УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаараа өнөөдөр Удирдах зөвлөлөөс тогтоосон Бага хурлын талаар, мөн Засгийн газрыг байгуулахад ямар зарчим барих вэ гэдгийг ярилцжээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дэд дарга нарынхаа хамтаар мэдээлэл хийлээ.
МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлыг есдүгээр сарын 25-нд хуралдуулахаар тов зарласан. Уг бага хурлаас Ерөнхий сайдыг тодруулна. Үүний дараагаар буюу ирэх аравдугаар сарын эхээр УИХ-аар Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг байгуулж ажиллахаар зарчмын шийдэл гаргасан гэдгийг онцоллоо.
Мөн Засгийн газрыг бүрдүүлэхэд тавигдах шалгуурын талаар бүлгийн гишүүд санал олныг хэлсэн аж. Иймээс дээрх саналыг Бага хурал дээр анхаарах даалгаврыг намын дарга нь авчээ.
Бүлгийн гишүүдийн хувьд санал нийлсэн бас нэг асуудал нь урагшаа харж ажиллая, эе эвээ хичээж ажиллах нь зөв гэж үзжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Г.ДАРЬ