Шүлхийг анхаарах төр байдаггүй ээ!

Хуучирсан мэдээ: 2017.09.15-нд нийтлэгдсэн

Шүлхийг анхаарах төр байдаггүй ээ!

“ТВ5” телевизээс зохион байгуулж буй “Ододтой бүжиглье 2” шоуны ялагч өчигдөр “i Loft function house”-д тодорлоо.

Засгийн газрын халаа сэлгээ, улс төр тойрсон хэрүүл шуугиан, талцал, зодооны дуулиан дор мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин чимээгүй тахал адил түгж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт шүлхий өвчний хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж, 200 шахам үхэр устгаад байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-Урт, Түмэнцогт, Баяндэлгэр, Дарьганга, Түвшинширээ сум, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сум, Хэнтий аймгийн Норовлин, Батноров, Баянхутаг, Галшар, Хэрлэн сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Эрдэнэ, Алтанширээ сум, Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сум зэрэг гурван аймгийн 21 суманд оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Зөвхөн энэ жил л гэхэд шүлхийн улмаас 6000 гаруй мал, амьтныг устгаж, өвчин дэлгэрсэн нутгийн малд вакцин тарьсан хэдий ч шүлхий улам бүр газар авсаар байна.

Мал, амьтан төдийгүй хүнд ч халддаг олон улсын хэмжээнд А зэрэглэлийн халдварт өвчнөөр бүртгэгдсэн шүлхий өвчин манай улсын хувьд аюулын харанга дэлдэж эхэлжээ. Шүлхийгээр өвчилсөн ганцхан мал, амьтан байхад л хавь орчныхоо нутаг дэвсгэрийн дархлалгүй бүх малыг өвчлүүлдэг төдийгүй шүлхийн вирус үхэр, хонь, гахайн сүрэгт түргэн хугацаанд тархдаг учраас түүний аюулыг хуурай өвсөнд гарсан түймэртэй адилтгадаг. Шүлхийн вирусийн бас нэг онцлог чанар бол түүний гадаад орчинд удаан хугацаагаар амьдарч, хол зайд тархдаг чадвар юм.

Манай улсад тархаад байгаа шүлхий намжихгүй улам бүр газар авч байгаа нь ердөө л жишээ аж. Одоогоос хэдэн жилийн өмнө  Францад гарсан  шүлхийн вирус агаараар дамжин явсаар Ла-Маншийн хоолойг гаталж, 90 гаруй километрийн зайтай орших, Англи улсын нэгэн аралд хүрч халдвар тарааж байсныг тэмдэглэсэн байна.

Гоц халдварт шүлхий өвчин дэгдсэн улс орноос мал, мах экспортлох нь бүү хэл иргэдээ зорчих, аялахыг ч хориглодог улс орон олон бий. Учир нь, шүлхий мал, амьтны өвчин төдий биш юм. Эдийн засгийн хувьд асар их хохирол дагуулдаг. 1997 онд Тайваньд гахайн шүлхий өвчин дэгдэхэд 6000 гаруй ферм өртөж, дөрвөн сая гаруй гахайг устган, 21 сая тун вакцин хэрэглэсэн бөгөөд энэ бүхэнд 378,6 сая ам.доллар зарцуулжээ. Тус улсын эдийн засгийн хохирол үүгээр хязгаарлагдаагүй. Гадаадад экспортлох ёстой байсан гахайн махыг үйлдвэрлэж чадаагүйгээс 1,6 тэрбум долларын алдагдалд орж, гахайн аж ахуй болон үйлдвэрт ажиллаж байсан 65 мянга  гаруй хүн ажлын байраа алдсан гашуун түүх байдгийг мал эмнэлгийн мэргэжилтнүүд онцолж байна.

Европын зарим оронд шүлхийтэй малын сүү уусан хүнд уг өвчин халдварласан гэж тэмдэглэснийг ч анхаарахгүй өнгөрөх аргагүй юм. Хүн өөрөө өвдсөн нь цөөн ч олонх тохиолдолд шүлхийн вирусийг дамжуулан тараагч эх сурвалж болдог ажээ. Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн шүлхий өвчний дэгдэлтийн 43 хувийг хүн дамжуулан тараасан гэж нотлогджээ. Гэтэл манай улсад халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэм тун хангалтгүй мөрдөгдөж байна. Шүлхийн вирус хүний хувцсан дээр гурван  долоо хоног амьд байдаг учраас тухайн хүн энэ хугацаанд очсон газар бүхнийхээ малд өвчин халдааж чадна. Гэтэл Нарангийн голд шүлхий гарах үеэр гэрээсээ хол хөл хорионд орсон хүмүүс элдэв шалтаг тоочсоор хотод орж ирсэн. Тэдгээр хүмүүсээр дамжин Сонгинохайрхан дүүрэгт шүлхий дэгдсэн байхыг үгүйсгэх аргагүй.

Энэ онд манай улсад гарсан шүлхий өвчний хоёр төрлийн халдвар нь БНХАУ, ОХУ-аас орж ирсэн байх магадлалтай төдийгүй урьд өмнө манай улсад бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн вирусээр халдварласан болохыг Улсын мал эмнэлгийн мэргэжилтэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 2012, 2014 онд Энэтхэг, Бутан, Непалд гарч байсан шинэ төрлийн халдвар нь 2016 онд ОХУ-д гарч байжээ. Дорнодтой хил залгаа нутагт гарсан тэрхүү шинэ төрлийн шүлхий Дорнодоор дамжин орж ирсэн байх магадлалтайг мэргэжилтнүүд хэлж байна.

Түүнчлэн энэхүү шинэ төрлийн шүлхий нь урьд өмнө хэрэглэж байсан вакцинд дархлаа тогтдоггүй аюултай юм байна. Манай улс шүлхийн эсрэг вакциныг дотооддоо үйлдвэрлэдэггүй бөгөөд Энэтхэгээс оруулж ирсэн вакцин тариулсан мал өвчлөөд байсан учир нь энэ ажээ. Тиймээс нэн түрүүнд ОХУ-аас авахаар захиалсан 4.1 сая тун вакциныг өөрчилж, шинэ төрлийн халдварт тохирох вакциныг захиалах ажлыг хамгийн түрүүн хийх хэрэгтэй байгаа юм. Учир нь, Монгол Улсын 21 аймгийн наймд нь сүүлийн гурван жилд шүлхий өвчин олон давталттайгаар бүртгэгдсэн бол энэ жил нийслэл хотын суурьшлын бүсэд шүлхий өвчин гараад байна. Улсын Мал эмнэлэг, үржлийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн тандалт шинжилгээгээр шүлхий давтамжтай гарсан болон шүлхийгүй аймгуудын  жагсаалтыг гаргажээ.

Энэхүү жагсаалтад орсон шүлхий өвчин удаа дараа гарсан газруудыг онцгойлон анхаарч урт хугацааны хорио цээр тогтоох, үгүйдээ л мах нийлүүлэлтийг зогсоохын дээр ариутгал халдваргүйтлийг онцгойлон анхаарах цаг болжээ. Гэвч үүрэг гүйцэтгэгч Засгийн газар, салбарын яамныхан энэ зүгт хэр анхаарахыг хэлж мэдэхгүй юм. Олон улсын А зэрэглэлийн халдварт өвчин болох шүлхийд анхаарлаа хандуулахгүй бол  худалдаа, аялал жуулчлалын хорио цээрт орж мэдэхээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж