзсэн. Гэхдээ би энэ тухай өөрт нь хэлээгүй. Би өөрөө ч хүүгийнхээ буудахыг үзэж чадаагүй. Бараг цагийн дараа бид хоёр ерөнхийлөгчтэйгөө уулзаж, танилцсан” гэж ярив.
Гүржийн алдарт тамирчин Нино Салуквадзе Риод олимпийн түүхийн хуудсанд хоёр шинэ түүх бичсэн юм. Эхнийх нь оролцсон олимпийн тоо. Өдгөө 47 настай Нино Салуквадзе 1988 оноос хойш 8 дахь наадамдаа оролцов. Түүнээс гадна 8 олимпод оролцсон өөр нэг тамирчин байдаг нь каноеч Жозефа Идем Гуеррини. Риогийн олимпод түүний хүү Цотне Мачавариани буудлагын төрөлд өрсөлдсөн нь ээж хүү хоёр их олимпод ирсэн анхны тохиолдол байв. Цотне Мачавариани 2016 оны Европын аваргад 6-р байр эзэлсэн, 18 настай Цотне Риод ээжтэйгээ хамт 50 метрийн гар буу, 10 метрийн хийн гар бууны дасгалд цэц сорьсон юм.
Тэрбээр мөн Монголд ирсэн сэтгэгдлээ,
-“Надад яг энэ үед гадагшаа явахад хэцүү цаг үе таарсан байлаа. Гэхдээ би Мөнхийн /Гавьяат тамирчин Д.Мөнхбаярыг хэлэв/ урилгаас татгалзаж үнэхээр болохгүй байсан. Улаанбаатар хотын тухай өмнө нь сонсч, уншиж байсан. Ингээд Монгол оронд ирсэн байгаадаа итгэж чадахгүй, их сайхан байна. Та бүхний, монголчуудын хүндэтгэл биднийг гайхашруулсан. Маш их баярлалаа” хэмээн хуваалцав.
Мария Гроздева (Болгар)
Зургаан удаа олимпийн наадамд оролцсон. Болгарын буудлагын холбооны ерөнхийлөгч. Тэрбээр Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын талаар сэтгэгдлээ хэлэхийг хүсч, нэгэн дурсамж ярьсан юм.
-“Мөнх бол хүнд байж болох хамгийн сайхан зан чанарыг агуулсан бүсгүй. Би найзаараа бахархдаг. 1998 онд Финляндад болсон Дэлхийн цомын тэмцээнд оролцохдоо би зургаан сартай, жирэмсэн байсан юм. Сэтгэл санааны хувьд бие давхар хүн тэмцээнд оролцохдоо бүр л эмзэг болчихдог. Тэр үед яг финалын буудлага эхлэхийн өмнө Мөнх над дээр ирж, хөөрхөн хоёр хүүхэлдэй бэлэглэсэн юм. Би бэлгийг аваад, үгээр хэлэхийн аргагүй баярлаж, яагаад ч юм улам өөртөө итгэлтэй, хүчтэй болчихсон. Тэр тэмцээнд би түрүүлж, аварга болсон. Миний сэтгэлийг аваргын хүчтэй болгосон хүн нь миний найз Мөнх байсан. Тэр ийм ухаантай, маш мэдрэмжтэй, шилдэг найз.
Дэлхийн хамгийн алдартай, хамгийн олон олимп, дэлхийн медальтай эдгээр тамирчид бүгд олимпийн наадамд улсын тугчийн үүрэг хүлээж байжээ.
Нино Салуквазе: Би “Лондон-2012” олимпийн наадмын тугч. Лондонгийн олимпийн эрх хүртсэн анхны тамирчин байсан болохоор хүмүүс надад энэ үүргийг хүлээлгэх хүсэлтэй байсан. Олимпийн нээлт 5 цаг орчим үргэлжилдэг. Маргааш нь би тэмцээнтэй гээд хэцүү байх гэж бодож байсан ч эсрэгээрээ би огт ядраагүй. Би 15 минутад л туг барьсан. Надад энэ нь нэр төрийн хэрэг байсан.
Ясна Секарич: Би 1988 оны олимпиос алт, хүрэл медаль авсан учир 1992 оны олимпод тугч болно гэж бодож байлаа. Гэтэл надад 2008 оны Бээжингийн олимпод л тугч байх боломж олдсон. Энэ нь ч надад их билгэшээлтэй санагдсан. Учир нь өмнөх 5 олимпод оролцохдоо бид өөр өөр далбаан дор жагсаж байсан бол Бээжингийн олимпод анх Серби улсынхаа нэрийн дор оролцсон. Улсаа төлөөлж, тугч болно гэдэг хамгийн нэр хүндтэй үүрэг.
Мария Гроздева: Би 2004 оны Афины олимпийн наадамд туг барьсан. Тамирчдын дунд ийм яриа байдаг. Тугч болсон хүн бэртэж гэмтдэг, эсвэл тэмцээнээсээ медаль авдаггүй гэсэн. Бүр үүнийг судалгаатай гэж хэлдэг. Тухайн үед тугч болох уу гэж таван ч тамирчинд санал тавьж, манай бусад тамирчид бүгд татгалзсан байсан. Нээлтийн өмнөх өдөр надад энэ санал ирсэн. Би юун татгалзах, харин ч бүр баярлаж, далавч ургасан мэт л санагдсан. Мэдээж зөвшөөрсөн. Нээлтэд улсынхаа тугийг барь гараад, дараа нь тэмцээнээсээ медаль авч, дахин мандуулна даа гэж бодож, гарсан. Би чадсан. Афины олимпиос би алт, хүрэл медаль хүртсэн. Тамирчдын дунд байдаг тэр буруу бодлыг би тас цохисон.
Та бүхэн дараагийн олимпийн наадамд оролцох уу?
Уулзалтад ирсэн хүн бүрийн сонирхлыг татсан энэ асуултад тэд дараах хариултыг өглөө.
Нино Салуквазе: Олимпийн маргааш өдрөөс л үргэлж би өөрөөсөө болон хүмүүс надаас энэ асуултыг асуудаг. Би найман олимпод оролцсон байна. Токиогийн олимп болтол хугацаа байсан. Залуу, шилдэг тамирчид гарч ирж байгаа. Тэднийгээ дэмжих хэрэгтэй. Гэхдээ би оролцохгүй гэж бас хэлмээргүй байна. Юу болохыг харж л байя.
Ясна Секарич: Би өнгөрсөн жил зодог тайлсан болохоор идэвхтэй тамирчин биш болсон. Одоо гэр бүлдээ анхаарал тавьж, сайн дасгалжуулагч болохоор хичээж байна. Токиогийн олимпод дасгалжуулагчийн хувиар оролцох хүсэлтэй байгаа.
Мария Гроздева: Бурхны авралаар буудлагын спортоор олон жил хичээллэж болдог. Бурхны авралаар манай спорт бэртэл, гэмтлээс хол. Би 11 настайгаасаа буудлагаар хичээллэсэн. Салж чаддаггүй. Одоо ч тэр. Мэдээж, цаг хугацаа намайг холдуулах л байх. Гэхдээ би Токиогийн олимпод оролцох хүсэлтэй байгаа. Мэдээж намайг ор ор гээд зүгээр урихгүй. Би бэлтгэлээ хангаж, эрхээ авч, олимпод очихын төлөө үргэлжлүүлэн хөдөлмөрлөх болно.
Санаачлан зохион байгуулагч:
- “S-Sport Mongolia” Төрийн бус байгууллага
- Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
Дэмжигч, ивээн тэтгэгч
- ‘Нью Прогресс’ групп