Хоёр саяын байр залилан уу, боломж уу?

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Хоёр саяын байр залилан уу, боломж уу?

Өчигдөр өглөө ОХУ-ын баруун хэсгийн Сибирьд Тюмень болон Ханты-Мансийск хотуудын хооронд орших газрын тосны тунадас боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болсоноос томоохон гал түймэр гарсан байна.

Иргэдийг хүүгүй зээлээр орон сууцжуулах зорилготой гэх ашгийн бус саналыг хуульч, эдийн засагч залуучууд нийлэн байгуулжээ. Тэд байртай болох хүсэлтэй ч бэлэн мөнгөний боломжгүй иргэдэд хүүгүй зээл өгч байртай болгох гэнэ. Энэ зээлд хамрагдах сонирхолтой иргэн эхлээд хоёр сая төгрөгийг тус сангийн Төрийн банкны 100900438891 тоот дансанд байршуулах гэнэ. Дараа нь бэлэн мөнгө тушаасан баримт авчрахыг шаардаж байгаа аж. Тус сангийн оффис Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, И-мартын хойно, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 206 тоот байрладаг. Дансанд мөнгөө байршуулсан хүмүүс баримтаа авчраад  гэрээгээ байгуулж болохыг “Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан”-гийн захирал Э.Батсүх ярьж байна. Одоогоор 38 иргэн тус сангийн дансанд хоёр сая төгрөгөө тушаажээ. Тэдний мөнгө нийт 76 сая төгрөг болсон байна. Тус сангийн үйлчилгээнд хамгийн түрүүнд хандсан иргэн есдүгээр 20-ны дотор багтаж байртай болохыг ч дуулгав.

"Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан"-гийн захирал Э.БАТСҮХ

 “Хэр олон хүн манайд хандаж хоёр сая төгрөгөө тушаана, төдий чинээ богино хугацаанд олон иргэн байртай болох боломжтой. Хоёр сая төгрөгөө тушаасан иргэд өөрсдөө хаана, ямар хэмжээтэй, ямар барилгын компанийн барьсан орон сууцыг худалдан авахаар сонгосноо бидэнд хэлнэ. Үүний дагуу бид тухайн барилгын компанитай нь хэлэлцэж, сангийн дансанд төвлөрсөн иргэдийн мөнгөнөөс авч худалдан авна. Гол нь тухайн иргэний авах орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ буюу ордер нь манай сангийн нэр дээр гарна‘ гэж Э.Батсүх хэлсэн юм.

Гэрээнд заасны дагуу сонгосон байраа авсан иргэн үлдэгдэл мөнгөө 8.4 жилийн хугацаатай эргэн төлөх гэнэ. Эргэн төлөхдөө ямар нэгэн хүү төлөхгүй юм байх. Гэхдээ санд хуримтлагдсан хөрөнгөөс төлбөрөө гаргуулсан иргэд худалдан авсан байрныхаа үнийн дүнгийн таваас доошгүй хувьтай тэнцэхүйц мөнгийг нэг удаагийн буцалтгүй хандив болгож санд өгөх ёстой аж. Мөн барилгын компаниудад байрныхаа мКв-ын үнийг бэлнээр худалдан авч буй тул зах зээлийн ханшаас буулга гэсэн шаардлага тавих бололтой. Хууль, журмын дагуу барилга нь баригдсан, бичиг баримт нь гарсан байрнаас сонголтоо хийхийг иргэдэд санал болгож байгаа аж. 

“Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан”-д итгэж, хоёр сая төгрөгөө төлсөн иргэдийн эхнийх нь үнэтэй байр авбал араас нь бүртгүүлсэн иргэдийн байрны мөнгө бүрдэх хугацаа уртсаж, удаан хугацаанд хүлээх эрсдэлтэй гэдгийг сангийн захирал Э.Батсүх анхааруулав.

Харин түүний энэ бизнесийг залилан байх вий гэж болгоомжилж байгаа хүмүүс нийгмийн сүлжээнд цөөнгүй байна. Өөрөөр хэлбэл, ‘Жи тайм’-ын хохирогч шиг мөнгө ч үгүй, байр ч үгүй хоцорч магадгүй эрсдэл бас хүлээж буйг анхааруулахад гэмгүй биз. Хоёр сая төгрөгөөр байртай болно гэсэн зар залилан байж болох уу гэсэн асуултад Цагдаагийн ерөнхий газраас ‘Одоогоор тус санд залилууллаа гэж нэг ч иргэн гомдол гаргаагүй’-г мэдээлсэн бөгөөд хуулийнхан тус сангийн үйл ажиллагааг шалгаагүй гэдгээ хэллээ.

“Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан”-гийнхан Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/, Хууль зүйн дотоод хэргийн яам, Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг төрийн байгууллагад хамтран ажиллах санал хүргүүлжээ. Эдгээрээс БХБЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнүүд  ‘Асуудлыг судалж үзье’ гэсэн хариу өгсөн байна. Харин нөгөө хоёр газраас одоогоор албан ёсны ямар ч  хариу өгөөгүй гэнэ.

“Иргэдийг хүүгүй зээлээр орон сууцжуулах” хөтөлбөрийн талаар БХБ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Мөнхбаяраас тодруулахад, “Энэ талаар ямар ч мэдээлэл аваагүй, хамтран ажиллах саналтай нь ч танилцаагүй, ямар нэгэн хамтарч, дэмжин ажиллах албан шийдвэрийг гаргаагүй. Манай яамнаас гарах шийдвэр сайдынх нь гарын үсгээр баталгаажих ёстой. Сонсоход хэрэгжих ямар ч боломжгүй ажил. Олон улсад ийм жишиг байгаагүй” гэв. Ийнхүү хоёр саяар иргэдийг байртай болгоно гэсэн сонсоход хялбар, итгэхэд хэцүү бизнес бодит боломж уу, эсвэл бас нэгэн ‘гоё’ залилан уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж