АНУ-д хууль бусаар амьдарч буй цагаачдын 800 мянган хүүхдийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй байна. Учир нь сайн сайхан амьдрал мөрөөдөж очсон цагаачдын хүүхдүүдийг хэрхэх тухай асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, хууль тогтоогчид Цагаан ордны өндөр албан тушаалтнууд санал зөрөлдөж, маргалдсан хэвээр байна.
Доналд Трамп “Мөрөөдөгчид” гэх тодотголтой цагаачдын хүүхдүүдийг нийгмийн хамгаалалтад авах тухай асуудлыг дахин сөхөх дургүй байгаа бол Ардчилсан намын лидерүүд цагаачдын хүүхдүүдийг хамгаалалтад авч, иргэншил олгох хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар ерөнхийлөгчтэй зөвшилцсөн гэж үзэж байгаа юм.
Сенат дахь Бүгд найрамдах намын гишүүд АНУ-д хууль бусаар очсон цагаачдын хүүхдүүдийг хамгаалах хөтөлбөрийг цагаачлал, хилийн хяналт, албадан гаргахтай холбоотой асуудлын адил авч үзэх хэрэгтэй гэжээ.
Уг асуудлаар Конгресс хуулийн төсөл батлахын өмнө Доналд Трампын засаг захиргаанаас зөвшөөрөл хүлээж байгаа гэнэ. Харин Цагаан ордон Конгрессын шийдвэрийг харж байна.
Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Доналд Трамп цагаачдын хүүхдүүдийн нийгмийн халамжийн хөтөлбөрийг зогсоож, “мөрөөдөгчид” статусын хугацаа дуусгавар болохын өмнө хуулийн төсөлд өөрчлөлт оруулахад Конгресст зургаан сарын хугацаа өгсөн билээ. Доналд Трамп цагаачдын хүүхдүүдийн асуудал нэгэнт шийдэгдсэн гээд АНУ-Мексикийн хил дээр хана босгохоор амласан амлалтаа удахгүй биелүүлнэ гэжээ.
Орчуулсан Н.Энхтуяа
Эх сурвалж: AP