Хүүхдүүд томчуудаас хайр нэхэж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд томчуудаас хайр нэхэж байна

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа үүрэн телефоны оператор ХХК-ын удирдлагуудыг хүлээн авч уулзжээ.

Нийслэлийн 47 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ганчимэг

“Бид ээж, аавдаа эрхэлж, тэдэнтэй ярилцмаар санагддаг. Гэвч “ядаргаатай юм бэ, завгүй байна. Том болчихоод, эрхлэх гээд байгаа юм уу” гэсэн үгс бидний сэтгэлийг гонсойлгодог. Ээж аавууд маань бидэнд цаг гаргаж, найз шиг минь байгаасай гэж хүсдэг” тухайгаа Нийслэлийн 47 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ганчимэг ярилаа.

Ахлах ангийн сурагчид мэргэжлээ сонгох том давааны өмнө ирэхэд эцэг эхчүүдийг хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг үгүй хийн, сонголтыг нь эсэргүүцэж, өөрсдийн бодлоо тулгадаг. Хүүхэд бидний мөрөөдөл ээж, аавуудаас өөр байж болно шүү дээ гэж хэвлүүлэн ярих тэрбээр гэр бүлээсээ халуун дулаан хайр халамж хүсч явдгаа нуусангүй.

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүүхэд хамгааллын аян, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран “Эцэг эхчүүдийн үндэсний зөвлөгөөн”-ийг Монголын хүүхдийн ордонд зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөнөөр хүүхэд хамгаалал, хүүхдийн хүмүүжлийн асуудлаар томчууд хүүхдүүд хамтдаа үгүйлэгдэж байгаа хайр, тулгамдаж буй асуудал, хоорондын харилцаанд гарч буй алдаа дутагдлын талаар ярилцсан юм.

Өсвөр насны хүүхдүүдийн хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн асуудалд томчуудын зөвлөгөө дутагдаж байгаад хүүхдүүд сэтгэлээ уудалж, өөрийнхөө үе тэнгийн туршлагагүй найзуудаас зөвлөгөө авсны улмаас алдаж, эндэх тохиолдол гардаг талаараа ярьж байна.

Хүүхдүүд буруу зүйл хийснийхээ төлөө зодуулж, цохиулж шийтгэл амсмааргүй байна. Биднийг хайртай шүү, баярлалаа, уучлаарай гэхэд эцэг эхчүүд “яасан хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм, хичээл дээрээ муу авчихсан уу, ямар буруу хэрэг хийв” гэдэг. Эдгээр үгсийг сонсохыг хүсэхгүй байна. Бидэнд гэр бүлийн халуун дотно уур амьсгал, халамж анхаарал, найз шиг зөвлөгч дутагдаж байгааг ээж, аавууддаа хүүхдүүд илэн далангүй хэлж байна.

Дөрвөн хүүхдийн аав Б.Хүрэлсүх

Дорнод аймгаас хүрэлцэн ирсэн, дөрвөн хүүхдийн аав Б.Хүрэлсүх “Би дөрвөн хүүхэдтэй, манай гэр бүл удахгүй шинэ хүнтэй болно. Эхнэр бид хоёр хүүхдийнхээ хүмүүжилд зарцуулах цаг хугацаа богино байдаг. Манай том хүү арванхоёрдугаар ангид сурдаг. Хүү маань хааяа хоол хийж, дүү нараа асардаг. Хүүхдүүд маань хичээл сурлагаар хоцрох тохиолдол ч гардаг. Гэсэн ч үр хүүхдээ эрүүл саруул, дутагдаж гачигдах зовлонгүй өсгөхийн төлөө бид хоёр зүтгэж байна” гэв.

Сэтгэлзүйч Г.Наранбаатар

Хүүхдүүд томрохын хэрээр эцэг, эхчүүдээсээ асуудлаа нуудаг, тэднээсээ “холддог” юутай холбоотой вэ гэдэгт сэтгэл зүйч Г.Наранбаатар дүгнэлт хэлсэн юм.  “Амьдралын гол утга учир гэр бүл гэж хүн бүр ярьдаг. Гэтэл гэр бүлийн боловсрол хаана ч алга. Нийгэмд сэтгэл зүйн боловсрол дутагдаж байна. Олон улсад сэтгэлзүйн зөвлөгөө үнэгүй авах бүхий л боломжийг гаргаж өгдөг. Гэтэл манайд эсрэг байдаг. Би Говь-Алтай аймагт ажиллаад ирлээ. Өсвөр насны гурван хүүхэд пиво уусан талаар надад ярьсан. Яагаад гэхээр тэдний шүтдэг сагсан бөмбөгчин пивоны рекламд тоглосон байгаа юм. Тэр нь хүүхдэд нөлөөлж, пиво уух сэдлийг төрүүлсэн байдаг. Ингэхлээр эцэг эхчүүд хүүхдийнхээ үзэж харж байгаа зүйлд анхаарал хандуулах ёстой.

Хуучин цаг зөвхөн эцэг эх, багш нар хүүхдийг хүмүүжүүлнэ гэсэн хандлага давамгайлдаг байсан бол одоо реклам сурталчилгаа, мэдээ мэдээлэл, фэйсбүүкийн хэрэглээ хүмүүжилд нөлөөлж байгааг тэрбээр шүүмжлэв.

Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга С.Болормаа

Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга С.Болормаа “Сошиал орчин хүүхдийн хүмүүжилд ихээхэн нөлөөлж байна. Тиймээс сурагчдын гар утасны хэрэглээг хянаж байхыг багш нарт анхааруулдаг. Сургуулийн орчинд гар утас хэрэглэхгүй байгаа ч гэртээ телевиз үзэх, фэйсбүүк хэрэглэхийг хянах боломжгүй. Иймд эцэг эхчүүд анхаарах шаардлагатай байна” гэлээ

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх

Төрийн байгууллага хүүхдийн хүмүүжлийн асуудлыг олон жил орхигдуулсан учраас өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулах болсон талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх яриад “Өсвөр насныхан үйлдэж байгаа гэмт хэрэг, зөрчил нь  гэр бүлийн хүмүүжилтэй салшгүй холбоотой. Тухайн хүүхэд хаана юу хийж байгаад хяналт тавих нь эцэг эхийн үүрэг. Энэ үүргээ ухамсарлаж үр хүүхдээ хайраар дутаахгүй, найз нөхөд шиг байхыг уриалах нь өнөөдрийн зөвлөгөөний гол зорилго юм” гэв.

Гэрэл зургийг Ц.Ариунболд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж