Багш нар сарын цалингаа нэг сая 600 төгрөг болгохыг шаардаж байгаа билээ. Хэрэв шаардлагад нь хариу хэлэхгүй бол ажил хаялт зарлахаараа ч ‘айлгах’ болсон. Харамсалтай нь, багш нарын асуудлыг шийдэх засаг, энэ асуудлыг анхааралдаа авах сайд алга.
Ийнхүү цалингаа голж байгаа багш нарын өмнө ‘танд багшлах ёс зүй, ур чадвар бий юу’ гэсэн асуулт тавигдаж байна. Та шавь нартаа болон бусдад энэрэнгүй, хүнлэг байж зөв үлгэрлэл үзүүлж чаддаг уу. Энэ асуулт өнөөгийн бүх багш нарын өмнө цалинтай холбогдож тавигдахаас өөр аргагүй.
Багш хүн яагаад энэрэнгүй, хүнлэг байж, зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстойг Монгол Улсын Багшийн их сургуулийн доктор, профессор багш Ш.Ичинхорлоо тайлбарлахдаа “Багш нар улс эх орныхоо ирээдүйг бэлтгэдэг. Шавь нарт нь багшийн үг, үйлдэл болгон чухал. Учир нь, хүүхдүүд багшийгаа дуурайх нь бий. Багш их сайхан мэргэжил боловч оюуны маш хүнд нөхцөлд ажилладаг. Миний хувьд багш хүн мэргэжлийн ёс зүйгээ ямар байгааг өөрөө судалж, үнэлэх арга зүйг боловсруулсан. Энэ арга зүйгээр тухайн багш мэргэжлийн ёс зүйгээ үнэлж, цаашдаа юун дээр анхаарах вэ гэдгээ олж харах боломжтой юм. Ер нь багш хүн ёс зүйтэй байх эсэхийн 70-80 хувь нь өөрөөс нь шалтгаалдаг. Харин үлдсэн хувь нь нийгмийн бусад хүчин зүйлээс шалтгаалж байдаг” гэв.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2016-2017 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн. Мөн сургуулиудад хичээлийн шинэ жил бэлтгэл ажилтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулжээ.
Ерөнхий боловсролыг эзэмшүүлэх, багш нарын харилцаа ёс зүй, ур чадварыг шалгах хяналтын хуудас буюу асуумжийг багш нараас асуусан байна. Уг асуумжаар багш мэргэжилтний 70 хувь нь дунд эрсдэлтэй, 20 хувь нь бага эрсдэлтэй, бусад хувь нь их эрсдэлтэй гэсэн эрсдлийн үнэлгээ гарчээ.
Мөн хувийн дунд сургуулиуд тусгай зөвшөөрлөө авахдаа шаардлага хангаагүй, анги, бүлэг дүүргэлт багатай. Тухайн сургууль, цэцэрлэгийг үүсгэн байгуулагч нь мэргэжлийн бус хүн байх, зарим нь багшлах эрхээ аваагүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.
Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч С.Лхагвадулам “Манай байгууллагад ирж байгаа гомдлын ихэнх хувийг багшийн ёс зүйн асуудал эзэлдэг. Багш хүүхэдтэй харилцах харилцаа муу байна гэх ч юм уу эсвэл тухайн багшийн зан араншин, төлөвшил, эзэмшсэн мэргэжлээ сайн ойлгоогүйтэй холбоотойгоор ёс зүйн зөрчлүүд илэрдэг. Тиймээс энэ удаа багшийн ёс зүйн зөрчлүүд дээр тулгуурлан багш хүн хэн байх ёстой талаар сургалтын менежерүүдэд сургалтыг зохион байгуулж байна” гэв.
Энэ удаагийн сургалтад Дундговь аймгийн Адаацаг сумын сургуулийг төлөөлөн М.Намжилсүрэн багш оролцож байгаа бөгөөд сумынхаа сургуульд 20 гаруй жил биеийн тамирын багшаар ажиллажээ. “Хөдөө орон нутгийн Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн бус багш нар олон байдаг. Гарын дүйтэй, политехник төгссөн хүнээр технологийн багшаар ажиллуулж байх жишээтэй. Би энэ асуудалд их шүүмжлэлтэй ханддаг. Мөн орон нутгийн сургууль багшилж буй мэргэжилтнүүдийн дийлэнх хувь нь эмэгтэй хүмүүс байдаг. Манай сургуулийн хувьд нийт 25 багш мэргэжилтэнтэй. Тэдний зөвхөн гурав нь эрэгтэй багш байдаг” тухай М.Намжилсүрэн багш ярилаа.
Нийслэлийн хэмжээнд багшийн ёс зүйн хоёр зөрчил илэрчээ
Сүүлийн жилүүдэд мэргэжлийн бус, багшлах эрхгүй багш нартай холбоотой зөрчил буурч байгаа. Харин их, дээд сургуулиудад багш мэргэжлээр хангалттай боловсон бэлтгэгдэж байгаа ч оюутнууд багшлах эрхийн шалгалтдаа тэнцэхгүй байна. Тиймээс багшлах эрхээ авч чадахгүй зөрчил буурахгүй байгааг улсын байцаагчид хэлж байв.
Энэ жил нийслэлийн хэмжээнд багшийн ёс зүйтэй холбоотой хоёр гомдол гарсан байна. Багшийн ёс зүйн гомдлын дийлэнх хувийг хүүхдийг хэтэрхий загнах, нэр усаар нь доромжлох, олны өмнө загнах зэрэг хүүхэдтэй харилцах харилцаатай холбоотой зөрчил эзэлдэг байна.
Таван цэцэрлэг, таван сургууль нээлтээ хийж чадаагүй байна
Жил бүр Ерөнхий боловсролын сургуулиудад хичээлийн шинэ жил бэлтгэл ажилтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг мэргэжилтнүүд хийдэг. Мэргэжлийн хяналтын газрын шалгалтад нийт 72 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 37 сургуулийг хамруулсан байна. Энэ жилийн шалгалтаар сургуулиудын гадна барилгын урсгал засварын хог хаягдлаа ил задгай байрлуулах зөрчил илэрчээ.
Мөн энэ жил төрийн өмчийн таван цэцэрлэг, таван сургууль хичээлийн шинэ жилд багтан нээлтээ хийж чадаагүй гэнэ. Учир нь тус сургууль, цэцэрлэгийн барилгын явц дуусаагүй байгаа бөгөөд зарим нь ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр ажиллаж байгаа талаар мэргэжилтнүүд хэллээ.
А.Сүрэн
Гэрэл зургийг Э.Энхбат